Ярилцлага

77 насандаа МСҮТ-д сурсан, дахиад 30 жил амьдарна гэдэгтээ итгэлтэй яваа өвөө

Өдгөө 80 настай гэхэд итгэхийн аргагүй хөнгөн, шингэн энэ буурайг Х.Баасандорж гэдэг. Тэрээр бага, залуу наснаасаа хөнгөн атлетикаар хичээллэж, өдийг хүртэл дасгал, хөдөлгөөнөө хийсээр яваа. Нас бол зүгээр л тоо, хүн хөгширч бус хөшиж үхдэг гэдгийг үлгэрлэн, гурван цэгийн зогсолтыг төвөггүй хийх түүнтэй ярилцлаа.

ХӨДӨЛГӨӨН, ХӨДӨЛГӨӨН БАС ДАХИН ХӨДӨЛГӨӨН

-Ярилцлагын саналыг маань хүлээн авсанд баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Хорлоогийн Баасандорж гэдэг. 1941 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд Худалдаа үйлдвэрийн техникомд элсэн орж тэндээ ажиллах болсон. Ер нь янз бүрийн ажил хийж байлаа. Аймгийнхаа нэгдүгээр сургуульд багшилж байсан. Мөн хотод ирээд эмээл хийдэг хоршоо байгуулж, тэндээ ажиллаж байлаа. Сүүлд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх МСҮТ-ийн бариа заслын ангид суралцаж төгссөн.

-Цахим ертөнцөөс таныг гурван цэгийн зогсолт хийж буй зургийг хараад их гайхаж, биширч байлаа. Та залуудаа ямар нэгэн спортоор хичээллэдэг байв уу?

-Би багаасаа л спорт, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой хүүхэд байсан. Худалдаа үйлвэрлэлийн сургуульд байхдаа Хоршоолол нийгэмлэгийн тамирчин байсан юм. Гүйлт болон харайлтын тэмцээнд их оролцдог байлаа. Заримдаа хөнгөн атлетикийн 10 төрөлд орчихдог байсан шүү. Сурах, ажил хийх гээд амьдралынхаа бүхий л цаг хугацаанд дасгал, хөдөлгөөнөө хаяагүй, үргэлж хөдөлгөөнтэй байсаар ирсэн.

-Таныг марафон гүйлтийн тэмцээнд оролцож, мөнгөн медаль авсан гэж дуулсан. Амжилтуудаасаа хуваалцвал?

- Бариа заслын ангид суралцаж байхдаа марафон гүйлтийн тэмцээнд оролцож байлаа. 2017 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын марафон гүйлтийн тэмцээн болохыг дуулаад яваад очсон юм. Тэгээд арван километрт гүйсэн чинь хоёрдугаар байр эзэлчихсэн (инээв). Залуудаа тоотой хэдэн уралдаанд оролцож явсан. Ажилтуудаасаа дурьдвал, Аймгийнхаа хөнгөн атлетикийн бүсийн тэмцээнд багаараа тэргүүн байр эзэлж, дараа нь Улаанбаатар хотод ирээд гуравдугаар байрт орж байлаа. Мөн Хэнтий аймгийн нийгэмлэгт байхдаа өндрийн харайлтаар Улсын хоёрдугаар зэрэг хүртсэн.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/205603550713918/

СУРАХАД ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ

-2017 онд оюутан байсан гэхээр 77 насныхаа босгон дээр оюутан болсон юм байна. Энэ насан дээрээ сурах ямар байв?

-Сурахад хэзээ ч оройтохгүй. Шижигнэсэн сайхан залуустай хамт суралцахад маш сайхан байсан. Эрч хүчтэй, энергитэй залуустай хамт сурч байхад адилхан залуу болсон мэт санагдсан. Ер нь хүн өөрөө хичээвэл чадахгүй зүйл байхгүй. Би өөрийгөө хөгширсөн, удахгүй "нүд анина” гэж ерөөсөө боддоггүй. Ердөө амьдралынхаа гуравны хоёрыг л насалсан, дахиад гучин жил амьдарна гэж боддог. Сурах ч зүйл их байна. Би бас урлагт их дуртай хүн л дээ. Нодинон жилээс нэг найзаараа гитар заалгаж эхэлсэн. Ер нь болмоор санагдаад байгаа шүү.

-Таныг ийм уян налархайг оюутны ангийнхан тань болон бусад хүмүүс мэддэг үү. Хэрхэн хүлээж авч байх юм?

-Ер нь дасгал, хөдөлгөөн хийдгийг минь хүмүүс мэднэ ээ. Манай ангийнхан намайг энэ насандаа баймгүй золбоолог, ануухан л гэцгээдэг юм. Нэг өдөр манай багш "Та нар Баасандорж гуайг өвөө гэж битгий дууд. Арай өөрөөр дууддаг юм уу, аль эсвэл авгуайлж дуудаж байгаарай” гэсэн. Тэгсэн чинь ангийнхан маань "Арван наймт аа” гэж дууддаг болчихсон (инээв).

