НийгмийнНИЙГЭМ

АСУУДАЛ: Хэтэвчний зузаанаар хэмжигдэх ХҮҮХЭД АСРАГЧ

БНХАУ цаашлаад дэлхийн хэмжээнд тархаад буй Ковид-19 вирусийн халдвараас болж, дэлхий дахинаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүний хүрээнд өнгөрсөн сар /2020.01.24/-аас эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд, олон нийтийн үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллагуудын үйл ажиллагааг ирэх сар /2020.03.02/ хүртэл хориглосон билээ.

Хэдийгээр энэ нь хүүхэд багачуудыг учирч болзошгүй аюулт өвчнөөс хамгаалж буй мэт боловч араасаа цөөнгүй эрсдэл дагуулж буйг олон зүйл харуулна. Ялангуяа цэцэрлэг болон бага ангийн сурагчид амарснаар тэднийгээ хэнээр харуулах вэ гэдэг том асуудал эцэг эхчүүдийн дунд тулгарсан.

Зарим нэг нь хүүхдээ аав, ээждээ даат­гаад ажлаа хийнэ. Харин харуулж үлдээх хүнгүй эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ гэр­тээ цоо­жилж үлдээх нь олонтаа.

Гай газар доороос гэгчээр хүүхэд л болсон хойно бэртэж гэмтэх, цаашлаад нас барсан тохиолдлууд даанч олон билээ. Саяханы жишээг дурьдахад л: /2020.02.05/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд бага насны гурван тэрсхэн хүүхэд халуун усанд түлэгдэн цаг бусаар амиа алдсан нь даанч харамсалтай.

Энэ мэт эцэг эхийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас болж эндсэн хүүхдүүдийн гэмтнээр өнөө л эх эцэг нь буруудаад хоцордог нь бүр ч харамсалтай. Улс нь иргэдээ дэмжиж, энэ төрлийн үйлчилгээг боломжийн үнэ ханштайгаар иргэдэд нэвтрүүлэх, эхчүүдийг гэртээ хүүхдээ харж байх хугацааны тэтгэмжийг нэмэгдүүлэх зэргээр боломжит нөхцлөөр ажиллавал, нялхасын эндэгдэл төдий хэмжээгээр буурах нь лавтай.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар, 2018 оны байдлаар 0-4 хүртэлх насны хүүхэд 190410, 5-9 хүртэлх насны хүүхэд 175279, 10-14 насны хүүхэд 123693 байгаагаас шинэ төрөлт 78444 байна.

Үүнээс тав хүртэлх насны хүүхдийг цаг болон түүнээс дээш хугацаагаар ганцааранг нь гэрт цоожлох, цаашлаад 10 хүртэлх насны хүүхдээр дүүг нь харуулаад үлдээж байгаа нь нийт хүүхдийн найм хүртэлх хувийг эзэлж буй нь харамсалтай.

Энэ бүхнээс харахад, заавал хөл хорио тогтоохтой холбоогүйгээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй багачууд, эсвэл хичээл нь эрт тарсан багачуудыг эцэг эхийн ажил тараад гэртээ харих хүртэл найдвартай, боломжийн хөлсөөр найдвартай хараад өгөх үйлчилгээ дутагдаж байгаа нь илт. Үгүй ядаж л сургууль цэцэрлэг 16:30 цагт тарж байхад, эцэг эхийн ажил эртдээ 18:00, цаашлаад 20:00, 21:00 цагт тарж байгааг юу гэж ойлгох вэ? Энэ хугацаанд хүүхдийг нь хэн сургууль, цэцэрлэгээс авч, асрах ёстой гэж ийм цагийн хувиарилалт байдгийг ойлгоход бэрх. Бид хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эцэг эхчүүдийн төлөөлөл болгон зарим иргэнээс тодруулга яриаг авсан юм.

Иргэн Т: Би 10 сартай, таван настай, есөн настай гурван хүүхэдтэй. Хөл хорио тогтоосноос хойш хүүхдүүдээ эмээгээр нь харуулах, зарим үед том охиндоо даатгаад үлдээдэг. Гар хүрэх бүхий л зүйлийг нь холдуулаад аль чадахаараа аюулгүй байдлыг нь хангахыг хичээж байна. Амьдрахын эрхээр хань бид хоёр банкны зээлээ төлөх гээд ажилдаа эрт орсон.

