"Оюу толгойн 34 хувийг иргэддээ авч өгөхгүй бол дарга нарын гоёл болж, ард түмэн ядуурна"
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд олгох ёстой гэх агуулгаар дараах байр суурийг илэрхийллээ.
Ингэхдээ "Татвар бууруулж байгаа гэж ярьж байгаа боловч татвар, торгууль төлбөрийг нэмэх зүйл рүү Засгийн газар улайран явах нь их тодорхой болсон. Маш том дарамт болно. Жишээлбэл, хөдөө орон нутагт явахад цагдаа нар машин буудаад торгоод байна. Энэ нь сүүлийн үед тоо, нормтой болсон.
Хэдэн машин торгож, хэдэн төгрөгийг улсын төсөвт оруул гэж байна. Улаанбаатар хотын цагдаа нарыг хотоос гаргаж, торгуулийн ажил хийлгэдэг зүйл рүү алхаж байна. Ганцхан жишээ дурдахад л энэ. Нуугдаж байгаад торгох буудалтаа хийж байна, бүр газар хэвтчихсэн, машиндаа нуугдчихсан ч байх шиг. Яагаад тэгж байна гэхээр хүмүүсийн хурдыг сааруулах зорилготой биш, хүмүүсийг торгож, төсөвт мөнгө олж ирэх зорилготой. Цаашаа улам хүрээгээ тэлнэ. Төсвийн үрэлгэн байдал нь цөөхөн хэдэн дарга, түүнийг хүрээлэгчдийн аж амьдралын төлөө бусад нь асар өндөр төлбөр төлдөг болно.
Ингэснээр эдийн засгийн идэвхжил алга болно. Бизнес хийх, ажил хийх сонирхол алга болно. Үүний үр дүнд нь гаднаас баахан ажилтан авдаг болж байна. Гаднын ажиллах хүчийг бүх төлбөрөөс нь чөлөөлчихсөн шүү дээ. Сая Завхан аймагт саяхан очиход хөдөөгийн гуанзанд гадаад хүмүүс 3-4-өөрөө тогооч хийж байна. Монгол хүнээ торгодог, хяхдаг, ажил хийх сонирхолгүй болгоод ажил хийх орон зайг нь гадаад хүмүүст гаргаж өгдөг. Барилга, үйлчилгээ гээд бүх салбарт нэвт орлоо. Монголчууд юу хийж амьдрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Төсвийн үрэлгэн байдлыг бий болгосны үр дагавар юм.
Бид хэлж шүүмжлэхээс илүүг хийх боломж алга. Иймд "Оюу толгой"-н ногдол ашгийг монгол хүнд өг гэдэг шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол санаачилж байна. Би болон манай намынхан үүнд гарын үсэг зурж, Ардын намын гишүүд ч оролцоод явна гэж итгэж байгаа.
УИХ-ын тогтоол гаргаж нэгдүгээрт ард түмэндээ өгнө. Хоёрдугаарт "Оюу толгой", Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэндээ өгөх ёстой юм байна. Эрдэнэс таван толгойн 34 хувийг яг ард түмэнд ногдол ашиг болоод дансанд нь ордог шиг зэсийн үнэ сайн байгаа энэ үед хувьцааг нь ард түмэндээ өгөхгүй бол борлуулалтын мөнгөөрөө элдэв зүйл эхлүүлээд үнэ унасан үед нөгөө хэд нь зогсчихдог.
Жишээ нь, ирэх жил Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой гээд компаниудын ашгаар 3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гээд байна. Гэтэл түүний дараа жил 3 их наяд төгрөгийн орлого орж ирэхгүй бол эхлүүлсэн ажлууд нь гацна. Үнийн өсөлтийг мөн хөөргөднө. Гуравт. Ирээдүйн өрөө нэмээд байна. Зардал тэлэх хэмжээгээр бизнес эрхлэгчид дарамтад орно. Сохор төсөв гэж хэлж болно. Ирээдүйгээ мартчихсан. Иймд энэ хувьцааг иргэдэд өгөх ажлыг зохион байгуулна. Хуримтлалын санд орох мөнгө нь ордгоороо орно.
"Оюу толгой"-н 34 хувийг иргэддээ авч өгөхгүй бол дарга нарын гоёл болж хувираад, үр дүнд нь ард түмэн ядуурна. Шударга зарчим нь ард түмний өмч юм бол ард түмэнд хувьцааг нь өгье, ард түмэн хяналтаа тавиг. Жишээлбэл "Оюу толгой", Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-д ард түмэн хүнээ сонгож оруул. Ард түмнээс дөрөв, төрөөс таван хүн орог. Компани бүрийн ТУЗ-ийн гишүүдийн сонгуулийг бид парламентын, Ерөнхийлөгчийн эсвэл орон нутгийн сонгуультайгаа цуг хийж болно.
Ашиг орлогыг нь зохицуулаад түмэн олны талд байхгүй бол энэ хэдэн уурхайгаа аль ч үед сороод, сорсон мөнгөөрөө баахан төсөл хийж байгаа нэртэй нурж унана. Яг 10 аймгийн ДЦС-ыг хийж байгаа нэрээр хийсэн хулгай шиг. Тэр хулгай юу болов. Эзэн нь ч тодорхойгүй байна.
Ногдол ашгийн 51 хувь нь Хуримтлалын санд орж, 49 хувийг иргэдэд бэлнээр олгоно. "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг яаж иргэдэд очдог вэ, ялгаагүй л байх ёстой. Инфляц хөөргөднө гээд байна. Хаашдаа ирэх жил 36 их наядыг гаргахаар төлөвлөж байгаа. Тэрнээс 3 их наядыг нь иргэн зарцуулна уу, төр зарцуулна уу ялгаагүй. Төгрөг нийлүүлэгдэж байгаа л бол түүнийг дагасан инфляц явагдана.
Өнөөдөр Монголд 540,000 хүн банк, банк бус гээд банк бус дотроо 4-5 давхар зээлтэй. Энэ хүмүүсийн амьдрал зогсож байна. Аппликэйшний зээлийг зэрэг сууж байгаад 3-4 газраас авч болдог юм байна. Энэ доголдлыг ашиглаад 3-4 газраас зэрэг авсан байна. Гэтэл тэд төлбөрөө төлж чадахгүй амьдрал нь дампуурч байхад бид сайхан юм ярих боломжгүй байна. Дээрээс нь аймгийн төв, Улаанбаатарт амьдарч байгаа хөгшчүүд идшээ авч чадахгүй. 4 сая төгрөг гаргаад үхэр авдаг хүнгүй болсон. Иймд "Оюу толгой"-н ногдол ашиг 800 мянган төгрөг очлоо гэхэд тэтгэврийн өвгөн нэг гуя, үхрийн хаа худалдаж авна. Энэ мөнгө дотооддоо эргэлдэж байгаа биз дээ. Одоо байгаа үнийн өсөлтөд ард түмэндээ дэмжлэг өгөх хэрэгтэй" гэв.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.