СПОРТ

UFC-ийн дэвжээнд өрсөлдөж яваа Монголын цорын ганц тулаанч

Холимог тулааны хамгийн нэр хүндтэй, өндөр чансаатай холбоо бол UFC. Тухайн тамирчны нэр хүндийн баталгаа болдог тус холбоонд өрсөлдөхийг тулаанч бүхэн мөрөөддөг. Тэр хэрээр өндөр босготой, шалгуур өндөртэй. Дэлхийн шилдгүүд хүч сорьдог UFC холбоотой гэрээ байгуулж, Монголоос хөл тавьсан анхны төдийгүй цорын ганц тулаанч бол Данаагийн Батгэрэл. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин тэрбээр мэргэжлийн дэвжээнд найм тулалдахдаа зургаад нь ялаад байгаа юм.

ХОЛИМОГ ТУЛААНЫ СПОРТОД ИНГЭЖ ХӨЛ ТАВЬСАН

Д.Батгэрэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд төрж, өссөн. Түүний аав Данаа хилийн цэргийн 0146 дугаар ангид алба хаадаг, офицер цолтой хүн байж. Д.Батгэрэл эхээс гурвуулаа, хоёр ахтай. Цэргийн амьдралд өсөж, хоёр ахтайгаа ноцолдож өссөн нь түүнийг тулаанч болоход их нөлөөлжээ. Тэрбээр багын спортлог, хөдөлгөөнтэй хүүхэд байж. 2006 онд спортод хорхойсон, чөлөөт бөх, жүдогоор хичээллэсэн ч сонирхлыг нь төдийлөн татсангүй. Тэгж явахдаа нэг удаа холимог тулааны бэлтгэлийн танхим руу санамсаргүй оржээ. Тэгэхэд эл спорт шууд таалагдаж, татагдсан гэнэ. Хөл, гараараа довтолж болдог, жинхэнэ эр зоригийн спорт байна даа гэж бодож. Анхандаа кикбоксын бэлтгэл хийн, дараа нь холимог тулааны спортод хөл тавьжээ. 

Ж.НАРАНТУНГАЛАГ ГАВЬЯАТЫН ШАВЬ

Шавийн эрдэм багшаас гэдэг. Д.Батгэрэлийн өнөөгийн амжилт, ур чадвар “One championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагтай салшгүй холбоотой. Тэрбээр 2006 онд холимог тулааны спортод хөл тавьснаасаа хойш бэлтгэлээ Ж.Нарантунгалаг гавьяатын удирдлагад хийн, амжилтын төлөө зүтгэж байгаа юм. Д.Батгэрэл багшийнхаа талаар “Багш минь маш их тэвчээртэй, дайчин, хөдөлмөрч. Өнгөрсөн жил “One championship” холбооны аваргын бүсээ эргүүлэн авахын төлөө Мартин Нгуентэй өрсөлдсөн. Багшийнхаа гаргасан тод жимээр алхаж явна. Би багшаасаа, Пан Азийн аварга Д.Лхагваа ах, UFC-ийн аварга Жон Жонес нараас үлгэрлэдэг” гэсэн юм.

Д.Батгэрэл өдгөө бэлтгэлээ Ж.Нарантунгалаг гавьяат, “Ирээдүй” клубийн дасгалжуулагч Арай Жүничи болон “One team”-ийн Ш.Ганбаатар багшийн удирдлагад хийдэг.

БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ДУРСАМЖ ДҮҮРЭН ЯЛАЛТ

Д.Батгэрэл мэргэжлийн дэвжээн дэх олон улсын анхны тулаанаа “Legend FC” холбоонд хийжээ. Тэгэхдээ каратегийн хар бүстэй, Хонконгийн тамирчныг ялж, амжилтынхаа жимийг гаргасан юм. “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг гавьяат тус тэмцээний 70 кг-ын аваргын төлөөх тулаанд ялж, давхар цохилт хийсэн юм. Багш, шавь хоёр дурсамж дүүрэн тус тэмцээнийг үргэлж дурсах дуртай гэнэ.

ХОЁР Ч ХОЛБООНЫ АВАРГА БОЛОХ БОЛОМЖ ТҮҮНД БАЙСАН. ГЭВЧ...

Тэрбээр ур чадвар, чансаагаа ахиулсаар “Legend FC” холбооны аварга болоход их ойрхон очоод байв. Тухайн үед тус холбоонд тулалдаж байсан, хожим UFC-д хөл тавьсан, Шинэ Зеландын тамирчин Кайра Кара Франц, Д.Батгэрэл хоёрын ялсныг нь аваргын төлөө тулалдуулах гэж байтал “Legend FC” татан буугдсан.

Д.Батгэрэл дараа нь БНХАУ-ын RUFF холбоонд хүч сорьсон. Доод жингийн аварга, ӨМӨЗО-ы тамирчин жин өгсөөд өрсөлдөхөд нь ялж, аваргын төлөө өрсөлдөх болзол хангажээ. Аварга болох боломжийн үзүүрээс атгаад байсан тэр үед харамсалтай нь RUFF санхүүгийн хүндрэлийн улмаас тэмцээн зохион байгуулахаа больсон юм. Д.Батгэрэл тэгж хоёр ч холбооны аварга болох боломжоо алдсан ч өндөр амжилт гаргах, UFC-д өрсөлдөх нөөцтэйгээ мэдэрчээ.

