ЯРИЛЦЛАГА

#Валентин | Бэлэнчлэх бус бүтээхийн төлөө хөдөлмөрлөж буй хос

Биесээ түшин, аз жаргалтай амьдрахын төлөө борви бохисхийх чөлөөгүй зүтгэн, хөдөлмөрлөж яваа Монголын мянга мянган хос бий. Тэдний нэг нь Б.Отгонбаяр, С.Хулан нар. Залуу хосыг “Enerel`s family” гэсэн хаягтай цахим хуудсаар нь хүмүүс илүү сайн мэднэ. Гэгээн хайрын валентины өдрийг тохиолдуулан тэднийг онцолсон нь  их учиртай.

Залуу хос өөрсдийнхөө урласан модон эдлэл тэр тусмаа монтессори буюу хүүхдийг биеэ эрт дааж сургах зориулалт бүхий ширээ сандал хийдэг юм. Ярилцлага хийх санал тавихад С.Хулан “Тэгье ээ, бололгүй яах вэ. Бид гурав замаараа захиалгаа гялс хүргэж өгчихөөд очъё. Хүүхдийг маань харах хүнгүй болохоор дагуулаад очиж болох уу” гээд инээмсэглэсээр орж ирэн, ярилцлаа.

С.ХУЛАН: ХАНИАС МИНЬ ӨӨР ХЭН Ч НАМАЙГ ИНГЭЖ САЙН ОЙЛГОХГҮЙ

Юуны өмнө та гуравтаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

Б.Отгонбаяр (Б.О):- Намайг Батболдын Отгонбаяр гэдэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн. Эхээс дөрвүүлээ, гурав дахь хүү нь болон мэндэлсэн. 21 настай.

С. Хулан (С.Х):- Намайг Сүхбатын Хулан гэдэг. Би 20 настай. Улаанбаатар хотод төрж өссөн. Айлын ууган нь, хоёр дүүтэй. МУБИС-д сурдаг. Одоогоор хичээлээсээ түр чөлөө авчихсан байгаа.

-Маргааш гэгээн хайрын баярын өдөр тохионо. Хосууд маань баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

(Б.О):- Бид хоёр нэг их сүртэй тэмдэглэдэггүй (инээв). Хосуудыг хоёр ангилаад байх шиг байгаа юм. Энгийн эсвэл романтик гээд. Бид хоёр энгийн ангиллынх нь.

(С.Х):– Гадуур гарахаас илүү зүгээр л гэртээ гоё хоол хийж идэхийг илүүд үздэг. Охинтойгоо хамт тоглоод, гэртээ амттай зүйл хийж идэх л хамгийн сайхан. Ер нь ханиас минь өөр хэн ч намайг ингэж сайн ойлгож чадахгүй гэж боддог.

-Хос бүхэнд анх танилцсан нандин дурсамж бий. Та хоёрынх ямар бол. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?

(С.Х):– Бид хоёр найман жилийн өмнө Хэнтий аймагт анх танилцсан. Би тухайн үед зуны амралтаараа гэр бүлийнхэнтэйгээ хамт Хэнтийд очсон юм. Тэгэхэд нөхөртэйгөө анх танилцаж билээ.

-Анхны сэтгэгдэл их чухал. Та хоёр биенээ анх харахдаа юу гэж бодсон бэ?

(С.Х):– Анх хараад нөхрийгөө хамаатны ах л юм байна гэж бодсон. Яриасаг, нэг тийм хөгжилтэй хүн шиг л санагдсан (инээв).

(Б.О):- Ханиа анх хараад хотоос ирсэн, жаахан их зантай охин байна даа л гэж бодсон. Би ер нь тиймэрхүү охидод дургүй. Тэгээд ярилцаад, хэсэг хугацаа өнгөрсний дараа миний төсөөлснөөс их өөр, дуу цөөнтэй, наргиа ойлгодог, мэдрэмжтэй охин шиг санагдах болсон. Ер нь ингээд бодоод байхад тэгэхэд л эхнэртээ анх дурласан юм.

