Ярилцлага

Rusty: Монголын кино урлагт найруулагчийн амьдралын туршлага, өнцөг дутагддаг

Монголын кино урлагийг хөгжүүлэх, шинэ шатанд гаргахын төлөө зүтгэж яваа олон залуус бий. Тэдний нэг нь контент продюсер Rusty. Түүнийг киноны хорхойтнууд “Кино talk”-ийн гүйцэтгэх продюсер, “Rusty talks” подкаст хийдэг гэдгээр нь илүү сайн мэднэ. Киногоор “амьсгалж”, амьдралынхаа нэгээхэн хэсэг болгож яваа Rusty-тай ярилцлаа.

БИ ОСКАРЫН 24 ТӨРЛИЙН 17-Г НЬ ОНОЖ ТААМАГЛАСАН

-Энэ жилийн Оскарын наадам маш онцлогтой, өвөрмөц боллоо. БНСУ-ын “Шимэгч” кино дөрвөн шагнал хүртсэн дуулиан одоо ч намжаагүй байна. 2020 оны Оскарын наадмын талаар ярилцлагаа эхэлье?

-Өмнөд Солонгосын кино түүхэндээ анх удаа Оскарын шагнал авсан нь онцлог байлаа. Жилээс жилд тус наадам маш их шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Хамгийн шилдэг бүтээлд шилдэг киноны шагнал өгсөнгүй гэх мэт олон маргаан дагуулдаг л даа. Харин энэ жилийн хувьд нэр дэвшсэн бүтээлүүд дунд маргаан харьцангуй бага гарсан, хаа хаанаа л баяртай байгаа болов уу. Мөн нэр дэвшиж чадаагүй сайн бүтээлүүд олон байсныг дурьдах нь зүйтэй байх.

-Та ер нь ямар бүтээлүүд шагнал авах бол гэж таамаглав. Оскарын шагнал хэр нүдээ олсон гэж бодож байна вэ?

-Миний хувьд Оскарт нэр дэвшсэн бүх киног үзэж чадаагүй. Зарим уран бүтээлийг нь Монголд үзэх боломжгүй байсан юм л даа. Харин үзсэн кинонуудын хувьд таамаглал дэвшүүлэхэд 24 төрөлд 12-ыг нь зөв таасан. Харин үзсэн, үзэж чадаагүй нийлээд 17-г нь онож таамагласан байсан шүү (инээв).

“Parasite” киноны Бун Жун У шилдэг найруулагчаар тодорсон нь миний хувьд гэнэтийн байсан. Би Сэм Мендес найруулагчийг “1917” киногоороо шилдэг болох байх гэж таамагласан юм.

-“Шимэгч” киноны нэр их содон. Хүмүүс энэ уран бүтээлийг үзээд шимэгч нь хэн бол гэж эргэлздэг. Хүн бүрийн таамаг харилцан адилгүй байдаг л даа. Таны бодлоор “Шимэгч”-ийн шимэгч нь хэн бэ?

-Тус кино хийц, гүйцэтгэл, зохиол зэрэг олон талаасаа алдаа багатай сайн уран бүтээл болсон. Хүмүүс “Шимэгч”-ийн шимэгч нь хэн бэ гэдгийг маш олон талаас харж байна л даа. Миний хувьд гол дүрийн гэр бүл шимэгчид. Түүнээс гадна хөрөнгөтөн гэр бүл бусдын хөдөлмөрийг шимэгчилж амьдарч буй хэсэг ч гардаг. Байшингийнх нь доор нөхрөө нууцаар амьдруулж байсан зарц эмэгтэйн гэр бүл ч бас шимэгч. Ер нь энэ кинонд бүгд л бие биенийгээ шимэгчилж амьдарч буйг харуулдаг учраас би бүгдийг нь л шимэгч гэж хэлнэ. Би ер нь солонгос кино нэг их үздэггүй. Пак Чан Үг, Бун Жун У найруулагчийн зарим киног л үзсэн.

-Та жүжигчдээс хэнийг үнэлж явдаг вэ?

-Дуртай жүжигчид маань ганц нэгээр дуусахгүй ээ. Яг одоо санаанд орж байгаа жүжигчин гэвэл энэ жил Оскарт нэр дэвшсэн Ирландын уран бүтээлч Saoirse Ronan. Тоглосон кинонуудыг нь 2008 оноос үзэж эхэлсэн болохоор маш их дуртай, дэмждэг жүжигчдийн маань нэг. Харин эрэгтэй жүжигчний хувьд гэвэл сүүлийн үед хүчтэй гарч ирж буй Timothée Chalamet.

