Сурвалжилга, Нийтлэл

Халдварт өвчний тухай “Contagion” киноны шинжлэх ухааны үндэслэл

Дэлхий нийтийг цочроогоод буй “COVID-19” халдвар дэгдсэнээс хойш хүмүүс “Contagion” киног дахин үзэх болжээ. 2020 гарснаас хойш Гүүглээс маш олон удаа уг киног хайсан байна.

Гвинет Пэлтроугийн тоглосон тус кино нь Хонконгт дэгдсэн вирусийн улмаас дэлхий дахиныг аюулд хүргэдэг тухай өгүүлдэг.

“Contagion” кино вирусийн дэгдэлтийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй агуулгыг гаргаж чадсанаараа онцлог гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) -өөс тодотгожээ. Иймд Америкийн Үндэсний Олон Нийтийн Радио (NPR) “Contagion” киног хэр шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг мэргэжилтнүүдээс асуусан байна. 

ВИРУС ХААНААС ДЭГДСЭН БЭ?

Киноны төгсгөлд вирус хэрхэн үүссэн талаар гарна. Энэ бүхэн сарьсан багваахай үүрлэж байсан модыг тайрч, гахайн саравч барьснаас үүдэлтэй болохыг харуулдаг. Сарьсан багваахай нисэх үед газарт унасан гадилыг гахай идэж, вирусийн халдвартай гахайн махаар хоол хийсэн тогооч гараа угаалгүй Элизабеттэй (Гвинет Пэлтроу) гар барьснаар вирус тархдаг. 

Энэ нь амьдралд ойр, байж болохуйц бодит дүрслэл хэмээн Жоржтаун Их сургуулийн Глобал эрүүл мэндийн шинжлэх ухаан, аюулгүй байдлын төвийн захирал  Ребекка Катц үзжээ. Тэрээр "Би хүрээлэн буй орчин, хүн, амьтны харилцан хамаарлыг харуулахын тулд тус киноны сүүлийн хэдэн минутыг оюутнууддаа үзүүлсэн. Хэрэв хүн модыг огтолбол сарьсан багваахайг хилэгнүүлнэ. Улмаар сарьсан багваахай гахайн саравчинд ойртож гахайд вирус халдаана. Ингээд хүмүүс халдвартай гахайн махыг хүнсэнд хэрэглэнэ. Энэ бол вирус амьтнаас хүнд халдварлах олон тохиолдлын нэг жишээ” гэжээ. 

ХАЛДВАР АВАГСДЫГ ИЛРҮҮЛЭХ НЬ

Кинонд Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) болон Халдварт өвчлөлийн тандалт, судалгааны албаны (EIS) цэргүүдийг дэгдэлт гарсан бүс рүү илгээж, халдвар авагсдыг олж тогтоохоор ажиллаж эхэлдэг.

Халдварт өвчлөлийн тандалт, судалгааны алба нь бодит байгууллага юм. Кинонд гарсан дүрслэл тун үнэмшилтэй байсан гэж тус байгууллагын мэргэжилтэн ярьжээ. 

ВИРУС ХЭРХЭН ТАРДАГ ВЭ?

“Formite” гэх үгийг өргөн хэрэглээнд төдийлөн хэрэглэдэггүй боловч халдвар өвчний болзошгүй тархалтын үед эпидемиологичдын ашигладаг чухал нэр томьёо аж. “Formite” гэдэг нь халдварт өвчний нян, вирус, мөөгөнцрийг агуулж буй амьгүй объект юм. “Contagion” кинонд үүний талаар сайн тайлбарласан ажээ. Хүний хувьд арьсны эс, үс, хувцас, ор дэрний хэрэгсэл зэрэг нь вирус тээгч байж болдог байна. "Өвчний вирусийг тээж буй эдгээр гадаргууд хүрсэн хүн халдвар авах өндөр эрсдэлтэй. Иймд гараа тогтмол угаах нь чухал” гэж Глэнн Уортманн дурджээ.

Гэхдээ кинонд гарсан зарим үйл явдал бодит байдлаас зөрүүтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, Элизабет халдвар авсныхаа дараа казинод очиж, улмаар хүмүүст вирус тарааж буйгаар дүрсэлдэг. Гэвч судлаачдын хэлж буйгаар халдвар авсан хүн тэр даруйдаа бусдад халдаах боломж бага гэнэ. Учир нь, вирус амьсгалын замаар эсвэл шүлсээр дамжиж гадагшлах хүртэл багадаа хэд хоног зарцуулдаг гэж судлаач Тереза Мадалин тайлбарлав. 

Харин “COVID-19” халдвар авсан хүн таваас зургаан хоногийн дараа бусдад халдварлуулж байгаа нь ажиглагдсан гэж Жонс Хопкинсийн их сургуулийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын төвийн ахлах эрдэмтэн Амеш Адалжа хэлжээ. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДЫН ХЯНАЛТ

Киноны зарим хэсэгт эмнэлгийн ажилтнууд тусгай өмсгөл өмсдөг нь бодит практикт нийцэж буйг мэргэжилтнүүд хэлэв.

Харин нисэх онгоцны буудалд сувилагч эмэгтэй халдвар авсан хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ зөвхөн бээлий өмсөж, амны хаалт зүүсэн байдаг. Энэ талаар судлаач Глэнн Уортманн "Аюулт халдварын үед эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд урьдчилан сэргийлэх, хамгаалах зааварчилгааг бүрэн мөрдөхөд хүндрэлтэй байдаг. Кинонд үүнийг илэрхийлэхийг зорьсон бололтой” хэмээн ярьжээ.

БУЛШ

Кинонд халдварын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг булж буйгаар дүрсэлдэг. Амьдрал дээр энэ нь халдвар тараах эрсдэлтэй гэж судлаачид үзжээ. Иймээс 2014-2015 онд Өмнөд Африкт Эбола вирус дэгдэхэд нас барсан хүмүүсийн цогцсыг бөөнөөр нь булахаас зайлсхийж байсан аж. 

ВАКЦИН

Кинонд вакцин гаргаж авсан эрдэмтэн үр дүнг нь батлахын тулд өөртөө тарьж буйгаар гардаг. Амьдрал дээр ч  үүнтэй төстэй тохиолдол гарч байжээ. Тодруулбал, хеликобактер ходоодны шархлаа үүсгэдэг гэдгийг батлахын тулд Австралийн эрдэмтэн Барри Маршалл бактерийг өөртөө тарьж байсан аж. Тэрээр уг шинжлэх ухааны нээлтээрээ 2005 онд Нобелийн шагнал хүртжээ. 

Гэвч вирусийн эсрэг вакцин гаргаж авахад ийм туршилт эрсдэлтэй бөгөөд үр нөлөө багатай аж. Үүнийг батлахын тулд багадаа хэд хэдэн хүн дээр туршиж үзэх шаардлагатай гэж судлаачид хэлж байна. 

Эцэст нь хэлэхэд гараа тогтмол угаах, халдвар авсан хүнтэй ойр байхаас зайлсхийх нь “Contagion” кинонд гарсан бөгөөд бодит амьдрал дээрх урьдчилан сэргийлэх шилдэг арга юм.

ЭХ СУРВАЛЖ: npr.org

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button