 -Та дуу, хөгжимд дуртай гэлээ. Танд гитар тоглохоос гадна урлагийн авьяас бий юу?

-Залуудаа энд тэндэхийн урлагийн наадамд оролцож, дуулж явлаа. Дуулахаас гадна бүжиг, танзанд орно. Манай аймгийн ахмадын хороонд Даваа, Баасан гарагт бүжиг болдог юм. Түүнд нь идэвхтэй оролцдог. Ер нь л төрөл бүрийн хөдөлгөөн хийхийг илүүд үздэг хүн дээ. Урлаг бол сэтгэлийг сайхан, гэгээлэг болгодог зүйл. Урлаг, спорт хоёрыг хослуулвал хүний бие болоод сэтгэл эрүүл болдог гэж боддог юм.

ХҮН ХӨГШИРЧ БУС ХӨШИЖ ҮХДЭГ

-Ер нь таны хөл, гар, үе мөч өвдөхгүй биз?

-Үе мөч бараг өвдөхгүй шүү. Өвдсөн ч өнөөх дасгалуудаа хийхээр гайгүй болчихдог юм. Элдэв эм, тариа ер хэрэглэдэггүй.

-Өдөр тутамдаа та ямар дасгалууд хийдэг вэ. Уншигчдадаа сонирхуулахгүй юу?

-Би өглөө бүр зургаан цагт босоод хоёр километр гүйдэг. Одоо нас ахиад гүйх гэхээсээ илүү зөөлөн шогшино оо. Дараа нь янз бүрийн дасгал, хөдөлгөөн хийнэ. Өдөр бүр Түвдийн урт наслах нууц жор хэмээх таван дасгалыг хийдэг. Энэ дасгалыг 20-иод жил хийж байна. Эдгээр таван дасгалыг эхлээд гурван удаа хийж байгаад долоо, ес цаашлаад 21 удаа хийнэ. Хамгийн гол нь амьсгалаа зөв авч, гаргах хэрэгтэй. Энэхүү дасгалыг хийснээр бие хөнгөрөөд эрүүл, сайхан болдог юм.

 -Хүүхдүүд тань хамт дасгал хийдэг үү?

-Манай хүүхдүүд заримдаа намайг дагаж дасгал хийнэ ээ. Ажил, төрөл гээд завгүй явдаг болохоор тэр болгон хамт хийдэггүй. Гэхдээ манайд хүрч ирэхээр нь би зааж өгч, хамт дасгал хийдэг юм. Тэгэж байхдаа л өнөөх фейсбүүк гэгч дээрээ миний зургийг аваад тавьчихсан байхгүй юу (инээв). Манай хүүхдүүд ер нь дасгал сургуулилт сайн хийнэ шүү.

-Та үр, ач олонтой юу. Одоо хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Би зургаан хүүхэдтэй. Ач, гуч нийлээд 60 гаруй болж, өнөр өтгөн болсон. Аймагтаа охин, зээ охины хамт амьдардаг. Энэ байдлаараа би гучийнхаа хүүхдийг үзнэ гэж боддог шүү.

-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Та үр ач, хойч үеийнхэндээ сургаалиа хайрлаач?

- Би үр хүүхдүүдээ үргэлж хэлдэг нэг үг бий. Муу хүн гэж байдаггүй. Ямар ч хүнд сайн чанар гэж байдаг. Түүнийг нь олж харахыг хичээгээрэй гэж захидаг. Үүнээс гадна хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг үг бий. Залуучууд маань дасгал хөдөлгөөнөө тогмол хийж, эрүүл саруул байж, урт удаан амьдраарай гэж хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шавь
Шавь
3 сар 20, 2020 11:21

1980-1990 онд Архангай аймгийн 10 жилийн сургуульд сурч байхад Цэрэгжилтийн багш минь байж билээ. Тэр үед сахилгүйтэхэд цэргийн хүн цэргийн хүндээ хайртай хэмээн хүмүүжлийн эрхлэгчийн өрөөнөөс батлан дааж авч байсан дурсамж байна аа.

зочин
зочин
3 сар 20, 2020 15:16

мундаг багш байлаа.

айөбөбөмшиг
айөбөбөмшиг
3 сар 20, 2020 20:19

Удахгүй covid 19 хилийн чанадаас орж ирэх аюул нүүрлээд байхад юун ахиап 30 жил амьдрах

Зочин
Зочин
3 сар 22, 2020 08:08

Цэрэгжилтийн багш маань байна. Дүрэмт хувцас нь гоё зохидог гав шав хийсэн, зөөлөн намуухан яриатай, дандаа инээмсэглэж явдаг хүн байж билээ. Урт нас�##�ж удаан жаргаарай

Холбоотой мэдээ

Back to top button