Энергийн ундаа зүрхний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг тогтмол, нарийн хянах шаардлагатай гэв
Сүүлийн үед энергийн ундаа болон сэргээх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл анхаарал татсан асуудал болоод байгаа. Эрдэмтдийн ажигласнаар кафейн болон бусад сэргээх бодис агуулсан бүтээгдэхүүнүүд зүрх зогсох, зүрхний шигдээс болон зүрхний бусад эмгэгийн тухай мэдээлэлд эдгээр найрлагагүй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад хамаагүй олон удаа дурдагдсан байна.
Тодруулбал АНУ-ын Зүрхний нийгэмлэгийн 2026 оны эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан урьдчилсан шатны судалгаагаар кафейн агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой зүрх судасны хүндрэл бүртгэгдсэн тохиолдлын томоохон хувийг 18-34 насныхан эзэлжээ.
Гэхдээ энергийн ундаа болон сэргээх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд зүрх судасны хүндрэлийг шууд үүсгэсэн гэж дүгнэх боломжгүйг эрдэмтэд онцолсон байна. Гэхдээ АНУ-ын Хүнс, эмийн захиргааны (FDA) аюулгүй байдлын мэдээллийн сангаас харвал зүрх судасны зарим эмгэг харьцангуй өндөр давтамжтай бүртгэгддэг болжээ. Ийм учир кафейн зэрэг сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг илүү нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байгаа юм.
Эрдэмтэд зүрх судасны эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг судлахын тулд тулд хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хүнсний гаж нөлөө байж магадгүй тохиолдлыг бүртгэдэг АНУ-ын мэдээллийн санг ашиглажээ. Ингэхдээ кафейн болон бусад сэргээх бодис агуулсан бүтээгдэхүүнийг эдгээр найрлагагүй бүтээгдэхүүнтэй харьцуулсан байна.
Судлаачид мөн хийжүүлсэн ундаа, смүүти, амин дэм, protein bar, хоол орлуулагч шэйк зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулж дүн шинжилгээ хийсэн юм. Эрдэмтэд 2017-2025 оны хооронд 13 ба түүнээс дээш насны хүмүүсийн мэдүүлсэн сэжигтэй гаж нөлөөний тохиолдлуудыг шинжилжээ.
Дүн шинжилгээний үр дүнд эрдэмтдийн илрүүлсэн зүйлсийг жагсаавал:
- Зүрх зогсох: Кафейн болон сэргээх үйлчилгээтэй бодис агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой сэжиг бүхий гаж нөлөөний тохиолдлуудад зүрх зогссон тухай дурдагдах нь бусад бүтээгдэхүүнтэй холбоотой тохиолдлуудтай харьцуулахад 11 дахин их байжээ.
- Зүрхний шигдээс: Энергийн ундаа болон сэргээх үйлчилгээтэй нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэлд зүрхний шигдээс 4.5 дахин олон дурдагдсан байна.
- Зүрхний хэм алдагдах: Сэргээх бодис агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой тохиолдлуудад зүрхний ховдлын хэм алдагдал, мөн зүрх дэлсэх шинж тэмдэг ойролцоогоор дөрөв дахин олон бүртгэгджээ.
- Зүрх судасны бусад шинж тэмдэг: Зүрхний цохилт түргэсэх тохиолдол гурав дахин, цээжээр өвдөх тохиолдол 2.71 дахин, ухаан алдах тохиолдол хоёр дахин олон байв.
- Залуу насанд хүрэгчид: Кафейн болон сэргээх үйлчилгээтэй бодис агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой зүрх судасны хүндрэлүүдийн талаарх тохиолдлын 45 орчим хувьд 18-34 насныхан байсан.
Эдгээр үзүүлэлт нь “FDA”-д мэдүүлсэн мэдээлэлд тодорхой өвчлөл хэр давтамжтай дурдагдсаныг харуулж байгаа. Энергийн ундаа хэрэглэдэг хүмүүсийн зүрх зогсох бодит эрсдэл 11 дахин, зүрхний шигдээс болох эрсдэл 4.5 дахин өндөр гэсэн үг биш юм.
Судалгааг ахалж бичсэн Виржиниагийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Сай Самаямантула "Бидний судалгааны үр дүн кафейн болон сэргээх үйлчилгээтэй бодис агуулсан бүтээгдэхүүний аюулгүй байдалд илүү тогтмол, нарийвчилсан хяналт тавих шаардлагатайг харуулж байна. Мөн зүрх дэлсэх, цээжээр өвдөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн залуу өвчтөнүүдээс эдгээр бүтээгдэхүүнийг саяхан хэрэглэсэн эсэх, эсвэл тогтмол хэрэглэдэг эсэхийг эмч нар асууж байх хэрэгтэй" гэсэн байна. Мөн уг судалгааны үр дүнг шууд шалтгаан-хамаарлыг тогтоосон хэмээн авч үзэхээс болгоомжлохыг мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж: Science Daily













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.