Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Герман эрдэмтэд хүний эсийн молекул насыг 60 жилээр залуужуулжээ

Герман эрдэмтэд хүний эсийн молекулын насыг их хэмжээгээр бууруулах арга илрүүлжээ. Тодруулбал судлаачид 80 настай хүний цусны эсийг үүдэл эс болгон хувиргасан нь 20 нас хүрэхгүй хүний эстэй адил молекул настай болсон байна.

Тодруулбал Боннын их сургуулийн эмнэлэг болон Боннын их сургуулийн судлаачид боловсорч гүйцээгүй улаан эсийг мэдрэлийн үүдэл эс болгон дахин программчилсан байна. Эдгээр үүдэл эс цаашид тархины эс болон хөгжих боломжтой юм. Дахин программчлах явцад хөгшрөлттэй холбоотой молекулын маркерууд шинэчлэгдэж, эсүүдийн молекул нас 60 гаруй жилээр залуужжээ. Эрдэмтэд тус судалгааны үр дүнг “Aging Cell” сэтгүүлд нийтэлсэн аж.

Өмнө нь хэрэглэж байсан эсийг залуужуулах аргуудаас ялгаатай нь энэ удаагийн судалгаанд эсүүд аажмаар залуужсан байна. Ингэснээр эрдэмтэд эсэд гарсан өөрчлөлтүүдийг урт хугацааны турш ажигласан юм. Хувирал удаан явуулдаг арга нь эсийг хэрхэн залуужуулах болохыг ойлгоход чухал мэдээлэл өгч, насжилттай холбоотой өвчний эмчилгээг судлахад тус болж магадгүй байна.

Хүний нь олон зуун төрлийн эсээс бүрддэг. Эдгээр эс бүгд үр тогтсон ганц өндгөн эсээс үүсдэг учир ижил генетикийн мэдээлэл агуулдаг. Гэвч эсүүд хөгжих явцдаа тодорхой үүрэг гүйцэтгэхээр төрөлжиж өөрчлөгддөг юм. Төрөлжин хөгжсөн эс цаашид өөрчлөгддөггүй. Энгийн нөхцөлд арьсны эс элэгний эс болдоггүй гэсэн үг.

Тэгвэл технологийн хөгжлийн тусламжтай төрөлжсөн эсэд тавигдсан биологийн хязгаарлалтыг давах боломж гарч иржээ. Эрдэмтэд төрөлжин боловсорсон зарим эсийг дахин программчилж, өөр төрлийн эс болгон хувиргаж чаддаг болсон. Тодруулбал арьсны эсийг мэдрэлийн эд үүсгэх чадвартай эс болгон хувиргаж болно. Ийнхүү эсийг хувиргахдаа эрдэмтэд генийн идэвхжилийг зохицуулдаг транскрипцийн хүчин зүйлс хэмээх уургуудыг ашигладаг байна. Эдгээр уураг нь эс ДНХ-ийнхээ аль хэсгийг ашигладгийг өөрчлөх байдлаар шинэ төрлийн эс болгон хувиргадаг аж.

Боннын их сургуулийн эмнэлгийн Сэргээн засах мэдрэлийн биологийн хүрээлэнгийн захирал, профессор Оливер Брюстле “Бид энэ аргыг ашиглан бүрэн төрөлжин хөгжөөгүй улаан эсийг мэдрэлийн үүдэл эс болгон шууд хувиргасан” гэж хэлжээ. Тус их сургуулийн эрдэмтэд өмнөх туршилтуудаараа энэ аргыг ашиглан гарган авсан мэдрэлийн эсүүдийг хулганын тархинд шилжүүлэн суулгасан байна. Суулгасан эс хулганын мэдрэлийн эсүүдтэй амжилттай холбогдсон юм.

Харин энэ удаагийн судалгаагаар эсийг дахин программчлах явцад үүсдэг нэгэн онцгой үзэгдэлд эрдэмтэд анхаарлаа хандуулжээ. Тэр үзэгдэл нь эсийн молекулын нас эрс буурч, залуужих үзэгдэл юм. Энэ талаар Оливер “Энэ удаагийн судалгаагаар бид өөр үзэгдлийг онцлон авч үзсэн юм. Тодруулбал, эсийг дахин программчлах явцад нас нь молекулын түвшинд мэдэгдэхүйц залуужиж байгааг судалсан” гэж хэлжээ.

Эсүүд хэр хэмжээгээр залуужсаныг тогтоохын тулд эрдэмтэд молекулын цаг, ялангуяа эпигенетикийн цаг хэмээх биологийн үзүүлэлтүүдийг шинжилсэн байна. Нас ахих тусам хүний ДНХ-д хуримтлагддаг химийн өөрчлөлтүүдийг шинжилж, эсийн биологийн насыг тооцоолоход эпигенетикийн цагийг хэрэглэдэг юм.

Эдгээр химийн өөрчлөлт нь ДНХ-ийн дарааллыг өөрчилдөггүй. Харин генетикийн тодорхой мэдээлэл хэр давтамжтай ашиглагдахыг өөрчилдөг. Аль генийг ямар үед ашиглахыг зохицуулдаг механизмыг эпигенетик гэж нэрлэдэг юм. Эпигенетик нас нэмэгдэх тусам тодорхой зүй тогтлоор өөрчлөгддөг учир эрдэмтэд үүнийг ашиглан эс молекулын түвшинд ямар настай гэдгийг тооцоолох боломжтой.

Тэгвэл дахин программчилсан 80 настай хүний эсүүд 20 хүрээгүй настай хүнийхтэй адил молекул насны үзүүлэлттэй болжээ. Өөрөөр хэлбэл программчлалын үр дүнд эсийг 60 гаруй жилээр залуужуулсан байна. Оливер “Эпигенетикийн түвшинд залуужсан эсүүд үнэхээр залуу эсүүдийн шиг үйл ажиллагаагаа явуулж байсан” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button