Нийгмийн

Алжаасан жолоочдыг амраадаг замын цагдаагийн “ЯВУУЛЫН ПОСТ”

Улаанбаатар хотоос 45 км-ийн алсад орших Төв аймгийн нутаг дэвсгэр, Хөшигтийн Хөндий ойр орчмын газар хэзээнээс жолооч нарын хувьд "ХАР ЦЭГ” болоод буй. Учир юу гэвэл, хөдөө орон нутгаас 1000 орчим км замыг туулж ирсэн жолооч нар замдаа алжааж үүрэглэснээс тус замд осолдох, амиа алдах нь их аж. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж, хэдэн ч хүний халуун амь, хайран амьдралыг там болгосныг бид таашгүй. Иймд Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас санаачлан ТЦА, ЦЕГ, даатгалын компаниудтай хамтран жолооч нарын алжаал ядаргааг тайлах цаашлаад амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “явуулын пост”-ийг ажиллуулж эхэлсэн байна. Бид энэ талаар Төв аймгийн Замын Цагдаагийн Тасгийн Дарга, Цагдаагийн хошууч Л. Ганзоригтой ярилцлаа.

ӨНӨӨ ШӨНӨ ХЭДЭН ХҮН АМИА АЛДАХ БОЛ ГЭЖ БОДОХООС УНТАЖ ЧАДДАГГҮЙ

-Юуны өмнө танд энэ сайхан ажлыг эхлүүлж, олон хүнийг аюулт ослоос хамгаалж буйд тань талархаж байна. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Л. Ганзориг (Г.О):- Намайг Л. Ганзориг гэдэг. Би Цагдаагийн байгууллагад ажиллаад 23 жил болсон байна. Сүхбаатар аймгийн замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад хоёр сарын өмнө Төв аймагт томилогдож ирсэн. Одоо тус аймгийн замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байна.

-Сүхбаатар аймагт ажиллаж байхдаа л та энэ эрхэм ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн гэж сонссон. Яагаад энэ ажлыг үргэлжлүүлэн хийх болсноо бидэнтэй хуваалцаач

(Г.О):- Аймгийнхаа замын Цагдаагийн тасгийн даргаар ажиллах хугацаандаа явуулын пост, дундын пост гэдэг зүйлийг санаачлан зохион байгуулж үзсэн. Ингэснээрээ бид 2018 онд зам тээврийн ослыг бүтэн жилийн турш 33.3 хувиар, хагас жилийн дотор 80 хувиар буулгаж чадсан. Энэ ажлаа би Төв аймгийн замын цагдаагийнхаа тасагт ирээд, цааш нь үргэлжлүүлэн хийж үзэхээр зорьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нэг сарын хугацаанд бас нэлээдгүй өөрчлөлтүүд гарч бид зам тээврийн осол хэргийг бууруулж чадлаа.

БИД 2018 ОНД ЗАМ ДЭЭР ГАРЧ БУЙ ТЭЭВРИЙН ОСЛЫГ 80 ХУВИАР БУУЛГАЖ ЧАДСАН

-Төв аймгийн замын пост дээр энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар ямар эерэг өөрчлөлтүүдийг бий болгосон бэ?

(Г.О): Бид энэ ажлыг хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эхлүүлсэн. Зам тээврийн ослын ихэнх шалтгаан нь жолооч ядарснаас болж зам тээврийн осолд өртдөг. Тиймээс осол их гардаг хэсгүүдэд явуулын постыг ажиллуулж, жолооч нарыг дасгал хийлгэх, халуун аарц уулгах зэргээр ажилладаг. Ингэснээр нойр нь сэргэсэн жолооч хүрэх газраа аюулгүй хүрч, тухайн хэсэгт гарах осол даруй буурсан.

-Нойрмоглосон жолоочийг цагдаа дохиод зогсооход ихэнх нь айдастай бууж ирдэг байх. Гэтэл халуун аарц өгөөд, дасгал хийлгээд, нойрыг нь сэргээгээд явуулахад хэрхэн хүлээж авдаг бол?

(Г.О): Яг тийм. Бид дохио өгч жолоочийг саатуулан зогсооход ихэнх нь буухдаа бичиг баримтаа бариад, гэм хийсэн хүн мэт бууж ирдэг(инээв). Гэтэл бид тэдэнд эсрэгээрээ "Таныг торгож, арга хэмжээ авах гэсэнгүй ээ. Харин нойрыг тань сэргээж, халуун аарц өгөх гэсэн юмаа” гэхэд маш сайхнаар хүлээж авдаг. Тэднээс "Хаанаас хэдэн км замыг туулаад ирэв гээд” асуухад ихэнх нь 700-гаас 1000 гаран км газрыг ердөө хоёр удаагийн зогсолтоор туулснаа хэлдэг. Тэр их замын холыг ердөө хоёр зогсолтоор туулна гэдэг үнэхээр хүнд.