Б.ОТГОНБАЯР: БИДНИЙГ ХУВЬ ТАВИЛАН УЧРУУЛСАН ГЭДЭГТ ИТГЭДЭГ

-Түүнийгээ шууд илэрхийлсэн үү?

(Б.О):- Тэр өдрөө бид хоёр өдөржин ярилцаж хамт алхаад, орой нь би эгчийндээ хонохоор явсан юм. Тэгээд оройжин мессеж бичсэн. Хэсэг ярилцаж байгаад үерхэх санал тавихад эхнэр маань зөвшөөрсөн. Би дайнд ялсан баатар шиг л баярлаад шөнө нь нойр ер хүрээгүй.

-Биенээсээ ичин, догдолж зогссон анхны болзоогоо үргэлж дурсдаг байх. Хэн нь түрүүлж биенээ болзоонд урьсан бэ?

(С.Х):– Би бараг нөхрийгөө болзоонд урьсан байх аа. Тагтан дээрээ найзтайгаа зогсож байсан чинь манай нөхөр доор сааданд сууж байв. Тэгсэн найз маань намайг шордоод Чи очоод хамт алхах уу гээд асуучих гэсэн. Тэгэхээр нь би шууд л очоод асуучихсан. Тэгснийхээ дараа ичсэндээ царайг нь ч харж чадаагүй (инээв). Нэлээд удаан алхаж, элдвийг ярьсаар нэг мэдсэн чинь орой болчихсон байж билээ.

Би Хэнтийд арав л хоносон байх. Эхний долоо хоногт хоорондоо нэг их харьцаагүй. Сүүлийн гурав хоногт л танилцах, үерхэх зүйлс болоод өнгөрсөн гэхэд болно. Яг л учрахаа хүлээж байсан хүмүүс шиг бүх зүйл түргэн болж өнгөрсөн. Тэгээд л би хот уруу буцах болж, өдөржин уйлаад, хавдчихсан нүдтэй харьсан даа.

(Б.О):- Хуланг хот руу явсны дараа бид хоёр хэсэг хугацаанд холбоотой байсан. Гэхдээ яалт ч үгүй хоёр өөр газарт байхаар хоорондоо хөндийрчихдөг юм билээ. Нэг мэдэхэд л холбоотой байхаа болиод дөрвөн жил өнгөрчихсөн байсан. Яг тэгж байтал би Улаанбаатарт ирэн, найзуудтайгаа хамт байр түрээсэлж амьдарсан юм. Гэтэл ёстой санаандгүй зүйл болсон. Нэг найзтайгаа уулзсан чинь Хулантай хамт хүрээд ирдэг байгаа. Гайхсан бас баярласан гэж жигтэйхэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа санамсаргүй таарсан. Харилцаагаа дахиад шинээр эхлүүлээч гээд учруулаад байсан ч юм бил үү. Биднийг хувь тавилан учруулжээ л гэж боддог бас итгэдэг.

(С.Х):– Нөхөртэйгөө байнга таараад байсан болохоор эхэндээ зөндөө гайхаж байсан. Би ч гэсэн сүүлдээ хувь тавилан юм байна л гэж бодох болсон.

(Б.О):- Би нутаг уруугаа буцах ямар ч сонирхолгүй болчихсон хотод ганцаараа хоёр, гурван сар байр түрээслээд амьдарсан юм. Тэгээд эхнэрийгээ хамт амьдаръя, эсвэл би хажууд чинь нүүгээд очъё гэж хүртэл ятгасан удаатай.

ЭХНЭР МААНЬ ГЭРЭЭСЭЭ НУУЦААР ОРГОН НАДТАЙ ХАМТ АМЬДАРСАН

-Нутагтаа очихгүй хоёр гурван сар болохдоо гэр бүлийнхэндээ юу гэж тайлбарлаж байв. Гэрийнхэн нь гайхсан уу?

