Г.Тэмүүлэн: Барилгуудыг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг орон сууцны залилангаас хамгаална

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн "Орон сууцны залилан, үүсэж болох эрсдэлээс хамгаалах үүднээс төрийн байгууллагууд дээр байгаа бүх орон сууцжуулалтыг барилгын ажил эхлэхээс дуусах хүртэлх процессыг олон нийтэд ил тод болгож, хянах баталгаажуулах эрхийг нь нээж өгөхөөр цахим мэдээллийн сан дээр ажиллаж байгаа тухай мэдээллийг та бүхэнд өгч байсан.
Тэгвэл ХЗДХЯ-наас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Яаравчилсан байдлаар УИХ-д өргөн барьж, ирэх долоо хоногоос хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хуулийн ач холбогдлын тухайд,
Монгол Улсын хэмжээнд 2178 дуусаагүй орон сууц байна. Захиалгын гэрээ байгуулахтай холбогдуулж залилан үйлдэх асуудал асар олон байна. Мөн зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн, инженерийн шугам сүлжээд холбогдоогүй, дампуурсан газрууд олон байна. Үүнээс гадна гурвалсан гэрээтэй холбоотой асуудлууд байна. Үндсэндээ тухайн барилга гүйцэтгэгч компани Нийслэл, худалдан авагчидтайгаа нийлж гэрээ байгуулж, газрыг нь дахин төлөвлөлтөд оруулсны дараа орон сууцтай болгоно гэж амласан асуудал байна. Үүний хүрээнд маш олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Дахин ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс хуулийн төсөл боловруулан оруулж ирлээ.
Барилгын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгохоос эхлэн сууц болгон нэг QR кодтой, нэг бүртгэлтэй болно, нэг гэрээтэй болно. Ингэснээр давхардуулж ямар нэгэн захилга авах, залилан хийх асуудал байхгүй болно. АПП, Веб хөгжүүлэгч компаниуд энэ төрлийн платформ хийх эрх нь нээлттэй байна. Төр бүх мэдээллүүдийг нь багцалж өгнө. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байсан ч эхэлсэн бүх барилгын мэдээллийг нэгтгэсэн “Баталгаат байр” цахим платформыг нэврүүлэхээр УБЕГ-аас ажиллаж байна. Энэ нь И-Монголиа системд байрлах бөгөөд арваннэгдүгээр сарын 15-н гэхэд ашиглалтад орно.
Улсын хэмжээнд 2178 орон сууц ашиглалтад ороогүй, саатсан шалтгаан:
Нэгт. Залилан. Зураг үзүүлээд нэг тоот дээр олон хүнтэй гэрээ хийдэг. Энэ төрлийн 173 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хохирлын хэмжээ нь 170 гаруй тэрбум, хохирсон иргэдийн тоо 2000-3000.
Хоёрт. Зөвшөөрлийн дагуу барилгын ажил эхлүүлээд санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зогсонги байдалд орсон.
Гуравт. Барилгын ажлаа ямар ч зөвшөөрөл авалгүй эхлүүлсэн газрууд байна. Хяналтгүй, хууль дүрэмгүй байдал бий болсны гай. Тоо дурдахад, одоогийн байдлаар 21 төсөл ямар ч зураг төсөл батлуулалгүй барилгын ажлаа эхлүүлсэн байна. 10 төсөл нь архитектурын даалгавар аваагүй. Бусад нь инженер шугам сүлжээний техникийн нөхцөлөө аваагүй нөхцөл байдалтай байна.
Хохирсон иргэдийн асуудлыг яах вэ?
Ирэх долоо хоногт хэрхэн шийдвэрлэх агуулгыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Төр өөрөө иргэдээ хохироосон асуудал байна. Дахин төлөвлөлтийн асуудал. Гурвалсан гэрээ байгуулж, иргэдийн газрыг чөлөөлүүлчхээд байр нь баригддаггүй. Иргэд түрээсийн байранд хүнд амьдарч байна. Иймд газрыг нь үнэлж, төрөөс орон сууцаар хангах ёстой гэж үзэж байгаа. Нийт 787 иргэдийн асуудал шүү, энэ" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх холбоос:
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.