ЭРҮҮЛ МЭНД

“Тасалгааны агаарт Covid-19 вирус гурван цагийн турш хөвж, халдварлах чадвараа алдахгүй”

“Оном сан”-гийн эрдэмтдийн баг шинэ төрлийн коронавирустэй холбоотой сүүлийн үеийн, шинжлэх ухаанч мэдээллийг иргэдэд цахим орчноор дамжуулан хүргэсээр буй. Эрдэмтэн Д.Наранбаатар өчигдрийн /2020.03.12/ өгсөн ээлжит мэдээлэлдээ, уг вирус нь гадаргуу дээр ямар хугацаанд халдварлах чадвараа хадгалж байна вэ гэсэн сэдвийг хөнджээ.

Түүний тайлбар яриаг сийрүүлэн хүргэж байна.

“Америкийн үндэсний эрүүл мэндийн төв шинэ коронавирус нь гадаргуу дээр хэр удаан “амьдардаг” талаарх судалгааг хийсэн байна. Судалгааны үр дүнгийнхээ эхний хувилбарыг нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэхээр өгчээ. Хараахан хэвлэгдээгүй байгаа энэ мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя.

Вирусийг амьд амьтан гэж үзэхэд төвөгтэй. Амьд биетэд өөрөө үсэж, үржиж чаддаг нэг эстэн, бактер зэргийг хамруулж болно. Харин вирус тэгдэггүй. Гэхдээ хүн юм уу амьтны биед ороод эсийн механизмыг нь ашиглан өсөж, үржиж эхэлдэг завсрын биет юм.
АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн төвийн, Винсент Мюнстерээр ахлуулсан эрдэмтдийн баг Монтана мужид байрлалтай лабораторид уг судалгааны ажлыг хийжээ. Ингэхдээ нэгдүгээрт, шинэ коронавирусийг агаарт цацаад, түүнээсээ дээж авч, хэдий хугацаанд халдварлах чадвараа хадгалж байгааг нь судалсан байна.

Мөн хэд хэдэн төрлийн гадаргуу дээр туршиж үзжээ. Үүнд нь зэвэрдэггүй ган, пластик, цаасан хайрцаг болон зэс орж буй. Сүүлийн үед гал тогооны цахилгаан хэрэгслүүд зэвэрдэггүй гангаар маш олонтаа хийгддэг болсныг бодууштай.

Судалгааны үр дүнгээр, шинэ коронавирус нь агаарт гурван цагийн турш халдварлах чадвараа хадгалж байсан байна.

Харин цаасан хайрцагны гадаргуу дээр 24 цаг. Зэсийн гадаргуу дээр дөрвөн цаг. Пластик болон зэвэрдэггүй гангийн гадаргуу дээр 2-3 өдөр болсон байна.
Энэ үр дүнг 2009 онд дэгдэж байсан SARS вирустэй харьцуулахад ойролцоо болох нь ажиглагджээ. Энэ хоёр вирус хоёул пластик болон зэвэрдэггүй гангийн гадаргуу дээр халдварлах чадвараа удаан хадгалдаг аж.

Энэхүү судалгааг одоо олон улсын эрдэмтэд уншиж, танилцан хэвлүүлэх эсэхийг шийдэх юм. Миний хувьд маш сайн судалгаа болж гэж харлаа. Өмнө нь вирусийг агаарт цацаж хийсэн судалгаа байхгүй. Эндээс харахад, ханиаж найтаах үед үсэрсэн вируст дусал нь агаарт гурван цагийн турш халдварлах чадавхтай байдлаар орших аж.

Дээрх бүгдээс ямар дүгнэлт хийх вэ. Нэгт, агаарын солилцоо муутай өрөө, тасалгаанд халдвартай хүн ханиаж, найтаасан бол гурван цагийн турш эрсдэлт нөхцөл байдал үүсэх нь.
Хоёрдугаарт, энэ вирус пластик болон зэвэрдэггүй гангийн гадаргуу дээр удаан хугацаанд халдварлах чадвараа хадгалж байна. Иймд гал тогооны цахилгаан хэрэгслүүдээ ариутгах, халдваргүйжүүлэх нь чухал”

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

аймаар юм

Холбоотой мэдээ

Back to top button