КИНО УРЛАГ СОНИРХДОГ БОЛОХОД МААНЬ “НЕМОГИЙН ЭРЭЛД” НӨЛӨӨЛСӨН

-Кино урлагийг сонирхон, амьдралаа холбоход тань юу нөлөөлөв?

-Македон улсад байхдаа “Немогийн эрэлд” киног анх удаа кино театрт үзсэн юм. Түүнээс хойш кино урлагт хорхойсон, шимтэх болсон. За, тэгээд Монголд интернэт нэвтрэхэд гэртээ суурилуулж байгаад л кинонд илүү их ач холбогдол өгч, судалж эхэлсэн дээ.

-Кино урлаг таны амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ?

-Кино урлаг миний ажил, амьдралын яахын аргагүй салшгүй нэг хэсэг. Харин хувь хүний хувьд хөл бөмбөг нэгт байдаг шүү.

-Та “Кино talk” нэвтрүүлгийн гүйцэтгэх продюсерээр ажилладаг. Тус нэвтрүүлэгт ажиллах боломж хэрхэн олдов?

-“Кино talk” нэвтрүүлгийн төслийг санаачлагч нь Идэрээ (Г.Идэр-Ууган) ах. Тэрбээр “NBA talk”, “Football talk”-ийн дараагийн төсөл болох “Кино talk” нэвтрүүлгийг эхлүүлсэн юм. Уг төслийг хэрэгжүүлэхээсээ өмнө “Хамтарч ажиллах хүн санал болгооч” гэж цахим хуудсандаа нийтэлсэн юм билээ. Тухайн үед би Идэрээ ахыг таньдаггүй байсан юм. Түүний постны доор миний подкастыг сонсдог хүмүүс “Rusty-тэй хамтраач” гэж санал болгосон юм байна лээ. Сэтгэгдэл дээр нь 60-70 хувь нь миний цахим хаягийг таглачихсан байсан (инээв). Тэгээд л бид хамтарч энэ төслийг эхлүүлсэн дээ.

-Тэгэхээр хүмүүс Rusty-г “Кино talk”-аас өмнө подкастаар тань хэдийнэ мэддэг байсан юм байна. Ер нь та подкастаараа хүмүүст юу хэлэхийг, ойлгуулахыг хүсдэг вэ?

-Манай подкастын зорилго бол анхандаа зөвхөн хүмүүст үзсэн киноныхоо талаарх сэтгэгдлээ хуваалцах байв. Гэхдээ контент талаас нь ажиллана гэж бодож байгаагүй. Өмнө нь үйл ажиллагаа тал дээрээ төвлөрөн ажиллаж байсан юм. Харин сүүлийн үед найзуудаараа суугаад зүгээр ярих биш, илүү анализ хийж, хүмүүст чанартай мэдээлэл өгөх зорилготой болсон.

RUSTY БОЛ “OCEAN’S 11” КИНОНЫ ГОЛ ДҮР

-Хүмүүс таныг Rusty гэдэг нэрээр тань илүү сайн мэднэ. Өөрийгөө яагаад ингэж нэрлэх болов?

-Би багадаа “Ocean’s 11” киног анх үзсэн юм. Тус уран бүтээлийн гол дүрд жүжигчин Брэд Питт Rusty Ryan гэдэг эрэгтэйн дүрийг бүтээдэг. Миний хамгийн дуртай дүрүүдийн нэг нь тэр. Би анх фэйсбүүк хаяг нээхдээ өөрийнхөө жинхэнэ нэрээс ч тэс өөрөөр нэрлэж байсан. Харин дараа нь Rusty Ryan болгож өөрчилсөн юм. Олон жил ийм нэртэй яваа  болохоор хүмүүс намайг ингэж дуудаад сурчихсан. Би ч энэ нэрэндээ бүр дасчихаж (инээв).

-Таны жинхэнэ нэр ер нь хэн юм бэ?

-Гэр бүл, ойр дотныхон маань л мэднэ. Жинхэнэ нэг их ашиглаад байдаггүй болохоор хэлээд яах вэ, нууц үлдэг (инээв).