(Б.О):- Хэцүү байсан л даа. Тэр бүхэнд Удахгүй бүх зүйл сайхан болно гэж өөрийгөө тайвшруулдаг байв. Ганцаараа байр түрээслээд хоёр сар гаруй болсны дараа эхнэр маань гэрээсээ нууцаар оргож ирээд бид хоёр хамт амьдарч эхэлсэн. Тэр үед хадмууд маань над руу залгаад, цагдаа хүртэл дуудсан шүү. Аргагүй шүү дээ. Охиноо гэрээсээ яваад нэг залуутай хамт амьдарна гэвэл би ч бас их хүндээр тусгаж авах байсан. Гэхдээ одоо бүх зүйл ард хоцорсон.

(С.Х):– Би хоёр ээлжийн хувцсаа цүнхлээд л нөхрийнхөө түрээсэлдэг байсан байр руу нүүж очиж билээ. Ээждээ Би хүнтэй суулаа, хамт амьдарна гээд хаашаа явахаа ч хэлээгүй. Тэгээд нүүж очоод хоёр хоногийн дараа ээж, аав хоёр маань хүмүүсээс асууж сураглаж явсаар байгаад ирсэн. Цагдаа дагуулаад ирсэн гээд бод доо. Би учрыг нь тайлбарлахад манай гэрийнхэн тайвширсан. Нөхөр маань намайг Чи минь гэртээ хариад ир ээ. Аав, ээжийнх нь санаа их зовж байгаа гээд л байсан. Би л зөрсөөр байгаад тийм байдалд хүргэсэн юм шүү. Тухайн үед аав, ээжийнхээ санааг нь их зовоосондоо гэмшдэг.

С.ХУЛАН: НЭГНИЙГЭЭ БАЙГААГААР НЬ ХҮЛЭЭЖ АВСАН БОЛОХООР САЙХАН САНАГДДАГ

-Улаанбаатар хотод амьдрахад өртөг өндөртэй. Анхандаа байрны түрээс, хэрэглээнийхээ мөнгийг хэрхэн зохицуулж байв?

(Б.О):- Санхүүгийн асуудал их хүнд байсан л даа. Түүнээс болж бид хоёр хоосон хонох, маргах үе зөндөө л гарна. Гэхдээ тэр бүхэнд Хулан маань надад гомдлолгүй, намайг дэмждэг байсан. Би ямар ч ажлыг гололгүй хийж, хоногийн хоолоо залгуулдаг байлаа.

-Хосууд биендээ их уусдаг. Хамтдаа амьдрах болсноор та хоёр хэр өөрчлөгдсөн бэ?

(Б.О):- Эхнэр маань анх надад таалагдах гэж хувцасладаг, үг яриагаа хүртэл хэтэрхий цэнээд, өөрийнхөөрөө байдаггүй байсан юм л даа. Харин одоо бол миний дэргэд их тухтай байгаа нь мэдрэгддэг. Гадаад байдалдаа ач холбогдол өгөхөөс илүү гэр бүлдээ л өөрийгөө зориулдаг болсон. Энэ нь нөгөөтээгүүр сэтгэлийг минь эмзэглүүлдэг. Би эхнэрээ гоё байлгаж чадахгүй байна уу даа гэж санаа зовдог.

(С.Х):– Хань минь их халамжтай, маш шургуу, хөдөлмөрч. Хамт амьдраад эхэлснээс хойш түүнийгээ улам их үнэлж, хүндлэх болсон. Ер нь л их сэтгэлтэй, сайн залуу. Бас их мөрөөдөмтгий. Ямар ч бэрхшээлтэй тулгарахад аль хэдийн гарцыг нь олчихсон байдаг шүү.

-Ханиасаа сонсож байсан хамгийн сайхан үг, авч байсан дурсамжтай бэлэг юу вэ?

(С.Х):– Манай нөхөр материаллаг талдаа гэхээсээ илүү сэтгэлийн бэлгийг чухалчилдаг. Заавал баяр ёслол гэлтгүй өдөр тутамдаа сайхан үгс хэлж, жижиг ч болов зүйлсээр намайг дандаа баярлуулдаг юм. Давс ихтэй хоол хийсэн ч, гоё байна гээд идэх жишээний. Хог шүүрдсэн ч ямар гоё хог шүүрдээ вэ гэхчлэн урмын үг хэлж, үргэлж баярлуулдаг даа.