ТҮҮНД ӨМНӨ НЬ ОЛОН ХОЛБОО САНАЛ ТАВЬСАН Ч ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

Өнгөрсөн хугацаанд UFC-гээс өөр холбоонд тулалдах боломж түүнд байсан. Ялангуяа сүүлийн жилүүдэд хэд хэдэн холбоо Д.Батгэрэлд санал тавьж, тамирчнаа болгох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Тэр л хүсвэл “One championship”, “Драган хаус” зэрэг холбоонд тоглох үүд нээлттэй байлаа. Гэхдээ Д.Батгэрэл тэгж цаг алдахыг хүсээгүй. Түүний гол зорилго нь UFC-д өрсөлдөх байлаа. Гүрийж байгаад тус холбоонд тулалдахыг хүсчээ. Өнөөдрийн мөнгө, тулааны тов яах вэ, нэг мөсөн том оргилд гарья гээд зүтгэж.

UFC-д ХӨЛ ТАВИХЫН ТӨЛӨӨХ ЭХНИЙ ОРОЛДЛОГО НЬ БҮТЭЛГҮЙТСЭН

Тэрбээр энэхүү зорилгодоо шулуун, дардам замаар хүрээгүй. UFC холбооныхон 2015 онд Хөгжлийн хөтөлбөр зарлаж, залуу тамирчдыг хамруулсан. Бүгдийг нь зургаан сар бэлтгэл хийлгэж байгаад UFC-д шалгаруулж авахаар төлөвлөсөн юм. Тэгэхэд нь Монголоос хамрагдсан гурван тамирчны нэг нь Д.Батгэрэл, нөгөө хоёр нь Отгонтулга, Б.Дамланпүрэв. Тэд АНУ-д очиж, UFC-ийн аварга Жон Жонес, Холли Холм тэргүүтэй олон шилдэг тамирчин бэлтгэл хийдэг нэгэн алдартай клубт хамтарсан бэлтгэл хийжээ. Харамсалтай нь тухайн үед UFC холбоо гэнэт зарагдан, өнөөх гэрээг нь цуцалжээ. UFC холбоонд хөл тавихын төлөөх эхний оролдлого нь ингэж бүтэлгүйтэж. Тэглээ гээд Д.Батгэрэл зорилгоосоо ухраагүй, өөрийгөө дайчилсаар байв. Тус холбоонд хүч сорих болзол хангах бүхий л гарцыг хайн, хичээжээ.

UFC-д ТУЛАЛДАХ БОЛЗЛЫГ ИНГЭЖ ХАНГАСАН

UFC холбооны тамирчин болох шалгуур их өндөртэй. Холимог тулаан хэдийгээр спортын нэг төрөл ч нөгөө талаараа бизнес. Тэр утгаараа тухайн тамирчны ур чадвараас гадна аль улсын иргэн байх нь их нөлөөлдөг. Д.Батгэрэл өнгөрсөн жил АНУ руу буцаж, хоёроос гурван тулаан хийн, чансаагаа ахиулахаар төлөвлөж. Тэгж байтал менежер Сэр-одын Анар хөөцөлдсөөр байгаад түүнийг UFC-тэй холбон, гэрээ байгуулах гарцыг оллоо. Эл холбоонд тулалдах болсонд Д.Батгэрэлийн найз С.Анарын гавьяа их. 

Үүний сацуу Д.Батгэрэл сүүлийн тулаануудынхаа ихэнхийг нь эхний үед цохилтоор ялсан, “Legend FC” холбоонд хүч сорьж байхдаа Шинэ Зеландын тамирчин Кай Кара Францыг дийлсэн нь UFC-д хөл тавихад нь их нөлөөлжээ. Д.Батгэрэл өнгөрсөн оны наймдугаар сард UFC холбоотой 20 сарын гэрээ байгуулсан юм.

UFC-ийн ДЭВЖЭЭНД АНХНЫ ТУЛААНДАА ЯЛАГДСАН Ч 50 000 АМ.ДОЛЛАРООР ШАГНУУЛАВ

Монгол тулаанч UFC-гийн дэвжээнд өрсөлдсөн нь яах аргагүй түүхэн үйл явдал байлаа. Анхны жимийг гаргасан анхдагч нь Д.Батгэрэл. Тэрбээр UFC-ийн анхны тулаанаа ӨМӨЗО-ны тамирчин, дотнын найз Алтанхилтэй хийсэн. “The Hu” хамтлагийн дууг эгшиглүүлсээр дэвжээнд гарсан Д.Батгэрэл өрсөлдөгчдөө 29:27-гоор ялагдсан. UFC холбооноос тэдний тоглолтыг “Үдшийн шилдэг тулаан”-аар тодруулж, хоёр тамирчныг тус бүрт нь 50 мянган ам.доллароор шагнасан юм.

UFC-ийн ДЭВЖЭЭНД НӨГӨӨДӨР ӨРСӨЛДӨНӨ

Д.Батгэрэл UFC холбооны хоёр дахь тулаанаа АНУ-д тэгээд бүр мэргэжлийн спортын тамирчин бүхний мөрөөдөл болсон Лас-Вегасын дэвжээнд хийхээр бэлтгэлээ базааж байна. Түүний өрсөлдөгч нь Аргентины тамирчин Гвидо Каннетти. Тэдний тулаан нөгөөдөр буюу энэ сарын 7-нд болно. Аргентин эр мэргэжлийн дэвжээнд 12, UFC холбооныход тав тулалдсан туршлагатай. Мэдээж түүнийг ялах боломж Д.Батгэрэлд дүүрэн бий.

Д.Батгэрэл хэмээх ийм нэгэн монгол залуу UFC холбоонд мөрөө гарган, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tulgaa
Tulgaa
2020-03-05 11:37

Uneheer daichin, gaihaltai hudulmurch, mundag zaluu daa. Amjilt husey. UFC-iin avarga bolooroi gej husen eruuy

Холбоотой мэдээ

Back to top button