Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хайрцаг амны хаалт 75,000 төгрөгт хүрсэн ч иргэд авсаар байна

Дэлхийн өнцөг булан бүрт тархаж буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт зүүхийг уриалаад байгаа билээ. Үүний улмаас дэлхий нийтэд амны хаалт хомсдоод байна. Харин манай улсад амны хаалтын олдоц болон үнэ өртөг хэр байгааг өчигдөр /2020.03.03/ сурвалжиллаа.

Гадуур хөл хөдөлгөөн багатай, сийрэг байлаа. Иргэдийн ихэнх нь амны хаалт зүүсэн байгаа нь сайшаалтай. Гэхдээ амны хаалтгүй нөхөд ч мэр сэр харагдаж байв.

Ийнхүү иргэдээс амны хаалтаа хаанаас, ямар өртгөөр худалдан авсан талаар асууж тодрууллаа.

ИРГЭД: НЭГ УДААГИЙН АМНЫ ХААЛТ ОЛДОХГҮЙ БАЙНА

-Одоо зүүж байгаа амны хаалтаа нэг сарын өмнө гэрийнхээ хажуугийн эмийн сангаас г авчихсан байсан. Нэг удаагийнх нь 1000 төгрөгөөр, давуун амны хаалтыг 2500 төгрөгөөр авсан.

-Би “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох дэлгүүрээс 1200 төгрөгөөр амны хаалт худалдаж авсан. Ер нь даавуун амны хаалт элбэг байна.

-Өнөө өглөө “Монос”-оос 1300 төгрөгөөр худалдаж авсан. Нэг удаагийн амны хаалт хайгаад олсонгүй.

-Швецариас дүү маань амны хаалт явуулсан юм. Харин хүүгийнхээ амны хаалтыг “Emart”-аас 10 ширхэг шүүлтүүртэйг нь 6500 төгрөгөөр авсан. Ер нь манай улсад маскны олдоц муу байх шиг. Сошиалиар “маск худалдаж авна” гэсэн хүмүүс олон харагдсан.

- Зүүж байгаа маскаа дэлгүүрээс авсан. Зарим эмийн санд амны хаалт байхгүй, дууссан байна лээ. Гэхдээ орсон дэлгүүр болгонд даавуун амны хаалт зарж байсан шүү.

Иргэдийн ярианаас дүгнэхэд нэг удаагийн амны хаалт ховордож байгаа нь харагдаж байгаа юм.

Иймд иргэдийн ярианд үндэслэн эмийн сангуудаар амны хаалт худалдаалж байгаа эсэхийг нүдээр үзэхээр явлаа. 

ДААВУУН АМНЫ ХААЛТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ ЧАДАХ УУ

Анхлан “Хүнсний 4” дэлгүүрийн дэргэдэх нэгэн эмийн сангаар орлоо. Гэвч ямар ч төрлийн амны хаалт байхгүй гэсэн хариулт өгсөн юм.

Тэндээс гарч яваад “Иванова” хэмээх дэлгүүрийн хаалган дээр “амны хаалт зарж байна” гэж бичсэнийг хараад сонирхон оров. Тус дэлгүүрт “Тэнүүн жаргалант” ХХК-ийн үйлдэрлэдэг давуун амны хаалтыг худалдаж буй аж. Энэ талаар дэлгүүрийн худалдагч Ц хэлэхдээ “Нэг хэсэг амны хаалт гүйлгээ сайтай байсан. Харин ойрын үед борлуулалт муу байна” гэсэн юм.

Тус амны хаалтыг 1000 төгрөгөөр худалдаж байгаа аж.

Дараа нь “Дэвжид” хэмээх эмийн сан руу орлоо. Тэнд нэг удаагийн амны хаалт байхгүй. Зөвхөн даавуун амны хаалт зарж байв.

Яагаад нэг удаагийн амны хаалт “нүдний гэм” болоод буйг тус эмийн сангийн эм зүйчээс асуулаа.

