Нийгмийн

ТУСГААРЛАГДСАН ИРГЭН: Хаалга тогшоод л гоё, гоё юм өгөөд, эмнэлгийнхний хайр, халамжинд бялхаж сууна

Монгол Улс тусгай үүргийн онгоцоор зарим орноос иргэдээ эх оронд нь авч ирж, тусгаарласан билээ. Тусгаарлагдсан иргэдийн зарим нь эмнэлгийн орчин нөхцлийг голж, буудал шаардсан, дарга нараар яриулах зэргээр хүндрэл учруулж буйг ЭМЯ, ХӨСҮТ-ийнхэн тодотгосон. Эх орон нь алгаа тосон угтахад баярлаж, тусгаарлагдсан байрныхаа орчин нөхцөлд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж буй Г.Золзаяатай цахим хаягаар нь холбогдон, ярилцлаа.

МАШ САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ДОР БИДНИЙГ ОНГОЦООР АВЧ ИРСЭН

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ганжаргалын Золзаяа гэдэг. Интерьер дизайнер мэргэжилтэй. Намайг тусгай үүргийн онгоцоор Монголд ирэхэд болж буй үйл явдлууд, нөхцөд байдлыг өнгөж дүгнэсэн сөрөг мэдээллүүд угтсан. Тиймээс энэ ярилцлаагаараа дамжуулан иргэдэд үнэн зөв, эерэг мэдээлэл хүргэхийг хүсэж байна.

-Японоос ирээд тусгаарлагдсан юм билээ. Их наран улс руу ямар ажлаар, хэр удаан явав?

-Япон руу хэлний бэлтгэлд сурахын тулд аравдугаар сард явсан. Тэнд зургаан сар орчим сураад хэд хоногийн өмнө эх орондоо ирлээ. Сурахынхаа хажуугаар хэрэглээний мөнгөө олохын тулд хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан.

-Тэнд нөхцөл байдал ямархуу байсан бэ. Эмчилгээ, эмнэлгийн байгууллагууд иргэддээ хэр чиглэж ажиллаж байх шиг байна вэ?

-Би тэнд очоод удаагүй байсан тул хэлний бэрхшээл их гарсан. Иймд нөхцөл байдал ямар байгааг англи хэл рүү хөрвүүлэн интернетээс уншдаг байлаа. Хоёрдугаар сарын сүүлээс эхлэн Япон улсад их дээд сургуулиуд болон хүүхдийн тоглоомын парк гэх мэт хүн ихээр цугларах газар, томоохон үйл ажиллагаануудыг цуцалж эхэлсэн. Миний сурч байсан сургуулийг гуравдугаар сарын эхээр хааж, хөл хорио тогтоосон.

БИД ХОЁР ЭНД БАЛ САРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙГАА ЮМ ШИГ Л ТУХТАЙ БАЙНА

-Эх орондоо ирэх хүртэл багагүй саадыг туулсан байх. Тусгаарлах ажиллагаа ямархуу явагдав?

-Би Нарита-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Монголынхоо онгоцонд сууснаас хойш мэргэжилтнүүд дөрвөн цаг тутам амны хаалт тарааж, нислэгийн үеэр амны хаалтаа авахгүй байхыг зөвлөж байсан нь сайхан санагдсан. МИАТ-ийнхан зохион байгуулалттай маш сайтай ажилласныг тодотгоё. Биднийг шуурхай гэгч нь автобусандаа суулгасан. Хоёр автобус цувраад, урд нэг цагдаагийн машин яваад, ард замын цагдаа нар уулзваруудыг зохицуулсаар хорь хүрэхгүй минутанд нисэхээс тусгаарлах байранд авч ирсэн. Хосууд, гэр бүлийн хүмүүсийг нэг өрөөнд оруулсан. Би найз залуутайгаа хамт нэг өрөөнд хоёулхнаа орсон.

Угаалгын өрөөнд нь биеийн шингэн саван, шампунь дүүргэж тавьжээ.

Өдөржин онгоцонд ядарсан хүмүүс орж ирээд л нам унтсан. 9:00 цагт хөнгөн зууш, цай өгөөд, халуун үзнэ. 11:00 цагт витаминжуулалтаа аваарай гээд чацаргана өгч байгаа. 14:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл дундуур нь дахин цай боорцог өгсний дараа нэг болон хоёрдугаар хоолыг идсэн. Хаалга тогшоод л гоё гоё юм өгөөд ёстой нэг эмнэлгийнхний хайр халамжинд нь бялхаж байна аа. Японд байхдаа очоод 14 хоног хоригдоно шүү дээ гээд байсан хүмүүс бараг бал сараа тэмдэглээд байгаа юм биш үү (инээв).

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦОНД БАГТАХГҮЙ ҮЛДЧИХ ВИЙ ГЭЖ САНАА ЗОВСОН

-Манай улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлууд Япон улсынхаас хэр өөр байна вэ. Өөрийнхөө бодлоор давуу болон сул талыг хэлвэл?

