БНХАУ, БНСУ-ын хэвлэлүүд Нөмрөгийн түймрийн асуудал дээр Японы хэвлэлүүд чимээгүй байгааг шүүмжлэв

Энэ сарын 8-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрладаг Нөмрөгийн дархан цаазат газарт томоохон хэмжээний хээрийн түймэр гарсан. Түймэр Мобиком корпорацын захирлуудын унаж явсан машинуудын нэг шатсаны улмаас дэгдсэн юм. Урьдчилсан тооцооллоор Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртсөн байна.
Энэ хэргийн талаар гаднын орнуудын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг харцгаая.
БНСУ-ын “MBC News”: Япон бизнесмэний Монголын талд үүсгэсэн түймэр ‘Японы хэвлэлүүд яагаад чимээ аниргүй байна вэ’ хэмээх дургүйцлийг үүсгэж байна

Харанхуй бүрхсэн тал нутагт гал дүрэлзэн асаж, салхинд үнс нурам, цог тархжээ. Энэ сарын 9-нд Монголын зүүн хэсэгт орших Дорнод аймгийн уудам хээр талд томоохон түймэр гарчээ. Гал Монгол, БНХАУ-ын хилийн ойролцоо хүртэл тархсан байна.
Монголын хэвлэлүүдийн мэдээлснээр, гал түймэртэй тэмцэх алба 3,400 гаруй хүнийг дайчлан, долоо хоног гаруй хугацаанд ажиллагаа явуулсны эцэст галыг бүрэн унтраажээ. Мөрдөн шалгалтаар түймэр Монголын хамгийн том үүрэн холбооны оператор болох Мобиком корпорацын удирдлагуудын явсан машинаас эхэлсэн нь тогтоогдсон байна.
Мобикомыг 1996 онд Японы харилцаа холбооны “KDDI” компани Монголын дотоод компанитай хамтран байгуулсан юм. Одоо Мобиком “KDDI”-ийн охин компани болж, Мобикомын гүйцэтгэх захирал зэрэг удирдах албан тушаалтнууд нь Японы иргэд байдаг.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тэдний зорчиж явсан “Nissan Patrol” загварын машины доод хэсэгт хуурай өвс тээглэн орж гал гарч хээр талд тархжээ. Түймэр анх гарсан газар нь тусгай хамгаалалттай бүсээс гадна нэвтрэх хөдөлгөөнийг хатуу хязгаарласан хамгаалалтын гол бүс байсан аж.
Гэвч тэд ан агнах, загасчлах зорилгоор уг бүсэд нэвтэрсэн нь ил болсноор олон нийтийн шүүмжлэл эрс нэмэгдэж, улмаар компанийн гүйцэтгэх захирал уучлал хүсэхэд хүрчээ. Мобикомын гүйцэтгэх захирал Яасүхиро Очи энэ сарын 14-нд мэдэгдэл хийхдээ “Та бүхний санаа зовниж буйг зүй ёсны хэрэг гэж бодож байна. Байгаль орчинд хохирол учруулсандаа гүнээ харамсаж, Монголын ард түмнээс дахин нэг удаа уучлал хүсье”
Гэвч уг хэрэгтэй холбоотой шүүмжлэл өөр чиглэлд өрнөж эхэлжээ. Хэрэгт Японы компанийн удирдлагууд холбогдсон байхад Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар огт мэдээлэхгүй байгааг шүүмжилсэн постууд цахим орчинд их байна. Японы цахим орчинд ч “Японы хэвлэлүүд яагаад дуугүй байна вэ?” гэж хүмүүс асууж, “Хэрэв энэ хэрэг Хятадын үүрэн холбооны компанийн охин компанитай холбоотой байсан бол Японы хэвлэлүүд өглөөнөөс орой хүртэл өдөр бүр мэдээлэх байсан” хэмээн шүүмжилжээ.
Үнэхээр Японы хэвлэлүүд уг хэргийн талаар зөвхөн өчигдөр орой /2026.10.20/ л мэдээлсэн байна. Японы “Kyodo News” агентлаг түймэр гарснаас хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа буюу өчигдөр орой Монголын төрийн мэдээллийн агентлагийн мэдээг эш татан мэдээлжээ.
БНХАУ-ын “China Daily”: Монголд түймэр гарсан явдалд Япон компани шүүмжлүүлж байна

