НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

УРИАЛГА: Хөргөгч дүүргэх хүнсээ жижиг дэлгүүрээс цуглуулцгаая

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг улс орон даяар уриалж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл хүртэл гарсан. Энэ хүрээнд аймаг, хот хоорондын замыг хааж, хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээг авч буй. Улмаар шинийн гуравны өдөр хүртэл нийтийн тээврийг бүрэн хаах шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, төр захиргааны байгууллагуудын зүгээс нэг жил сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг уриалсаар байна. Анхлан урд хөршид дэгдсэн коронавирүсийн халдвар эдүгээ Монгол Улсыг яг сайхан бүсэлчихээд байна. Далд үе нь 14 хоног орчим үргэлжилдэг нь нотлогдсон тул сар шинийн баяраар вирүс тархах, оношлогдох өндөр эрсдэлтэй гэсэн таамаг байгаа юм.

Шинжлэх ухаан нь асар хүчтэй хөгжчихсөн, эдийн засгийн хувьд хүчирхэг урд хөрш эл вирүсийн өмнө сөхөрч байхад манай улсад ороод ирвэл ямар аюул дагуулж болохыг төсөөлөхөд ч бэрх билээ.  Нэг вирүсийн халдвар тээгч 384 хүнд халдвар тараах боломжтой гэгдэж буй.  БНСУ-д сүмээс, Хятадад шоронгийн хуягаас халдвар түгж, түгшүүрт автаад байна. Энэ нь хаанаас ч гараад ирэх нь үл мэдэгдэх эрсдэл бидний эргэн тойронд байна гэсэн үг.

Өчигдөр л гэхэд гаднаас ирсэн таван иргэн халуурч, нисэх онгоцны буудлаас тусгаарлагдлаа. Урд хөршөөс айж байсан бол эдүгээ Солонгост вирүсийн  халдвар хаврын түймэр мэт хурдан тархаж байна.Нөхцөл байдал ийм хүнд байхад иргэд олноороо хүнсний захад овоорч, томоохон супермаркетууд хөл хөсөөнд дарагдаж байгаа нь айдас төрүүлнэ.

Олон хүн бөөгнөрсөн газар  нэг л халдвар тээгч гарч ирвэл олноороо вирүсийн өвчлөл тээнэ. Таны, миний хамаатнууд дэлгүүр яваад өвчлөх магадлал өндөр байна. Тиймээс заавал зах худалдааны төв орж, хүнс цуглуулах гэлгүй, гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрүүдээрээ үйлчлүүлэхийг уриалж байна.

Хүний хэрэгцээ эцэстээ өчүүхэн зүйл. Хөргөгч дүүргэх хүнс захын дэлгүүрт байж л байгаа. Жижиг дэлгүүрүүдэд ийм үед орлого оруулах нь тэднийг дэмжиж буй бодит хэлбэр юм. Айл хотлоороо өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх Төрийнхөө шийдвэрийг хүндэтгье. Баярыг нүсэр болгож хардаг сэтгэлгээндээ салхи оруулцгаая.

Бидний эрүүл мэнд хамгийн чухал чухал билээ. Зах, худалдааны төв орж, эрсдэлтэй алхам хийж буй үйлдлээ ухаалгаар удирдацгаая.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button