Сурвалжилга, Нийтлэл

"Эхний удаад 10 мянга, цаашлаад боломж олдвол хэд л бол хэдийг оёхыг зорьж байна”

Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар цар тахал болон дэгдээд буйтай холбогдуулж ДЭМБ-аас онцгой байдал зарласан. Манай улсын хувьд БНХАУ-тай хиллэдгийн хувьд халдвар тархах өндөр эрсдэлтэй, ийм ч учраас Засгийн газар шуурхай, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж буй.

Гэвч зах зээлийн нийгэмд онцгой нөхцөлд бараа бүтээгдэхүүн хомсддог, үнэ нь хөөрөгддөг үзэгдэл гарах эрсдэл байдгийн жишгээр амны хаалт, гар ариутгагч шингэн эмийн сангуудад ховордсон. Халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалтыг өдөр тутам зүүж хэвших зөвлөмжийг ЭМЯ-наас өгч буй тул эмнэлгийн байгууллагын ажилчид гэлтгүй энгийн иргэдийн дунд амны хаалтны эрэлт огцом өссөн.

Тэгвэл Монголын эмэгтэйчүүдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд энэ тал дээр идэвх санаачилга гарган ажиллаж, 10 000 амны хаалтыг гараар оёж, үнэгүй хандивлахаар болжээ. Улс даяар халдвараас сэргийлэхийн тулд эрвийх, дэрвийхээрээ хичээж байхад гараа хумхин зүгээр суугаагүй тэдний амны хаалт оёж буй ажлын явцтай танилцаж, сурвалжиллаа.

АРЬСАНД ХАРШИЛ ӨГӨХГҮЙ 100 ХУВЬ СОЛОНГОС ДААВУУГААР АМНЫ ХААЛТАА ДОТОРЛОЖ БАЙНА

Сурвалжилгын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюундарьтай товч ярилцсанаа хүргэе.

-Дээр, дооргүй шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр чармайж буй энэ нөхцөлд монгол эмэгтэйчүүд 10 000 амны хаалт оёж, хандивлахаар болсон байна. Та бүхэн хэзээнээс санаачлав?

-Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол 96 жилийн түүхтэй, Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага. Ийм ч учраас шинэ коронавирусийн халдвар дэгдэх эрсдэл бий болсон даруйд энэ чиглэлд иргэний нийгмийн байгууллагын хувиар ажиллаж эхэлсэн. Хамгийн эхлээд БНСУ-аас 400 ширхэг амны хаалт оруулж ирэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд буй хүүхдүүдэд тараасан. Дараа нь аймаг, орон нутгийн эмэгтэйчүүдийн зөвлөлүүдтэйгээ хамтарч, хэд хэдэн аймгуудад амны хаалт оёж, хандивласан. Энэ удаад 10000 амны хаалтыг онцгой нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдадаа хандивлахаар зориод байна.

14 орчим хоногийн өмнөөс, “Яаж оёх вэ, зардлаа хэрхэн босгох вэ, оёх хүний нөөцөө яаж бүрдүүлэх вэ” зэрэг асуудлыг ярилцаж эхэлсэн. Ингээд яг оёж эхлээд гурав хонож байна.

-Одоогийн байдлаар оёх ажилд хэдэн хүн дайчлагдаад байна вэ?

-Одоогоор 7-8 хүн байна. Сайн дураараа, гэрээсээ оёж туслалцах санал тавьсан хэдэн эмэгтэйчүүд бий. Үүний дээр төв байран дээрх “Уран бүсгүйчүүдийн нэгдэл” сургалтын төвийн өрөөнд гол ажил маань төвлөрч, явагдаж байна.

Бүсгүйчүүд маань ямар ч цалин хөлсгүй ажиллаж байгаа. Бид тэр бүр төрөөс, ямар нэг бизнесийн байгууллагаас санхүүжилт аваад байдаггүй ТББ учир өөрсдөө зөвхөн оёдлын материалны зардлыг л гаргаж байна. Хэрэв тодорхой мөнгөн дүнгээр цалинжуулж чадвал өнөөдөр гэртээ хүүхдээ хараад сууж буй 98 мянган, өрх толгойлсон 72 мянган ээж бий. Дээрээс нь саруул ухаантай, гар нь хэвийн ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй олон хүн байна. Тэднийг энэ ажилдаа дайчлах боломжтой.

Эмэгтэйчүүдийгээ аль болох уриалж, сайн дураараа нэгдэх боломжтой шүү гэдгийг хэлмээр байна.

