Жавартай өдрүүдийг жаргалтай болгох үзвэр, үйлчилгээ

Өвлийн жавар хацар хайрах дөхөж, хотын гудамжинд намрын шаргал өнгө аажмаар бүдгэрэн, хүйтний улирал айсуй. Гадаа удаан алхахаас илүү дулаан танхимд урлагийн бүтээл үзэж, амьд хөгжмийн эгшиг сонсон, хүүхдүүдтэйгээ хөгжилтэй цаг өнгөрүүлэхэд тохиромжтой өдрүүд үргэлжилж байна. Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод хүүхдийн жүжиг, циркийн тоглолтоос эхлээд сонгодог болон үндэсний урлагийн концерт, иог, бясалгал, уран зургийн үзэсгэлэн зэрэг олон төрлийн хөтөлбөр таныг хүлээж байна.
Амралт гэдэг заавал холын замд гарахыг хэлэхгүй. Театрын тайзнаас үлгэрийн баатруудтай учрах, морин хуурын эгшигт сэтгэлээ амраах, галерейн бүтээлээс шинэ мэдрэмж олох, эсвэл амьд хөгжмийн хэмнэлд намрын үдшийг өнгөрүүлэх ч өөрөө нэгэн аялал билээ. Харин сүүлийн үед завгүй амьдралын хэмнэлээс түр холдож, өөртөө цаг гаргахыг хүссэн хүмүүст иог, дуу авианы бясалгал зэрэг сонголт ч бий. Тэгвэл аравдугаар сарын 24, 25-ны бямба, ням гарагт хаашаа явж, юу үзэж, юу мэдрэх вэ?
Нийслэлийн 387 жилийн ойн бөхийн барилдаан — аравдугаар сарын 24-ний 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд 256 бөхийн барилдаан үзэх боломжтой.
-Бяцхан үзэгчдийн ертөнцөд аялъя-
Хүйтний улиралд хүүхдүүдтэйгээ гэрээс гарах шалтгаан хайж байгаа бол театрын тайзнаа амилсан үлгэр, циркийн үзүүлбэр амралтын өдрийг өнгөлөх нэг сонголт. Өнгө өнгийн дүр, сонирхолтой үйл явдал, хүүхэлдэйн баатруудын адал явдал бяцхан үзэгчдийн төсөөллийг тэлж, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх цагийг илүү үнэ цэнтэй болгоно.
- “Миний хөөрхөн шүдний аялал” — мөн өдөр 11:00 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт тоглоно. Тасалбар 20,000 төгрөг.
- “Сайн уу? ОЛМАССС” хүүхдийн жүжиг — аравдугаар сарын 24-ний бямба гарагт 11:00 цагт Улаанбаатар театрт тоглоно. Тасалбар 20,000 төгрөгөөс.
- “Аладдин — 1001 шөнийн үлгэр” — аравдугаар сарын 24-ний 15:00 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт тоглоно. Тасалбар 20,000 төгрөг.
- BRAVO CIRCUS — аравдугаар сарын 25-ны ням гарагт 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Тасалбар 20,000 төгрөгөөс.
Хүүхдүүдтэйгээ аль нэгийг нь сонгон үзэж, намрын амралтынхаа нэг өдрийг инээд хөөр, шинэ дурсамжаар дүүргэж болно.
-Үзэсгэлэнгийн танхимаас дэлхийн урлагтай танилцъя-
Урлагийн бүтээл үзэхийн тулд заавал холын улс орон руу аялах шаардлагагүй. Энэ амралтын өдрүүдэд музейгээр зочилж, түүхийн өөр өөр цаг үе, урлагийн урсгалтай танилцах боломж байна. “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл толилуулж байна.
Сэргэн мандалтын үеийн зураач Рафаэл Санти болон Барокко урлагийн гол төлөөлөгч Жиан Лоренцо Бернинигийн бүтээлтэй танилцаж, Европын сонгодог урлагийн онцлогийг өөрийн нүдээр харах боломжтой. Мөн Монголын Үндэсний музейд “Үдшийн музей — Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. 1950–1990 оны хөдөө аж ахуй, үйлдвэржилт, боловсрол, соёл, шинжлэх ухаан, өдөр тутмын амьдралыг харуулсан үзмэрүүдээр дамжуулан өнгөрсөн үеийн Монголын нийгэмтэй танилцана. Монголын Үндэсний музейд бямба, ням гарагт 09:00–18:00 цаг хүртэл. Том хүн 20 мянган төгрөг, сурагч болон оюутан 10 мянган төгрөг, хүүхэд үнэ төлбөргүй.
Дүрслэх урлаг сонирхдог бол Монголын Урчуудын эвлэлийн галерейд зураач Я.Булган, Ө.Бархүү нарын “Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэнг сонирхож болно. Аравдугаар сарын 24-ний 16:00 цагт нээлтээ хийж, 31-нийг хүртэл үргэлжлэхээр зарлагдсан тус үзэсгэлэнгийн нээлт үнэ төлбөргүй.
-Амьд хөгжмийн эгшигт намрын үдшийг өнгөрүүлье-
Өдрийн турш хотын хөл хөдөлгөөнөөс түр холдож, оройг хөгжмийн аялгуунд өнгөрүүлэхийг хүсвэл концерт, тоглолтын сонголтууд бий. Сонгодог хөгжмийн бүтээлээс эхлээд үндэсний урлагийн тоглолт хүртэл өөрийн сонирхолд нийцсэн хөтөлбөрөө сонгоорой.
Аравдугаар сарын 24, бямба гарагт:
- “Намрын уянга” — Б.Эрдэнэбаярын тоглолт — 14:00 цагт Соёлын төв өргөөнд. Тасалбар 60,000 төгрөгөөс.
- “HORSE HEAD FIDDLE” ардын урлагийн тоглолт — 16:00 цагт Palazzo Tower-т. Монголын үндэсний хөгжмийн аялгуу, ардын урлагийн өнгө төрхийг мэдрэхийг хүссэн үзэгчдэд зориулсан хөтөлбөр.
-Иог, бясалгалаар өөртөө цаг гаргая-
Ажил, амьдралын завгүй хэмнэлээс түр холдож, бие сэтгэлээ амраахыг хүсвэл амралтын өдрийг зөвхөн үзвэр үзэхэд бус, өөртөө анхаарал тавихад зориулж болно. Аравдугаар сарын 25-ны ням гарагт Ballroom ZU-д дараах хоёр арга хэмжээ зарлагджээ.
- SOUND MEDITATION & MATCHA — 12:00 цагт. Дуу авианд суурилсан бясалгал, матча цайг хослуулсан хөтөлбөр. Тасалбар 70,000 төгрөгөөс.
- YOGA & MATCHA — 14:00 цагт. Иог болон матча цайг хослуулсан эвент. Тасалбар 70,000 төгрөгөөс. Харин дуу авианд суурилсан бясалгалыг илүү тайван орчинд мэдрэхийг хүсвэл Parko Riviera-гийн хоёрдугаар давхарт байрлах Gerelt Activity Studio-д 16:00 цагаас товлогдсон Full Moon Sound Healing арга хэмжээ зарлагджээ.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.