"Гацуурт"-ын Л.Чинбатын таван адуу дайрсан хэрэг прокурорт шилжээгүй, ЦЕГ-т шалгаж байна
"Гацуурт"-ын Л.Чинбат |2026.09.01|-нд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт согтуугаар автомашин жолоодон явахдаа таван адууг дайрч алсан осол гаргасан. Тус адууны эзэн Т.Тогтохбаяр таван адууныхаа хохирлыг 40-50 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг прокурорт шилжүүлээгүй, ЦЕГ-т шалгагдаж байна.
Таван адууны эзэн "Хурдан удмын адуунууд байсан. 40-50 саяар үнэлэгдэнэ. Л.Чинбаттай өөрийн биеэр уулзаагүй, утсаар холбогдоогүй. Харин өмгөөлөгчтэй нь утсаар холбогдож, хохирлын хэмжээгээ хэлсэн, одоогоор нөхөн төлбөр төлөөгүй байгаа" хэмээж байв.
Харин Л.Чинбатын өмгөөлөгчийн хувьд "Малчинтай нь тэр даруй өмгөөлөгчийн хувиар ярьж, болсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх хүсэлтэй байгааг нь асуусан. “50 сая төгрөг өг, хурдын удмын адуу байсан. Үгүй бол хэвлэлд хандана” гэсэн. “Өгөх боломжгүй ээ, хуулийн байгууллага шалгаж байгаа. Та өөрөө малаа маллах, харж хандах үүрэгтэй биз дээ” хэмээсэн. Малчин хүн малаа маллаж, малынхаа үр шимийг өөрөө авдаг байж, малаа өөрөө хариулж, харж хандах үүрэг гэж байх ёстой" гэх байр суурийг илэрхийлсэн билээ.
Хэрэг учрыг тухайлбал, Л.Чинбат өөрийн эзэмшлийн "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явжээ. Энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд ослын улмаас зүүн хөлөндөө бэртэл авч, Цагааннуур сумын эмнэлэгт анхан шатны тусламж аваад Улаанбаатар буцсан байна. Мөн таван адууг дайрч алсан ослын улмаас түүний жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд машинаа орхисон байдаг. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах процесс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт үргэлжилж байна.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.