Японы үүрэн холбооны “KDDI” компанийн охин компани болох Мобикомын удирдлагууд Монголд асар том түймэр дэгдээсэн байж болзошгүй хэрэгт холбогдож, олон нийтийн шүүмжлэл болон хуулийн хариуцлагатай нүүр тулаад байна. Түймрийн улмаас БНХАУ-ын хил орчмын 528 мянга гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин том талбай юм.
Түймрийн талаар Монголын хэвлэлүүд анх аравдугаар сарын 8-нд мэдээлжээ. Гал Нөмрөгийн дархан цаазат газрын онцгой хамгаалалттай бүсэд гарсан байна. Энэ нь ховор зэрлэг амьтад болон тухайн бүс нутагт ургадаг ургамлын төрөл зүйл харьцангуй сайн хадгалагдан үлдсэн, Монголын байгалийн онгон газруудын нэг юм. Тус бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглодог, ялангуяа намрын улиралд гал түймрийн эрсдэл нэмэгддэг тул хяналтыг чангатгадаг байна.
Хятадын “Xinhua” агентлаг орон нутгийн хэвлэлүүд болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээллээс эш татан, түймэр нийт 528,765.5 га газрыг хамран шатсан гэж мэдээлжээ.
Үүний 468,965.7 га буюу түймэрт өртсөн нийт талбайн 80 орчим хувь нь дархан цаазат газрын онцгой хамгаалалттай бүсэд хамаарч байгаа юм.
Анхан шатны мөрдөн шалгалтаар Японы харилцаа холбооны томоохон оператор “KDDI” дийлэнх хувийг эзэмшдэг Мобиком компанийн удирдлагуудын зорчиж явсан машин түймэр гарах шалтгаан болсон байж болзошгүй гэж үзжээ.
Таван машинаас бүрдсэн цуваа нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэвтрэхийг хязгаарласан бүсэд орсны дараа нэг машины доод хэсэгт хуурай өвс шатаж эхэлсэн байна. Улмаар гал хээр талд маш хурдан тархсан юм. “KDDI” компани Мобикомын Япон удирдлагууд байгалийн нөөц газарт нэвтэрсэн гэдгийг мягмар гарагт /2026.10.20/ “Kyodo News” агентлагт баталж мэдээлэл өгсөн байна.
Мобикомын үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан түймэр байгаль орчинд ихээхэн хохирол учруулсныг маш нухацтай хүлээн авч байна гэж тус компани мэдэгджээ.
Харин Японы “All-Nippon News Network” пүрэв гарагт /2026.10.22/ мэдээлэхдээ, “KDDI”-ийн тайлбараар тухайн бүлэг хүмүүс хилийн аюулгүй байдлыг хариуцсан байгууллагуудад урьдчилан мэдэгдэж, тогтоосон маршрутын дагуу зорчсон байна.
Компанийн зүгээс уг аяллын зорилго нь “4G” үүрэн холбооны сүлжээний туршилт хийх байсан гэх тайлбар өгчээ. Гэхдээ тэд Монголын талын мөрдөн шалгалт дуусах хүртэл нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин Монголын төрийн албан тушаалтнууд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг тайлбарт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
“MBC” агентлаг болон “China Daily” сонин Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн талаар мэдээлэхдээ Японы хэвлэлүүд чимээгүй байгааг шүүмжилсэн байна. Мөн БНСУ-ын “MBC News” агентлаг бичсэн нийтлэлдээ Монголын “NTV”, “Eguur News” агентлаг болон БНХАУ-ын “People’s Daily” сонины нийтлэлүүдийг эх сурвалж болгон ашигласнаа дурджээ. Харин БНХАУ-ын “China Daily” сонин “Eguur News” агентлагийн бичсэн нийтлэлийг эш татсан байна.
Эх сурвалж: MBC News, China Daily













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.