Байгаль орчин

Унтуулгын буугаа хүлээх хооронд 49 баавгайг устгаад байна

"Хүйтрэхээр баавгай ичих ёстой ч зарим баавгай ичихгүй байна" хэмээн салбарын сайдыгаа "санааширтал" баавгай энд тэнд хэрэг тарьсаар байна.

Хүрэн баавгай суурьшлын бүсэд олноор нэвтэрч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал хуй, эд хөрөнгөд аюул учруулах болсон тул УОК дээр нэгдсэн ажлын хэсэг гарч, орон даяар төрийн байгууллагууд хагас бэлэн байдалд ажиллаж буй. Өдөр бүр "төдөн баавгайг устгаж, аюулгүй болголоо" гэдэг тоон мэдээнд сүүлдээ бид дөжирч, хүрэн баавгайг "хөнөөсөн" хүмүүсийг баатар хэмээн өргөмжлөх тал руугаа орчихлоо. 

Будаач будаач гэхээр сахлаа хүртэл буддаг туйлшрамтгай ард түмэн хойно. Өнөөдрийн байдлаар 49 баавгайг буудаж устган, булах маягаар аюулгүй болгоод байна. Тухайлбал, Хөвсгөлд хамгийн олон буюу 16 баавгай устгасан бол Хэнтийд 10, Сэлэнгэд зургаа, Увс, Дархан-Уул, Завханд тус бүр дөрөв, Төв аймагт хоёр, Архангай, Булган болон нийслэл Улаанбаатар хотод тус бүр нэгийг цааш нь харуулж. 

Энэ янзаараа Монголд тоо толгой нь яг хэд байгааг ч мэдэхгүй хөвчийн хүрэн баавгайгаа хиаруулж мэдэхээр агнаж, устгаж байна. Тэгэхгүйн тулд нэг бол баавгай өөрсдөө бушуухан ичээндээ орох, үгүй бол салбарын яамныхан гадаадаас захиалж авчруулахаар тендер зарласан унтуулгын буу нь шалавхан орж ирээд, баавгай бүхий аймгуудад тараагдах гэсэн хоёр сонголт үлдэж. 

Энэ сарын 9-нд Шадар сайд Н.Номтойбаяр "Одоогоор есөн баавгайг устгасан" гэж мэдээлснээс хойш 10 гаруйхан хоногт нэмээд 40 баавгайг устгаж, аюулгүй болгожээ, манайхан. Гавьяа гэх үү, хэтдээ гай гарз болох үйл явдал уу, одоохондоо хэлэхэд эрт байна. 40 жилийн өмнө буюу 1986 оны тооллогоор манай улсад 500 орчим хүрэн баавгай тоологдож байсан бөгөөд түүнээс хойш хэр өссөнийг таамаглахад бэрх гэдгийг судлаачид хэлдэг. Харин тодорхой байгаа нэг зүйл нь зориулалтын унтуулгын буу худалдан авах сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа удааширсан явдал юм.

450 сая төгрөгөөр унтуулгын буу худалдан авах тендер юу болов?

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам баавгайн унтуулгын бууны иж бүрдэл худалдан авах дөрвөн багц тендерийг аравдугаар сарын 8-нд зарласан. Дөрвөн тендерийн хоёрт нь оролцогч гараагүй бөгөөд хоёр сонгон шалгаруулалт нь хийгдсэн ч шалгарсан компаниудтай маргаан үүсгэх хүлээлгийн хугацаа үргэлжилж буй гэнэ. Тэр нь дуусахаар шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, хүсэн хүлээсэн буу нийлүүлэгдэх бололтой.

Засгийн газрын 2026 оны 387 дугаар тогтоолын дагуу нөөц хөрөнгөөс ₮1 тэрбум 88.3 саяыг гаргасан бөгөөд үүнээс 810 сая төгрөгийг дөрвөн төрлийн худалдан авалтад зарцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, үүнд амьтан унтуулах зориулалтын 12 буу, холбогдох хэрэгсэл, 200 гаруй цацлага багтсан бөгөөд гэрээ байгуулснаас хойш 21 хоногт нийлүүлэхээр мэдээлсэн тул дахиад хэд хоног хүлээх шаардлагатай байж болох. Харин тэр хооронд баавгайгаа өдөр бүр хэд хэдээр нь устгаад байвал юу болох вэ. 

Засгийн газар аравдугаар сарын 9-нд эрсдэлтэй бүсүүдэд цагдаа, дотоодын цэрэг, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын баг ажиллуулах, баавгайг барьж, тохиромжтой нутагт шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Энэ нь асуудлыг зөвхөн устгалын аргаар шийдэх бус, иргэдийн аюулгүй байдал болон баавгай шиг ховор амьтны тоо толгойн хамгааллыг хамтад нь авч үзэх шаардлагатайг ч илтгэнэ. 

Хэт нэг тал руу туйлшрахгүй, баавгай суурьшлын бүсэд орж ирэхэд идэш тэжээлийн хомсдол, хүний үйл ажиллагаа, ил задгай хог зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа, эсэхийг судлахаас эхлээд тоо толгойг нь тогтоох, зэрлэг амьтны дайралтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талын бэлтгэл, бэлэн байдлаа шат шатандаа дээшлүүлэх гэхчлэн олон сургамж бидэнд өгч байна, энэ намрын үйл явдал. 

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зөв алуулвал таарна хүний амнинаас үнэтэй араатан гэж байхгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button