НИЙГЭМУРЛАГ

О.Энхтуулыг театр, тайз, дэлгэцээс холдуулж бодохын учиргүй

1990-ээд оноос хойших Монголын тайз, дэлгэцийн тод төлөөллүүдээс Гавьяат жүжигчин хэмээх алдар цолыг хүртээгүй үлдсэн хэдхэн хүний нэг нь Ойдовжамцын Энхтуул байсан бол өчигдрөөс “Гавьяатуудын эгнээ”-нд албан ёсоор орлоо, тэр.

Гавьяа шагналыг гарцаагүй байх ёстой зүйл гэвэл хүртэх ёстой хүмүүс нь хүртэж байж утга учир нь сая дүүрдэг гэлтэй. Монгол Улсад театрын урлаг үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн өдөр энэ талбарын нэгэн цагийн өнгө, хөгжлийг тодорхойлолцож явсан жүжигчин О.Энхтуулын энгэрт гавьяатын тэмдэг гялалзах нь хачин зохиж байгааг түмэн олноороо харцгаалаа.  

Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг жүжигчин Г.Золбоот И.Одончимэг, Ё.Алтангэрэл У.Батбаатар, Б.Цоодол нарын хамт сурч төгссөн тэрбээр Хүүхэд, залуучуудын театраас ажлын гараагаа эхэлж, удалгүй Монголын драмын урлагийн тайзнаа Цагаан дарь эхийн дүрээр анх заларснаас хойш дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийн 30 гаруй гол дүрийг бүтээсэн чансаатай уран бүтээлч билээ.

Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, Н.Наранбаатар, Ш.Доржсүрэн, М.Батболд нарын үе үеийн найруулагчидтай хамтарч, У.Шекспирийн “Макбет” жүжгийн Шулам, “Ричард III”-ын Анна, Т.Уильямсын “Хүслийн трамвай”-н Бланш Дюбуа, “Цагаан дарь эх”-ийн Цагаан дарь эх, “Саран хөхөө”-гийн Сэрсэнмаа, “Тамын дурлал”-ын Абин, “Чимээгүй шөнө”-ийн Зүрхээ, “Шөнө амталсан нулимс”-ын Оюун, “Опал” жүжгийн Опал Кронкийн дүрээр үзэгчдийг байлдан дагуулсан нэгэн.   

Жүжигчин О.Энхтуулын тухай ярихад монголчуудын ой тойнд хамгийн түрүүнд буудаг дүрүүдийн нэг нь 22-хон насандаа амилуулсан “Бүлээн нурам” уран сайхны киноны Мэсүгийн дүр зүй ёсоор тооцогдоно.

1990-ээд оны “хаалттай” нийгэмд “тэрс” үзэлт Б.Лхагвасүрэн гуайн зохиолоор найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн “Бүлээн нурам” уран сайхны кинонд шинэхэн залуу жүжигчин тоглохдоо хожим өөрийнх нь намтартай хамт үүрд яригдаж, бичигдэж, дурсагдах ховор түүх бүтээж буйгаа мэдээгүй нь лавтай.

2022 онд тэрбээр “Орфей” театрынхны тайзнаа амилуулсан “Опал” жүжгийн гол дүрийг бүтээхээр Монголдоо ирэхдээ “Театраа маш их санасан байна. Хүн төрсөн гэртээ эргэж ирэх ямар байдаг билээ, тийм л мэдрэмж авч байна” хэмээсэн юм даг.

Олон жилийн дараа театрын тайзнаа дахин гарахдаа жүжигчин О.Энхтуул сайхан сэтгэл, тэвчээр хоёроос өөр “өмч”-гүй гэнэн цагаахан Опал хатагтайн дүрийг хэрхэн амилуулсан нь одоо ч сэтгэлд тод байна.

М.Батболд найруулагч “Дүрийг найруулагч сонгодоггүй. Зохиол өөрөө дүрүүдээ сонгодог юм. Хэрэв Энхтуул эгчид энэ зохиол таалагдаагүй бол миний хүлээлт үргэлжлэх байсан байх. “Опал” жүжгийн зохиол дахиад өөр жүжигчнийг хүсэж, тохироо нь бүрдэх хүртэл энэ хүлээлт үргэлжилж, жүжиг өнөөдөр тайзнаа амилахгүй байх байлаа” гэхээс ч аргагүй оносон сонголт байсан билээ.   

Аж амьдралын шаардлагаар хань нөхрөө даган алс холын Германыг зорьж, уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарласан ч 16 жилийн дараа Улсын драмын эрдмийн театртаа эргэн ирж, төрөлх бууриа сахин ажиллах хүндтэй үүргийг хүлээгээд буй О.Энхтуул гавьяатдаа уншигч, үзэгчдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе. Таныг театр, тайз, дэлгэцээс холдуулж бодохын учиргүй юм аа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button