Тэрээр “Нэг удаагийн амны хаалтыг БНХАУ-аас оруулж ирдэг. Тус улсад “COVID-19 халдвар тархсанаас хойш оруулж ирэхгүй байгаа. Эм ханган нийлүүлэлтээс ч огт амны хаалт өгөхгүй байна. Бид захаас даавуун амны хаалт аван зарж байгаа” гэв.

Тус эмийн санд амны хаалтыг 800-2500 төрөгийн хооронд худалдаалж байна.

Энэ мэтчилэн өвчний сурагаар нэг удаагийн амны хаалт “нүдний гэм” болж, иргэд даавуун амны хаалт зүүх болжээ.

Гэвч ДЭМБ-аас даавуун биш, нэг удаагийн буюу гурван давхар цаасан амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгаа юм.

Даавуу нь үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн явцад маш олон бохирдолттой үе шатыг туулж ирдэг. Тэрхүү даавуугаар амны хаалт үйлдвэрлэн шууд хэрэглээнд гаргаж буй нь эрүүл ахуйд аюултай юм. Стандартын бус хэмжээтэй, хэт полистер буюу нелон орц ихтэй, угааж цэвэрлэн, өндөр темпратурт ариутгаагүй амны хаалт зүүснээр даавууны үйлдвэрлэл, тээвэрлэлтийн явцад бий болсон механик бохирдол нь хүний амьсгалын чийгтэй халуун агаартай урвалд орж арьс салстанд харшил өгөх онцгой аюултай байна.

Харин манай оронд зориулалтын амны хаалт ховордсон учир Эрүүл мэндийн яамнаас өөрсдөө амны хаалт хийж зүүхийг зөвлөж байгаа юм.
Гэсэн хэдий ч өнөөх “олдохгүй” байсан нэг удаагийн зориулалтын амны хаалтыг хувь хүмүүс үнэ өсгөж зараад байна. Фэйсбүүкт “нэг удаагийн маск зарна” гэсэн зарууд ч цөөнгүй харагдаж байсан.

АМНЫ ХААЛТЫГ 5-7 ДАХИН НУГАЛЖ ЗАРЖ БАЙНА

Энэ талаар тодруулахаар тус зарын дагуу утсаар холбогдлоо.

-Амны хаалт зарж байгаа юу, хэд вэ?

-Зарж байгаа. Нэг ширхэг нь 1500 төгрөг. Хэдэн ширхэгийг авах вэ?

-Яагаад ийм үнэтэй байгаа юм бол?

-Герман чанартай маск учраас ийм үнэтэй байгаа юм. Авах юм уу? гэх нь тэр.

Үүнийг бататгахаар дахин өөр нэгэн зарын дагуу залгаж орхив.

Мөн л асуудгаа асуутал Турк амны хаалт 1400 төгрөг гэлээ. Дахиад л яагаад ийм үнэтэй байгааг нь асуугаад дургүйг нь хүргэчихэв. "Тэгвэл чи тэр хямдхан юмаа олоод зүү” гээд хашхичаад утасаа таслачихлаа.

Фэйсбүүк дэх заруудаас харахад Герман амны хаалт 1500 төгрөг, Турк 1400 төгрөг, Солонгос, Орос нь 1000 төгрөгөөр зарж байна. Ердөө хайрцагтаа 50 ширхэг бүхий амны хаалт 50 мянгаас 75 мянган төгрөг болж байгаа юм.

Ийнхүү өмнө  нь 200 төгрөгөөр авч байсан нэг удаагийн амны хаалтын үнэ өвчний сурагаар 5-аас 7 дахин нэмэгджээ. Хувь хүмүүс өвчнийг далимдуулж “дамалж” байна уу, аль эсвэл “цаанаа” үнээ нэмээд байна уу?

Иргэдийн амны хаалт зүүсэн байдал

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-04 13:17

Худлаа сүржигнэхээ больцгоо.

Зочин
Зочин
2020-03-04 18:33

Баяндаа биш, олдохгүй болохоор л аргагүйн эрхэнд авч байна.

Холбоотой мэдээ

Back to top button