АНУ-ын албан тушаалтнуудыг хөнөөх зорилготой халдлагаа Иран нэмэгдүүлээд байна
Иран Ойрх Дорнод дахь АНУ-ын алба хаагчдыг онилох нь нэмэгдэж байна. Тодруулбал, тэд Ойрх Дорнод дахь америк иргэдийн амь насыг хөнөөх зорилготой төлөвлөгөөний бэлтгэлээ ахисан шатанд хүргэсэн гэж АНУ-ын тагнуулын албаны өндөр албан тушаалтан анхааруулжээ.
Вашингтон энэ долоо хоногийн эхээр Ираны дэмжлэгтэй хуситуудын Саудын Арабд өгч буй цохилт эрчимжсэнтэй холбогдуулан тус улс дахь Дипломат төлөөлөгчийн газрынхаа ажилтнуудын тоог цөөлөх шийдвэр гаргасан. Үүний дараа АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Жэй Клэйтон дээрх анхааруулгыг гаргасан байна.
Хоёрдугаар сарын сүүлд Трамп Израилын хүслээр Иранд цохилт өгсний улмаас Ойрх Дорнод дахь дайн эхэлсэн. Өдгөө найман сар үргэлжилж буй мөргөлдөөнийг Израил лоббидож эхлүүлсэн ч сүүлдээ тэд өөрсдөө оролцохгүй, АНУ-ыг хөсөр хаясан юм. Ойрх Дорнодын мөргөлдөөнд Йемен дэх хуситууд оролцож, Саудын Арабд өгч буй цохилтоо нэмэгдүүлээд байна. Мөн үүнтэй зэрэгцэн Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй цөөн тооны хөлгүүд рүү халдах нь ихэсжээ.
Лхагва гарагт /2026.10.21/ АНУ-ын Төрийн департамент Саудын Араб дахь Дипломат төлөөлөгчийн газруудаасаа нэн шаардлагатай бус үүрэг гүйцэтгэж албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг буцаж ирэхийг тушаасан байна. Мөн бүс нутгийн бусад хэд хэдэн төлөөлөгчийн газраас ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг татан авах төлөвлөгөөтэй байгааг албан тушаалтнууд “Reuters” агентлагт хэлсэн гэж мэдээлжээ.
Тэгвэл мөргөлдөөний нөхцөл байдлын талаар Клэйтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод аравдугаар сарын 23-нд захидал илгээхдээ “Янз бүрийн сувгаар дамжуулан Иран АНУ-ын алба хаагчдыг онилох оролдлогоо их хэмжээгээр нэмэгдүүлсэн тухай тагнуулын мэдээлэл бидэнд ирсэн” гэжээ.
Тэрбээр нэмж “Ойрх Дорнод болон бусад улс дахь америк иргэдийг хөнөөх зорилготой төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бэлтгэлээ Иран ахисан шатанд хүргээд байна” гэсэн юм.
Бямба гарагт /2026.10.24/ АНУ-ын Төрийн департамент Персийн булан болон Ойрх Дорнод дахь 10 гаруй улс руу аялахаар төлөвлөж буй америк иргэдэд зориулсан зөвлөмжөө шинэчилжээ. Хуситуудаас үзүүлж буй заналхийлэл нэмэгдсэн тул Саудын Араб, Катар, АНЭУ, Ирак, Израил зэрэг улс руу зорчихтой холбоотой сэрэмжлүүлгийг шинэчилсэн аж.
Вашингтоны нэгэн албан тушаалтан “Дипломат албадын үйл ажиллагааг хязгаарлагдсан горимд шилжүүлсэн шийдвэрт хуситуудын үзүүлж буй заналхийлэл болон Ираны зүгээс АНУ-ын албан тушаалтнуудыг онилсон террорист халдлага зохион байгуулж магадгүй эрсдэл нөлөөлж байна” гэж хэлжээ.
Үйл ажиллагаа хязгаарлагдсан горимд (Restricted Operations Status) шилжсэнээр Төрийн департамент олон нийтэд зарлах шаардлагагүйгээр алба хаагч нартай холбоотой шийдвэр гаргах эрх үүсдэг байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.