
Коронавирусийн халдварын улмаас үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүдийн түрээслэгчид санхүүгийн хүндрэлд ороод байгаа билээ. Хямралыг хамтдаа давахын тулд цөөнгүй худалдааны төв, байгууллага түрээсийнхээ үнийг тодорхой хувиар бууруулахаа мэдэгдээд буй. Тэдний мэдэгдэл хөрсөн буусан эсэхийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Х.Оюунчимэгээс тодрууллаа.
Тэрбээр “Энэ талаар иргэд их асууж байна. Түрээслэгчид төрийн тодорхой зохицуулалт хүсэж байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуй нэгжийн татварыг нь тодорхой хугацаагаар хойшлуулах, гаалийн татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх зэрэг гарцыг эрэлхийлж байгаа. Зах, худалдааны төвүүдэд олон иргэн наймаа хийж, амьдралаа залгуулдаг. “Дүнжингарав”, “Хүчит шонхор” тэргүүтэй олон зах, үйлчилгээний газар түрээсээ 100 хүртэлх хувиар хөнгөлснөө албан ёсоор мэдэгдсэн. Тэгснээс нь хойш одоо бараг долоо хонож байна.
Сүүлийн өдрүүдэд “Түрээсээ хөнгөллөө гэсэн мөртлөө яг өмнөх шигээ түрээс аваад байна. Түрээсээ хөнгөллөө гэснийгээ хэрэгжүүлэхгүй байна. Бөөн асуудал, хэрүүл болж байна. ШӨХТГ-т хандсан ч “Бид хяналт тавихгүй” гээд халгаасангүй. Одоо яах вэ” гэсэн гомдол их ирж байна. ХААҮТ-ын дарга, ШӨХТГ-аас энэ асуудалд анхаарч, зохих арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Яг ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас ийм асуудал үүссэн. Тиймээс ХХААХҮЯ, ШӨХТГ хамтраад хуулийн төсөл боловсруулж байгаа” гэв.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.