ДЭЛХИЙ

“Covid-19 вирусийн эсрэг вакцин гарахад хоёр сарын хугацаа үлдсэн”

БНХАУ-ын эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакциныг гарган авч, хүн дээр туршиж эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн гэж мэдэгджээ. Тодруулбал, тус улсын шинжлэх ухаан, технологийн яамны сайд Шү Наньпинг энэ сарын 21-ний өдөр нутгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө, “Вакцин гарган авах ажилд хэд хэдэн судалгааны баг дайчлагдан ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд вакцины эхний хувилбарыг баталж, өвчтөнүүд дээр туршиж эхэлнэ” хэмээн ярьсан байна.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотоос эхлэн дэгдсэн Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо дэлхий дахинд 79 мянга 744-д хүрлээ. Үүгээр нийт 2 мянга 629 хүн нас барсан бол 25 мянга 267 хүн эдгээд байна. БНХАУ-ын хувьд шинээр халдвар авагсдын тоо нэг өдөрт мянга, мянгаар нэмэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд тогтворжоод буй юм. Тухайлбал хоёрдугаар сарын 23-наас 24-ны хооронд 400 гаруй тохиолдол бүртгэгдсэн.

Халдварын тоогоор тэргүүлэгч улсуудын жагсаалтын хоёрдугаарт Япон улс орж байсан ч хоёр өдрийн дотор Өмнөд Солонгос болон Итали улсуудад байраа тавьж өглөө. Өчигдрийн байдлаар халдварлагсдын тоо 833-д хүрсэн нь Засгийн газрыг онц байдал зарлах түвшинд аваачсан. Үүнийг удаалж Итали 229, Япон 154, Сингапур 90, Хонг Конг 79, Иран 61 тохиолдотойгоор тус тус жагсаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс уг вирусийн эсрэг вакциныг гаргаж авахын тулд ойролцоогоор 12-18 сарын хугацаа шаардлагатай гэж мэдэгдсэн билээ. Тус байгууллагын ерөнхийлөгч Тедрос Гэбрэехус, “Вакцин эмчилгээнд нэвтэртэл нэг жил гарны хугацааг хүлээх болж буй нь тун таагүй мэдээ” гэж хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байв.

Харин БНХАУ-ын тал хоёр сар хүрэхгүй хугацааны дараа вакцины эхний хувилбарыг эмчилгээнд нэвтрүүлнэ гэж ярьсан нь судлаачдын анхаарлыг татсан. Үүний дээр, шинэ коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүн дахин тусаж буй тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байгаа юм. Иймд хүний биед эл вирусийн дархлаа тогтдоггүй болж таарав уу? гэсэн асуултыг судлаачид тавьж буй.

Аливаа вирусийн эсрэг вакцин гаргаж авахад хүний биед тогтож буй дархлааны хариу урвалын үйл явц дээр тулгуурладаг тул вакцтн тойрсон сэдэв асуулт дагуулсаар байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: CHANNEL NEWS ASIA

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-02-25 16:43

Вакцин нь хурдан гараасай

Холбоотой мэдээ

Back to top button