П.Сайнзориг зургаан чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байгаа талаар мэдээлэл өгч, төсөлтэй холбогдуулан санал, хүсэлтээ ирүүлэхийг хүслээ.
Тэрбээр төсөлд зургаан чиглэлийн асуудлыг тусгахаар ажиллаж буй юм байна. Тухайлбал,
1. Хуулийн ангилал, батлах саналын босго. Хуулийн ангилал, төрлийг тодорхой болгож, тэдгээрийг батлахад шаардагдах саналын босгыг тогтооно. Ингэснээр төрийн бодлого, хууль тогтоомжийн тогтвортой байдлыг хангаж, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэхээр зорьжээ.
2. Хөдөлмөр эрхлэх эрх, хөдөлмөрлөх үүрэг. Иргэн хөдөлмөр эрхлэх эрхтэй байхаас гадна хөдөлмөрлөх үүрэгтэй байх зохицуулалтыг тусгаж, халамжийн бодлогыг оновчтой болгохоор төлөвлөжээ.
3. Хос нийслэл. Хос нийслэлтэй байх асуудлыг тусгаж, Хархорин хотыг түүхэн нийслэлийн статустай болгоно.
4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг нэгтгэн шинэчилнэ.
5. Ерөнхийлөгчийг сонгох тогтолцоо. 2033 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог тогтолцоонд шилжинэ.
6. Сонгуульд санал өгөх үүрэг. Монгол Улсын иргэн сонгуульд заавал санал өгөх үүрэгтэй байх зохицуулалтыг тусгана.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.