НийгмийнХУУЛЬ

ДУУЛИАНТ ХЭРГҮҮД хэрхэн шийдвэрлэгдсэн бэ

Нэгэн үе төрийн түшээ хийж явсан нөлөө бүхий улс төр, эдийн засгийн зүтгэлтнүүд авилгал, хээл хахуулийн хэргээр АТГ-т шалгагдаж, хэрэг нь эдүгээ шүүх, прокурорын шатанд гацчихаад байна.

ПРОКУРОР БОЛОН МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦСАН ХЭРГҮҮД:


НЭГ: З. Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нь сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас тендер зарлалгүй, 123 айлын орон сууцыг шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа.

Эл эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргаад байна.

ХОЁР: “ЖАСТ”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэрэг мөрдөн байцаалтад буцжээ

“ЖАСТ”-ын Ш.Батхүү2009-2010 онуудад Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж улмаар 2012 оныг хүртэлх хугацаанд 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнтэй холбогдуулан түүнтэй хамт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарыг эл хэрэгт буруутган АТГ-аас шүүхэд шилжүүлсэн. Ш.Батхүүд холбогдох шүүх хурал /2019.10.07/-нд Улсын дээд шүүхэд болсон билээ. Тэрээр шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан учраас шүүх хуралдах үндэслэл бүрдсэнгүй хэмээх шалтгаанаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан юм.

Ш.Батхүү зээлээ хугацаанд нь бүрэн төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн. Иймд Монгол Улсын Засгийн газраас 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас гаргаж банкны өрийг дарсан аж.

ГУРАВ: Б.Хурц нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэгт буцаав

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хууль бусаар эрүүдэн шүүсэн хэмээх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт буруутгаж байсан.

Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэх гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан юм.

Тэгвэл эрүүдэн шүүсэн хэргээр яллагдагчаар татагдсан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан ажээ.

ХАРААХАН ШИЙДВЭРЛЭГДЭЭГҮЙ БУЮУ ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ СУНГАГДСАН ХЭРГҮҮД:


ДӨРӨВ: Ц.Сандуйг цагдан хорих хугацааг гуравдугаар сарын 29-нийг хүртэл сунгажээ

Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг /2020.02.11/-ний өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцжээ.

Улмаар хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйн цагдан хорих хугацааг /2020.02.29/-ний өдрийг хүртэл сунгаад байсан. Улмаар энэ хугацааг дахин нэг сараар буюу /2020.03.29/-нийг хүртэл сунгажээ.

А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нар тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тул асуудлыг дахин хэлэлцэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулав.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцож дөрвөн жилийн хорих ял оноосон ч давж заалдсан юм.

ТАВ: ХХБ-ны Д. Эрдэнэбилэг нарыг 1-8 жилээр яллахаар зүйлчилжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авахдаа төрийн өмчийг луйвардсан гэх үндэслэлээр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Монголын зэс корпорац”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир нарыг АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан. 

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түрэвтүвшин нарыг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, 22.1 дүгээр зүйл, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтаар 1-8 жилээр яллахаар зүйлчилжээ.

“Монголын зэс корпорац”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир нарыг эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл, Мөнгө угаах заалтаар нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл ангиудаар тус тус яллагдагчаар татжээ.

ЯЛЛАХ ДҮГНЭЛТ НЬ ХЭВЭЭР ҮЛДСЭН ХЭРГҮҮД:


ЗУРГАА: М. Сономпилд оноосон дөрвөн жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу /2020.02.17/-нд хянан хэлэлцсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. М.Сономпил нь 2012 онд УИХ-ын гишүүн, мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.

ДОЛОО: Д.Гантулгын хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдож, гишүүний эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж байсан. Мөн 2018 оны арваннэгдүгээр сард өөр нэгэн эмэгтэй түүнийг хүчирхийлэхээр завсан гэж хуулийн байгууллагад хандсан байдаг.

Хоёр удаагийн хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал /2019.11.12/-ны 14:30 цагаас эхэлж, оройн 22.30 цагт шийдвэрээ гаргасан. Түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар, нийт хоёр жилийн хорих ял оноохоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн.

Түүнтэй холбогдох давж заалдах шатны шүүх хурал тодорхой шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшилсон ч /2020.01.23/-нд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хэлэлцэж, хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРЭГ:


НАЙМ: Салхитын мөнгөний ордны хэрэгт нэр холбогдсон Ш.Мөнгөншагай нарыг шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 13 хүртэл хойшлуулав

Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг /2020.03.19/-ний өдрийн 09:00 цагт товлосон хэдий ч, тодорхойгүй шалтгаанаар 10:40 цагт эхэлсэн байна.

Шүүх хуралдааныг нээлттэй явуулсан хэдий ч сэтгүүлчдийг хуралдааны танхимд оруулалгүйгээр, шүүх танхимын гадна байрлуулсан дэлгэцээр хурлын явцыг дамжуулжээ. 

Шүүгдэгч Ш.Мөнгөншагай прокуророос татгалзсан бол шүүгдэж буй нэг шүүгч хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 13 хүртэл хойшлуулав. 

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС: Д.Адилбаяр, Б.Цолмон болон тэдний өмгөөлөгч нар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу дараах мөнгөн дүнгээр торгов.

  • Шүүгдэгч Д.Адилбаярыг бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, 18 сая төгрөгийн торгуулийн ял
  • Шүүгдэгч Б.Цолмонг хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэнд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, 13.5 сая төгрөгийн торгуулийн ялаар тус тус яллав.
  • Мөн Д.Адилбаяраас 35 сая төгрөг, Б.Цолмонгоос 5 сая төгрөгийг тус тус гаргуулж,улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
зОЧИН
зОЧИН

Батхүүг хараал идээсэй.

Б.ХУРЦ
Б.ХУРЦ

НАМАЙГ ТА НАР ЧАДАХ УУ ?

Back to top button