С.ХУЛАН: ХАМТ АМЬДРААД ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ТҮҮНИЙГЭЭ УЛАМ ИХ ҮНЭЛЖ, ХҮНДЛЭХ БОЛСОН

-Монгол залуучуудын зарим нь гэрийн ажилд сайн тусалдаггүй, хийморь доройтно гэх хандлагатай байдаг шүү дээ. Ханийнх нь хувьд хэр халамжтай вэ?

(С.Х):– Манай гэр бүлд хэн нэг нь давуу эрхтэй гэсэн зүйл бараг байдаггүй. Бүх зүлийг хамт хийнэ. Би хоол хийхдээ тааруу. Харин нөхөр маань гэрийн ажил, хоол хийхийг хэнээр ч хэлүүлэлгүй, санаачлагаараа хийчихдэг болохоор амар байдаг. Ялангуяа төрсний дараа үсээ угаах, хүүхдээ хуурайлах гээд олон зүйл дээр тусалж, намайг амрааж байгаа. Хүүхдээ ч маш сайн асарч, халамжилдаг. Бид хэзээ ч нэгэнтэйгээ барьцаж байгаагүй.

(Б.О):- Нэг нэгэндээ хайртай, бас сэтгэлтэй байхад тэр асуудал биш шүү дээ. Тийм аар саар зүйлсээр эхнэрээ зовоохыг хүсдэггүй.

-Охиноо олсныг анх мэдээд ямар сэтгэгдэл төрж байв. Нөхөр нь анх хэрхэн хүлээж авав?

(С.Х):– Айж гайхах зэрэгцсэн. Нөхөр маань хэрхэн хүлээж авах бол гэхээс бус гэрийнхэн, хамаатнууд юу гэж хэлэхээс эмээсэн. Ийм багадаа хүүхэдтэй боллоо гэж зэмлэх нь тодорхой байсан л даа. Баярт мэдээ дуулагахад хань минь маш баярласан.

(Б.О):- Хүүхэдтэй болсон гэдгийг сонсоод маш их баярласан ч түүнийг дагаад өндөр хариуцлага ирэх учраас жаахан эмээсэн. Гэхдээ одоо ингээд бодохоор эхнэрийн маань хамгийн хөөрхөн төрх бол цодгор гэдэстэй байх үе нь. Тэр үеэс эхлэн хуримтлалтай болох хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Тэгийн тулд хөдөө гурван сар ажил хийсэн.

(С.Х):– Нөхрийгөө хөдөөнөөс ирсний дараа бид хоёр түрээсэлж байсан байрнаасаа гарсан. Тэгээд ээжийнхээ хашаанд илүү гэр барьж, туурга тусгаарлаж билээ. Охиноо төрөхөөс өмнө хань минь аавын мужааны ажилд нь тусалсан. Тэгж байхдаа мужаан хийж сурсан юм. Үүнийгээ улам хөгжүүлж, бие дааж модон эдлэл хийж эхлэв. Тэгээд зах дээр аваачин худалдах болсон. Анх интернетээр хүмүүсээс захиалга зорилгоор Enerel`s family цахим хуудсаа нээж, удалгүй өөрсдийнхөө амьдрал, жижиг дунд бизнес эрхэлж байгаа залууст тулгамддаг асуудал, хайрын түүх зэргээ хуваалцахаар шийдсэн юм.

-“Enerel`s family” хуудсыг хүмүүс дагах дуртай. Та хоёрыг их дэмждэг юм билээ. Ер нь захиалга хэр байдаг вэ?

(С.Х):– Бид хоёрыг хүмүүс маш их дэмжиж байгаа. Гэхдээ цахим хуудсаа идэвхтэй хөтлөхгүй үед захиалга тааруу байсан юм л даа. Тиймээс гэр бүлийнхээ түүхээс хуваалцах болсон юм.

-Монголд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд ихэвчлэн ямар асуудал тулгардаг вэ?

