98 кабинтай дүүжин тээврийн туршилт, цахилгаан зарцуулалт ба салхины үеийн зохицуулалт

Яармаг–Хархорин чиглэлийн 4.2 км урт дүүжин тээврийн систем туршилтын шатанд ажиллаж байна. Нийт 98 кабинтай, оргил ачааллын үед цагт 2,320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай уг төслийн хувьд цахилгаан зарцуулалт, зорчигч суулгах зохицуулалт болон салхины үед авах арга хэмжээ иргэдийн анхаарлыг татаж байна.
Дүүжин тээвэр нь автобус шиг тодорхой цагийн хуваарийн дагуу ирж, зогсоод зорчигчоо суулгаад хөдөлдөг бус, байнгын эргэлттэй ажиллах систем юм. Өөрөөр хэлбэл, зорчигч суусан эсэхээс үл хамааран бүхээгнүүдийн зорчих хөдөлгөөн тасралтгүй үргэлжлүүлнэ. Энгийнээр хэлбэл, "Sky Resort"-ын дүүжин тээврийн ажиллагаатай төстэй.
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн барилга угсралтын үндсэн ажил дуусаж, аюулгүй ажиллагааны тохиргоо, туршилт үргэлжилж байгаа талаар төслийн холбогдох байгууллагууд мэдээлсэн. Нийт 98 кабинаар үйлчлэх уг тээврийг 2026 оны арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дүүжин тээврийн цахилгаан хэрэглээний талаар төслийн инженерүүдээс тодруулахад туршилтын үеийн болон олон нийтэд үйлчлэх үеийн хэрэглээнд зарчмын томоохон зөрүү үүсэхгүй гэв.
Гэхдээ туршилтын үед бүхээгнүүд хоосон хөдөлж байхад зорчигчид үйлчлүүлж эхэлсний дараа кабинуудад хүн сууж, нийт ачаалал нэмэгдэнэ. Үүний улмаас механик системд ирэх ачаалал өөрчлөгдөж, цахилгаан зарцуулалтад тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой. Харин нийт системийн хэмжээнд авч үзвэл энэ зөрүү том биш байна гэсэн тайлбар өглөө.
-98 кабин хөдөлгөөнд оролцоно-
Дүүжин тээврийн систем нь автобус шиг буудал дээр бүрэн зогсож, зорчигчоо суулгаад хөдөлдөггүй. Харин кабинууд тасралтгүй эргэлтэд орж, зорчигч суух болон буух хэсэгтээ хурдаа сааруулдаг зохион байгуулалттай.
Төслийн инженерийн өгсөн мэдээллээр үндсэн троссын хурд секундэд зургаан метр байх бөгөөд зорчигч суух, буух хэсэгт кабин секундэд 0.3 метр орчим хурдтайгаар удааширна. Ингэснээр бүхээгүүд буудал дээр удаан зогсож хүлээхгүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжтой юм.
Нэг кабин 10 хүртэлх зорчигч тээвэрлэх, 750 килограмм хүртэлх даацтай байхаар төлөвлөгдсөн. Нийт 98 кабин ажилласнаар оргил ачааллын үед цагт 2,320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж.
Хүчтэй салхитай үед дүүжин тээвэр хэрхэн ажиллах вэ?
Дүүжин тээврийн аюулгүй ажиллагаатай холбоотой бас нэг чухал асуудал нь салхины хурд юм. Төслийн мэдээллээр гурван тулгуур цамхагт салхины хурд хэмжих мэдрэгч суурилуулсан бөгөөд салхи ширүүсэхэд системд анхааруулга ирж, хөдөлгөөний хурдыг бууруулах зохицуулалттай байна.
Төслийн инженер М.Гэрсэнзийн олон нийтэд өгсөн тайлбарт үндсэн систем секундэд 21 метр секунд хүртэлх салхийг тэсвэрлэхээр тооцсон бөгөөд салхины хурд секундэд 16 метр хүрэхэд анхааруулга ирж, хөдөлгөөний хурдыг бууруулна гэжээ.
Салхи секундэд 21 метр хүрэхэд систем автоматаар хэвийн үргэлжлүүлэн ажиллана гэсэн үг биш. Энэ нь системийн тэсвэрлэх чадварын тухай мэдээлэл бөгөөд тухайн үеийн цаг агаар, аюулгүй ажиллагааны заавар, хяналтын системийн шийдвэрээр ажиллагааны горимыг зохицуулах юм.
Туршилтаар аюулгүй ажиллагааг хэрхэн шалгаж байна вэ?
Дүүжин тээврийн туршилтыг зөвхөн хоосон кабин хөдөлгөх байдлаар хязгаарлахгүй. Эхлээд үндсэн ган татлагыг ачаалалгүй эргүүлж, тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгасан бөгөөд дараа нь таван кабиныг хоосон горимоор ажиллуулж туршжээ. Үүний дараагийн шатанд нэг бүр нь 750 килограмм жинтэй ачаатай таван кабинаар туршилт хийж байгаа талаар Нийслэлийн тээврийн удирдлагын газраас мэдээлсэн.
Эдгээр туршилт амжилттай дууссаны дараа нийт 98 кабиныг хоосон болон ачаалалтай горимоор ажиллуулж, системийн найдвартай байдал, аюулгүй ажиллагааг иж бүрнээр шалгахаар төлөвлөжээ.
Түүнчлэн цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор ажиллах, эрсдэлтэй нөхцөл үүсвэл кабинуудыг бага хурдаар буудалд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой гэнэ.
Өдгөө дүүжин тээврийн хувьд зөвхөн 98 кабиныг хөдөлгөөнд оруулах бус, зорчигчдын ачаалал, салхины өөрчлөлт, цахилгаан тасрах зэрэг нөхцөлд систем хэрхэн ажиллахыг туршиж, аюулгүй ажиллагааг баталгаажуулах нь ашиглалтад оруулахын өмнөх чухал үе шат болж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.