-Кино урлагийн салбарт хийхийг хүсдэг ойрын зорилго тань юу вэ?

-Кино урлаг өөрөө маш том салбар. Харин манай улсад энэ салбарын зах зээл маш бага. Би кино урлагийн салбарт чадах чинээгээрээ чанартай контент хийн, хувь нэмэрээ оруулахыг маш их хүсдэг. Мөн “Positive Mongolians” төслийн Төвшөө, Кино задлангийн Баатраа бид гурав хамтарч “PRZ creative”-ийг байгуулах болсноо дуулгахад таатай байна.

МОНГОЛЫН КИНО УРАН БҮТЭЭЛЧИД ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ АЛХАХ ХЭРЭГТЭЙ

-Та сая Монголын киноны зах зээл маш бага байна гэлээ. Манай улсад энэ салбар хөгжихөд юу чухал вэ?

-Монголд арилжааны кинонууд маш их байна. Хэтэрхий их ашиг хонжоо харж, кино урлагаа бодохгүй байгаа юм шиг санагддаг.

Гэхдээ үүнийг шууд буруутгаж бас болохгүй. Монголын эдийн засаг дорой, цөөхөн хүн амтай учир хэцүү л дээ. Хэдий тийм ч монгол уран бүтээлчид маань өөрсдөө кино үздэггүй. Цаг үетэйгээ нийлж алхахгүй байна. Заавал Оскарын кино үзэхдээ биш, өөрт таалагдсан киногоо үздэг байх хэрэгтэй. Уран бүтээлчид маань киноноос авах зүйлээ авч, суралцах хэрэгтэй байна. Монгол кино агуулгын хувьд маш ядмаг байна. Мөн үзэгчид маань кино үзэж, түүнийгээ нээлттэй шүүмжлэх хэрэгтэй. Ингэж байж л монгол кино арай өөр түвшинд хүрэх байх.

Оскарын наадмын үеэр “CJ” энтертайнментийн орлогч дарга Miky Lee хэлэхдээ “Солонгос үзэгчдэдээ маш их баярлалаа. Үзэгчид маань чин үнэнээр сэтгэгдлээ хуваалцсаны үр дүнд бид уран бүтээлээ улам сайжруулж, суралцдаг” гэж хэлсэн. Үүнтэй би санал нэг байна.

“ОД БА ГЭГЭЭ”, “ХИЙМОРЬ”, “АМЬДРАЛ”-ЫГ САЙН КИНО ГЭЖ ҮНЭЛДЭГ

-Үзэгчид Монгол кино хөгжихгүй байна гэж шүүмжилж байгаа нь анзаарагддаг. Сүүлийн үед хамгийн чанартай хийсэн уран бүтээл гэвэл та ямар киног онцлох вэ?

-“Од ба Гэгээ”. Маш сайн хийсэн кино. Энгийн мөртлөө маш гоё өгүүлэмжтэй. Хийцийн хувьд гэвэл “Хийморь”-ийг онцолъё. Хамгийн сүүлд би “Амьдрал” киног үзэв. Ж.Сэнгэдорж найруулагчийн тус кино надад их таалагдсан.

-Киног хүн өөр өөрийнхөөрөө үнэлж, дүгнэдэг. “Үнэхээр сайн уран бүтээл болж” гэгдэж буй киног зарим нь ойшоохгүй байх нь бий. Чанартай кино гэж үнэлдэг таны хэмжүүр юу вэ?

-Мэдээж наад захын хэдэн зүйл байх ёстой. Ямар ч төрлийн кинонд хэд хэдэн “дүрэм” бий. Логиктой, хийц сайтай байх ёстой. Хамгийн гол нь ашиг гэхээсээ илүү уран бүтээлээ бодож хийсэн кино чанартай болдог. Тухайлбал, дэлгэцийн уран бүтээлд тайзны жүжиглэлт байх ёсгүй. Монголын жүжигчдийн том дутагдал нь кинонд тоглохдоо тайзны жүжиглэлттэй байдаг явдал.

-Монголын кинонууд хэдхэн сэдвийн дунд эргэлдээд байх шиг. Таны бодлоор манай улсад ямар сэдвийн уран бүтээл дутагдаж байна вэ?