(С.Х):– Санхүүгийн бэрхшээлтэй л маш их тулгардаг даа. Ядаж л банкнаас зээл хөөцөлдөх гэхээр нас хүрэхгүй, дээр нь нийгмийн даатгал төлдөг байх ёстой гэхчлэн шалгуур өндөртэй. Улсаас энэ тал дээр залуусыг дэмжиж ажиллаасай гэж хүсдэг. Хүмүүсийн хандлагын тухайд эхнээсээ байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөөд явж байгаа учраас ихэнхдээ эерэг, сайхан үгсийг сонсдог. Яах вэ тэр дунд саар зүйл хэлдэг хүмүүс байдаг ч түүнийг нь бүтээлдээ шингээж, илүү сайжруулахыг хичээдэг.

(Б.О):- Ялангуяа багаж материалын хувьд бид хоёрт маш дутмаг. Тиймээс бүгдийг гараараа хийдэг. Ширээ сандлаа хийж эхлээд удаагүй байгаа болохоор сайжруулах зүйлс зөндөө бий. Ялангуяа хүүхэд бүрийн нас, биеийн онцлогт тааруулах нь төвөгтэй. Бүтээгдэхүүн гарах явц бүгд гар ажиллагаатай учраас худалдан авч байгаа хүмүүс маань аль болох хүлээцтэй хандахыг хүсье. Сөрөг шүүмжлэл надад хүндээр тусахгүй ч, хөхүүл хүүхэдтэй, нялх биетэй эхнэр маань заримдаа эмзэглэдэг.

Б.ОТГОНБАЯР: УЛСААС ЗАЛУУ ҮЕЭ ДЭМЖИЖ АЖИЛЛААСАЙ Л ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

-Та хоёр өөрсдийнхөө барьсан байшинд амьдраад удаагүй байгаа гэж сонссон. Гэртээ хамгийн анх ямар зүйл худалдаж авав?

(Б.О):- Ихэнхдээ хүмүүсийн хэрэглэж байсан хуучин тавилгыг засаад гэртээ тавьсан. Харин гэртээ зориулж нэг ширээ хийсэн.

(С.Х): Байшиндаа орсны дараа үнэхээр сайхан байсан. Хэдий тавилга хомс, жижигхэн ч гэсэн тэнд миний гэх бүх зүйл маань байгаа болохоор бүр ч сайхан.

-Хосууд маань цаашид юу хийхээр зорьж, төлөвлөсөн бэ?

(Б.О):- Одоо хийж байгаа ажлаа өргөжүүлж, илүү сайжруулах төлөвлөгөөтэй байгаа. Бас ажлын байртай, өөрийн гэсэн унах унаатай л болохыг хүсэж байна. Түүнийхээ төлөө ч ажиллаад эхэлсэн. Хамгийн сайхан нь бид хоёрын ярьсан зүйлс нэг их амархан бүтээд, биелээд байдаг юм.

(С.Х): Нээрэн тийм шүү. Би ч бас гайхдаг. Үнэхээр л амархан биелээд байдаг шүү дээ. Би нөхрийнхөө ажилд дэм болох мэргэжлээр сурах бодолтой байгаа. Хүүхэд маань цэцэрлэгт ортол жил гаруй хугацаа бий. Тийм учраас тэр хүртэл санхүүгийн асуудлаа бас өөрийгөө бэлдэнэ.

-Хэр баргийн юмыг өнгө, мөнгөөр хардаг болсон өнөө үед бор зүрхээрээ зүтгэн, хөдөлмөрлөж яваа та хоёроор бахархаж байна. Залуу хосууддаа хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

(Б.О):- Эхнэрийгээ үргэлж ойлгож, гэр бүлээ ямагт нэгдүгээрт тавьж байгаарай. Найзууд гэхээсээ илүү гэр бүлтэйгээ хамт цаг хугацааг өнгөрүүлж байгаарай л гэж зөвлөе.

(С.Х): Бусдын үгийг сонсохоос илүү хоорондоо л сайн ярилцан, ойлголцож байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь л бүхнийг хамтдаа хийж, асуудал бүхнийг сорилт, илүү сайхан боломж хэмээн харж байгаасай л гэж хүсье дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button