-Амны хаалт зориулалтаасаа шалтгаалж олон янз шүү дээ. Материал, давхрааны ялгаа их бий. Та бүхний хувьд ямар амны хаалттай адилтгаж, стандартыг нь барьж байна?

-Тийм, агаарын бохирдолтой, утаатай нөхцөлд тоосонцрын шүүлтүүртэй амны хаалт зүүдэг. Харин шинэ коронавирус агаар, дуслын замаар халдварлаж буй нь тогтоогдсон. Иймээс амны хаалт үсэрч болзошгүй шүлс дуслаас хамгаалах ёстой гэсэн зарчмыг барьж байна.

Үүний дээр бид ХӨСҮТ-ийн эмч нартай, цөөнгүй иргэдтэй уулзаж, зөвлөсөн. Тэдний хувьд нэг удаагийн амны хаалт арьсанд харшил өгч, гадуур явахад цантаж байна гэх зүйлийг ярьж байна билээ. Иймээс харшил өгөхгүй, хөнгөн, агаар сайн нэвтрүүлдэг, мөн угааж хэрэглэх боломжтой байх үүднээс цэвэр 100 хувийн солонгос даавуу ашиглаж байгаа. Энэ даавууг бид “хүүхдийн өлгийн даавуу” хэмээн нэрлэж, хэвшсэн.

СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭЖ НАДАД ХАНДСАН

-10000 ширхгийг оёж дуусаад цаашид үргэлжлүүлэх үү?

-Уг нь чадал хүрвэл бид 40, 50, 100 мянга гээд хэдийг л бол хэдийг оёмоор байна. Санхүүжилт, хүн хүчний асуудал багагүй тулгарч байна. Хэрэв төрөөс, эсвэл ямар нэг бизнесийн байгууллагаас дэмжлэг өгвөл бид үргэлжлүүлэх, өрх толгойлсон хийгээд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дайчилж, цалинжуулмаар байна.

Яг онцгой нөхцөлд, “гардан тулаан”-д ордог эмч, цагдаа, онцгой байдлын ажилтнууд маань цаг наргүй, гэртээ харихгүй ажиллаж байна шүү дээ. Нийт эдгээр байгууллагуудын ажилчдад тараана гэж тооцоолж үзээд, эхний ээлжинд 10 мянга гэдэг тоог барагцаалсан.

-Оёж дуусаад нэгдсэн байдлаар ЭМЯ-нд хүлээлгэн өгнө гэж сонссон?

-Бид нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Гэтэл сонгуулийг хууль зөрчиж, бараа бүтээгдэхүүн үнэгүй тарааж байна гэж надад хандсан. Үүнээс энэ ажлыг маань зарим талаар гуйвуулж, улстөржүүлэх вий гэсэн эмзэглэл төрлөө. Ийм болохоор хүмүүст үнэгүй тараана гэхээс илүү ЭМЯ-нд нэгдсэн байдлаар хүлээлгэн өгөх нь зөв юм уу гэж бодож байгаа. Хуулийн хүрээнд, очих учиртай хүмүүстээ очих байх гэж найдаж байна.

ТЭД ОДООГИЙН БАЙДЛААР НЭГ МЯНГА ОРЧМЫГ ОЁЖЭЭ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх “Уран бүсгүйчүүдийн нэгдэл” сургалтын төвийн өрөөнд эмэгтэйчүүд шижигнэтэл эсгэж, индүүдэж, хайчилж бас оёж байв. Тэд 10 хүрэхгүй хүний бүрэлдэхүүнээр ажиллаж гурван өдрийн дотор мянган ширхэг амны хаалтыг оёжээ.

“Өлгийний даавуу” гэж нэрлэж заншсан зөөлөн даавуугаар доторлож, агаар чөлөөтэй нэвтэрдэг материалаар гадарлах амны хаалтууд хар, цагаан хоёр өнгөтэй гарч байна. Нэг амны хаалтыг эсгэх ажлыг оруулаад 10 орчим минутад оёдог гэнэ.  

Харыг нь цэрэг цагдаа, онцгойгийн ажилчиддаа. Харин цагааныг нь эмч нар, хэвлэл мэдээллийнхэндээ” гэж инээмсэглэн ярьж зогсох МЭХ-ын ерөнхийлөгч Б.Оюундарь өөрөө ч зарим ажилд гар сунгана гэдгээ илэрхийлж, “Оосорны арзгарыг битгий хайчилж цаг ав. Би заваараа хийчхэж болно” хэмээх.

Тэдний ажилд сайн дураар оролцож, нэгдэхийг хүсвэл Монголын эмэгтэйчүүдийн холбооны вэб хуудсаар зочлоорой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button