Г.Занданшатар: Би уйдсандаа хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгсөн юм биш. Сүүлийн 6 сарын хугацаанд тэвчээр заалаа

Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч нар Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын таван гишүүнийг Г.Занданшатарыг гүтгэсэн гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдсэн.
Үүнд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн тодруулгадаа "Г.Занданшатар дарга хийх ажилгүй болчхоод уйдаад намайг АТГ-т өгсөн юм шиг байна лээ" хэмээсэн.
Тэгвэл Д.Амарбаясгалангийн эл байр суурьт Г.Занданшатар хариу өгөв. Мөн УИХ-ын таван гишүүнийг яагаад АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаарх байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "Уйдах мантай л явна. Шатар тоглож, улсынхаа нэрийг гарган, улс төрөөс хөндийрөөд л явж байлаа, сүүлийн зургаан сар. Ард түмний хүсэж байгаа өөрчлөлт шинэчлэлтийг бодитой хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Иймд намын болон нам бус 100 залуу нэгдэж, "Реформ" клубыг нээсэн. Би илтгэгчээр уригдан очсон. "Нэг монгол" нэгдэл ч мөн намайг урьж, би санаагаа танилцуулсан. Үнэхээр ч манай улс болохгүй байна. Ард иргэдийн амьдрал, ахуй, авлигал хээл хахуулийн байдал ч хэцүү байна. Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдахаар болж байх шиг.
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал "Нэг монгол" хөдөлгөөний үзэл санаагаа танилцууллаа. Ил захидлаа гардууллаа. Би ажил албан тушаалаа өгөхдөө төрийн ажлыг тасалдуулахгүй байх дээр анхаарч залгамж чанараа бодсон. Гэхдээ тэр үед би худал, хулгайтай эвлэрэхгүй гэдгээ хэлсэн. Иймд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гэж саналаа гаргаж буй минь энэ. Улс төрийн системд олон жил ажилласан ч бид алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө намаас шинэчлэлтийг эхэлье. Намын нэр барьсан хэсэг бүлэг этгээдүүд гэмт хэргээ нуун дарагдуулж, хаацайлахын тулд зохион байгуулалттайгаар хүн гүтгэж, хорт үр тарьж байна. Миний өөрчлөлтийн үзэл санаа гурван суурь шинэчлэлтийг агуулж байгаа юм.
Нэгт. Авлигачдаасаа салъя. Хариуцлага тооцдог болъё. Шударга ёсны тогтолцоог бодитоор эхлүүлье.
Хоёрт. Намын боловсон хүчний бодлогыг шинэчилье. Улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэхдээ хэдэн хүн тохиролцоод даргын карманаас дэвшүүлдэг байж болохгүй. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад дэвшүүлдэг олон улсын жишиг бий шүү дээ. БНСУ-д энэ зарчмаар явдаг.
Би уйдсандаа хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгсөн юм биш. Сүүлийн зургаан сарын хугацаанд би тэвчээр заалаа. Над руу бүхий л талаар баримт нотолгоо, ор үндэсгүй гүтгэлгүүдийг хийлээ. Мафийн босс гэлээ, хар тамхитай л холболоо. Есөн шидээр л гүтгэлээ. Би дуугүй л байсан. Энэ хүмүүс уучлалт гуйхаа мэдэх байх. Сүүлдээ би гэмт хэрэгт хэнийг холбогдохыг зааж, зааварладаг хүн болох гэж байна. Дандаа гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа хүмүүс ингэж улс төрийн зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь нэгт албан тушаалын байдлаа урвуулан ашиглах. Хоёрт. Албаны эрх нөлөөгөө ашиглаж бусдад давуу байдал бий болгох, бусдыг гэмт хэргээс хаацайлах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах бүлэглэлийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж УИХ-ыг гацааж, төр засгийг шантаажилж байна.
Энэ үндэслэлээр АТГ-т хандсан. Дан ганц Г.Занданшатарын нэр төрийн асуудал биш. Монгол төрийн нэр хүндийн асуудал. Фракц бүлэглэлийн улс төрөөс салж, ард иргэдийн жинхэнэ эрх ашгийг хамгаалж, төрийн хууль, үндсэн хуулийг сахих зарчмаа л биелүүлэх хэрэгтэй байна. Хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж, авлигыг хамгаалдаг бүтэц байж болохгүй" гэв.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
их хуралд ч сонгогдож чадаагүй хүн шүүдээ