Иргэн Г: Би үсчин хийдэг. Дөрвөн настай хүүтэй. Одоо тэгээд хэдэн оюутан дүүгээ гуйна. Бүр болохгүй бол хүүгээ ажил руугаа дагуулаад л явж байгаа. Уг нь хөл хорионы үед аль болох гадуур дагуулаад явмааргүй байгаа ч өөр арга алга даа. Эхнэр зах дээр лангуутай. Хүний хөл ихтэй газар суулгахаар гээд хүүгээ би л аваад явна даа.

Иргэн Ж: Хүү охин хоёроо хөдөө өвөөгийнх нь рүү нь явуулчихсан байгаа. Хичээл нь орохыг дөхүүлээд авчирна. Харуулах хүнтэй болохоор хань бид хоёр санаа амар л ажлаа хийгээд явж байна.

Мөн эцэг эхчүүд асрагч хөлсөлж байгаа эсэх, хүүхдээ хэнээр харуулж буйг танадах үүднээс, хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах “Happy Flowers” төвийн үүсгэн байгуулагч, захирал Э. Ууганцэцэгээс дараах тодруулгыг авсан юм.

Захиалга их байгаа. Манайх цаг болон үнийн уян хатан нөхцөлтэй шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн болохоор эцэг эхчүүд өөрсдийн хүссэн цагаар хүүхдээ харуулах нь их болсон гэсэн юм.

Боломжийн амьдралтай айл өрхүүд, мэргэшсэн асрагч хөлслөх нь элбэг. Харин …

Үүнээс харахад боломжийн амьдралтай өрхүүдийн хувьд хүүхдээ мэргэшсэн асрагч хөлслөн асруулах болжээ. Харин хэдэн бор төгрөгөндөө аргагүй хязгаарлагдах эцэг эхчүүд, илүү хямд төсөр зардлаар хүүхдийг нь асрах хүнийг хайдаг. Гэвч энэ нь тийм ч амархан биш. Яагаад гэвэл сайн таньж мэ­дэхгүй, дээрээс нь хүүхэд харах туршлагагүй хүнээр хүүхдээ харуулж байгаад, тухайн асрагч хүүхэдтэй ёс бус хэрцгий харьцсан нь камерийн бичлэг дээр үлдсэн гэх хэд хэдэн таагүй мэдээлэл сошиалаар саяхан хүртэл цацагдсан. Тиймээс улсаас хүүхэд асрагчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад тэднийг сургаж дадлагажуулах тал дээр илүү анхаарч, аль болох хямд төсөр байдлаар үүнийг шийдвэрлэх хэрэгтэйг энэ мэт хэргүүд батлах шиг.

БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг хэвлэлээр дамжуулан дараах сануулгыг эцэг эхчүүдэд үүрэг болгосон.

Хүүхдээ хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндэд анхаарах чиглэлд эцэг эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна. Энэ бол хөл хорио тогтоосон болохоос сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй баймаар байна. Гэр бүл хамаатан саднаараа, хоол үйлчилгээний газраар дагуулж явахгүй. Гэрт нь хичээл сургалтад нь хамруулах хэрэгтэй. Хамгийн гол нь гэртээ байгаа хүүхдүүдийг хараа хяналттай байлгаж, ахуйн осол гэмтлээс эцэг эхчүүд анхаарал тавих хэрэгтэй байгааг дахин дахин хэлмээр байна.

Гэвч үүний хэрэгжилтийг нэмэгдүүлэхийн тулд холбогдох хууль хяналтын байгууллага, яамууд нь эцэг эхчүүдэд боломжийг нь гаргаж өгөх хэрэгтэй мэт санагдана. Төрийн болон хувийн хэвшлийн ажлыг нугалах гэсээр цаг наргүй зүтгэж байх хооронд хайртай балчир үрс нь хараа хяналтгүй үлдэх, цаашлаад амь насаа алдах өндөр эрсдэлтэйг хэзээ ч мартах учиргүй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button