-Энэ жилийн Оскарын наадмын үеэр найруулагч Бун Жун У “Найруулагчийн туршлага, мэдрэмж, өнцгийг гаргах нь хамгийн бүтээлч байдаг” гэх утгатай үг хэлсэн. Би үүнтэй нь санал нэг байна. Монголын кино уран бүтээлд найруулагчийн өөрийн амьдралын туршлага, өнцөг маш их дутагддаг. Нийгэм юу хүсэж байгаад тааруулж кино хийдэг. Харин энгийн, өөрийнхөө туршлагад суурилсан кино маш ховор байдаг нь харамсалтай.

Тухайлбал, “Хийморь” кинонд хөдөөний нэгэн залуу йлд орж ирээд айраг ууж суухдаа өврөөсөө хүүхэд гаргаж ирдэг хэсэг гардаг. Энэ хэсэг Эрдэнэбилэг найруулагчид тохиолдож байсан явдал. Энэ нь киноны зохиолд нийцсэн бас нэгэн чимхлүүр хэсэг болсон. Үүнтэй адил хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэхээс илүүтэй өөрийн туршлагад суурилсан кино хийгээсэй гэж хүсдэг.

МОНГОЛД КИНО ШҮҮМЖ ДӨНГӨЖ ХӨГЖИЖ ЭХЭЛЖ БАЙНА

-Кино урлагийг жүжигчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнөө цагт Монголын төдийгүй дэлхийн нийтээр “дүр худалдах” гэдэг асуудал шүүмжлэл дагуулсаар буй. Кинонд ур чадвартай гэхээс илүү олны танил хүнийг тоглуулах сонирхолтой найруулагч олон болоод байх шиг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Бараг бүх улсын арилжааны кинонд олны танил хүмүүс тоглодог. Энийг буруутгаж болохгүй. Харин уран бүтээлийн талаас харвал мэргэжлийн жүжигчид тоглох учиртай. Аль болох дэлгэцийн уран бүтээлчдийг олноор төрж гараасай гэж бодож явдаг. Ялангуяа тайзны урлагийн жүжигчид кино урлаг руу шилжихдээ илүү хөгжиж, дэвшээсэй гэж хүсдэг.

-Монголд мэргэжлийн кино шүүмжлэгч байдаггүй гэдэг. Сүүлийн үед манай улсад кино шүүмж хэр хөгжиж байна вэ?

-Монголд кино шүүмж дөнгөж хөгжиж эхэлж байна. Кино урлаг хөгжихийн тулд дөрвөн хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Киноны уран бүтээлчид, үзэгчид, флатформууд, шүүмжлэгчид нэгэн цогц болж байж сая кино урлаг хөгжих боломжтой. Эдгээрээс хамгийн түүхий байгаа нь кино шүүмж юм. Үүнийг мэргэжлийн хэмжээнд ажил болгоод хийнэ гэдэг зөвхөн Монголд төдийгүй дэлхийд ч маш хэцүү зүйл л дээ. Тиймдээ ч кино шүүмж хөгжихөд төвөгтэй байгаа гэж боддог. Гэхдээ энэ салбар хөгжих боломж нь бүрдээсэй гэж би маш их хүсдэг.

-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Кино сонирхогчдод зөвлөгөө өгөхгүй юу?

-Үнэхээр кинонд дуртай бол судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Аль болох хадмал орчуулгатай гадаад кино үзэж байгаарай гэж зөвлөмөөр байна. Тэгэх тусам гадаад хэлний мэдлэг сайжирч, олон талаар өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Sonsongch
Sonsongch
2020-02-14 13:23

Minii bodloor suuld garj baigaa Mongol kinonoos hamgiin taalagdaj baigaa ni Legend of Gobi (Goviin Domog) l ih ovormots buteel shig sanagddag hun hunii harah ontsog oor ymdaa

hmmm
hmmm
2020-02-16 19:19
Reply to  Sonsongch

ter trash kinog sn gj bodwol chi ih hotsorch yvaa bnadaa

Зочин
Зочин
2020-02-14 13:37

Podcast iig n zarimdaa sonsdog Rusty joohon ego ihtei bolhoor shuumj taldaa sain shuu, Gdnii sain sain shuumjlegchidees neeh duthaargui podbastiig n sonsvol mash ih medee medeelel boldog shuu humuusee sonsood uzeeree

Холбоотой мэдээ

Back to top button