ЖОЛООЧ НАР ХОЛЫН ЗАМД ГАРАХДАА 50 КМ ТУТАМ АМАРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Тээврийн жолооч нар холын замд хэдэн км давхисны дараа амарч байх ёстой бэ?

(Г.О): Ер нь бол жолооч нар 50 км тутам замдаа амарч байх хэрэгтэй. Бүр боломжгүй бол 100 км дотор, эсвэл сэлгээний жолоочтой цуг явах нь зөв. Бидний ажлын хувьд, санхүүгийн байдлаас болоод 50 км тутам явуулын постоо байлгаж чадахгүй байна. Гэвч хэзээ хэрэгжүүлнэ гээд хүлээх вэ. Одооноос хийж байж л зорьсондоо хүрнэ шүү дээ. Жолооч нарын осолд өртөөд, амь насаа алдаад байгаагийн гол шалтгаан нь энэ байхгүй юу.

-Тус ажлыг хэрэгжүүлээд явах үед жолооч нар ихэвчлэн ямар зөрчлийг хэр их гаргаж байгаа ажиглагддаг вэ? Тухайн үед ямар арга хэмжээг авдаг вэ?

(Г.О): Байлгүй яахав. Жолооч нарыг дохиод зогсооход бага насны хүүхдийг тусгай суудалд суулгаагүй жолоочийн хажуугийн суудалд хамгаалалтын бүсгүй өвөр дээрээ суулгасан, эргээд өөрсдөө бүс хамгаалах хэрэгслийг зүүгээгүй, дээр нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байдалтай холын замд гарсан байдаг. Тэр бүрт зөрчлийг арилгуулж, аюулгүй байдлын заавар зөвлөгөөг өгөөд явуулдаг.

НИЙТ ОСЛЫН 70 ОРЧИМ ХУВИЙГ НОЙРМОГЛОСОН ЖОЛООЧ ГАРГАДАГ

-Тус зам дээр тээврийн жолооч нар их осолддог гэлээ. Ямар үед осол их гардаг вэ?

(Г.О): Манай аймагт таван чиглэлээс бүх аймгаас зорчиж яваа автомашинууд дайран өнгөрдөг гол тулгуур юм. Холоос ирсэн жолооч нар манай нутаг руу орж ирэх үедээ эрхгүй ядарч үүрэглэдэг. Тэгээд учир шалтгааныг нь бодоод байхад үүр хаяарч, нар гарах үеэр нойрмог жолоочид яг манай аймаг руу орж ирээд осолдоод байх шиг санагдсан.  Тиймээс явуулын пост ажиллуулахыг зорьсон. Он гарснаас хойш нэг сарын хугацаанд зам тээврийн осол нэлээдгүй буурсан. Гэхдээ огт алга болчихоогүй. Тухайлбал Дундговь аймгийн замд нэгдүгээр сарын эхээр “Ланд крузер-80” маркийн автомашин онхолдож, жолооч амь насаа алдсан. Үүнээс хойш Хөшигтийн хөндий болон түүнээс цаашхи замд маш их осол гараад байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ хүсэлтийг ТЦА-нд танилцуулгаа хүргүүлсний дагуу  ЦЕГ, ТЦА-наас туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

-Хүний алтан амийг аврах албан үүргээ харицлагатай, нэр төртэй гүйцэтгэж байгаа танай хамт олонд баярлаж байна. Таны зүгээс холын тээвэрт явж байгаа жолоочдод болон уншигчдад хандан юу хэлэхийг хүсэж байна вэ?

(Г.О): Жолоочдын гаргаж байгаа зөрчлүүд нь тэдний амь нас, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгааг санах нь зүйтэй. Жолооч таны унаж яваа машин, эргээд таныг болоод хайртай хүмүүсийг тань үхэлд хүргэж мэдэх аймшигт зэвсэг болдгийг хэзээ ч мартаж болохгүй. Мөн бидний хийж буй ажлыг хүн бүр дэмжээсэй, илүү олон замыг явуулын посттой болгоход албан байгууллагууд хамтарч ажиллаасай л гэж хүсэх байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-24 02:43

L.Ganzorigt ajilin amjilt huse! hun ardinha tulu saikhn sanachlaga garga ajila ur buteltei hij! humusin ami basig hamgalahas chuhal ajil ugu

Холбоотой мэдээ

Back to top button