-Миний бодлоор Японы гамшигтай холбоотой асуудалд хандах хандлага манай улсаас ялгаатай санагддаг. Маш олон цунами, газар хөдлөлт болдог учраас тэвдэж сандралгүй, тайван ханддаг хүмүүс байна лээ. Тиймээс засгийн газар нь нэлээд сүүлд арга хэмжээ авч эхлүүлсэн болов уу. Техник технологийн өндөр хөгжилтэй орны хувьд 1000 хүн энэ вирусийн халдвартай байна гэдэг гурван сая хүн амтай манай улсад нэг хүн вирусийн халдвартай байна гэдэг хоёр өөр зүйл. Тиймээс харьцуулахад асар том ялгаатай болов уу гэж бодож байна. Аль нэг нь муу, дутуу арга хэмжээ авч байна гэсэн үг биш, зөвхөн хүн амын хувьд ялгаатай учир мэдээ мэдээллийг шүүн тунгаах хэрэгтэй болов уу. Тиймээс засгийн газраас өгч буй үүрэг даалгаврыг биелүүлэхийн хувьд эрс тэс биз ээ.

-Мэдээж эх орондоо, гэртээ ирэх сэн гэж яарсан байх. Ямар нэгэн шалтгаанаар тусгай үүргийн онгоцонд багтаж чадахгүй үлдчих вий гэх айдас хэр байв?

-Айж байсан. Визний хугацаа дуусах дөхсөн байсан учраас багтчих юмсан гэж их бодож байлаа.

МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ УЛАМ ИХ БАХАРХАЖ БАЙНА

-Японд ар гэрээс тань тусгай үүргийн онгоцонд сууж чадаагүй үлдсэн хүн бий юу?

Үлдээгүй ээ. Найз залуутайгаа хамт хоёулаа ирсэн.

-Алгаа тосоод угтах эх орон, ард түмэнтэй байх сайхан. Хүний нутагт сандарч явахдаа Монгол орныхоо, монгол хүн болж төрснийхөө үнэ цэнийг улам мэдэрсэн үү?

-Эх орноо санан, санан тархалт ихтэй газраас ирэхэд ийм сайхан хүлээж авч, хайрлаж халамжилна чинээ санаагүй. Үнэхээр Монголдоо дурлаж байна. Японд байхдаа хичээлийнхээ хажуугаар шөнийн ажил хийж байх үед Монголд байсан бол арай ч ингэхгүй дээ гэж бодогдоод л зүтгэнэ шүү дээ. Эх орондоо ирээд монгол хүн болж төрснөөрөө бахархаж байна. Би ийм сайхан эх оронтой юм байна шүү дээ. Энэ улсад би ийм үнэ цэнэтэй юм байна шүү дээ гэдгээ улам их ойлголоо.

-Та Монголдоо хаана тусгаарлагдсан бэ. Тусгаарлагдаад хэд хонож байгаа вэ?

-Жуковын Парк зочид буудалд тусгаарлагдсан. Ирээд гурав хонож байна.

-Тусгаарлагдсан газрынх нь орчин нөхцөл, үйлчилгээ ямар байна вэ?

-Тав тухтай байна. Эмч нар хаалга тогшоод, өглөө оройд халуун үзнэ. Бусад үед хаалганы гадаа хоолыг маань орхиод явдаг. Энэ нь их зөв санагддаг.

-Зарим хүн тусгаарлагдсан эмнэлгийнхээ үйлчилгээг голж, зочид буудал хүртэл шаардсан гэсэн. Танд ямар нэгэн бэрхшээл, сэтгэл дундуур яваа зүйл бий юү?

-Одоогоор сэтгэл дундуур байгаа зүйл байхгүй ээ. Хүний нутагт удаагүй ч гэсэн хүний нутгийн салхи нь хүртэл хүнийх гэдэг шиг ялгаварлан гадуурхах хүмүүсийн дундаас ирсэн болохоор бүх зүйлд сэтгэл хангалуун байгаа.

-Хоол, эмнэлгийнхний харилцаа хэр байна вэ?

-Хоол нь тэжээллэг бас амттай. Түүнчлэн эмнэлгийн ажилчдын харилцаа эелдэг, маш хариуцлагатай байгаа.

-Бүхий л төрийн албан хаагчид иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байна. Тэдэндээ хандаж та сэтгэлийнхээ үгийг хэлнэ үү?

-Бүгд иргэдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж байгааг нүдээрээ харж, мэдэрч байгаагийн хувьд бүх албан хаагчиддаа талархал илэрхийлье. Та нар минь ч бас дархлаагаа сайн дэмжиж, эрүүл энх байгаарай.

ТУСГААРЛАГДАХ БАЙРНЫ ХООЛ НЬ АМТТАЙ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ХАРИЛЦАА ЭЕЛДЭГ САЙХАН БАЙГАА

-Монголчууд коронавирусийн халдвартай амжилттай тэмцэн, үр дүнтэй ажиллаж байгаа нь бусад орныхны анхаарлыг татаж байгаа. Таны бодлоор монгол хүн коронавирусийн халдвар цөөн авч буйн нууц юу бол?

-Цаг алдалгүй хурдан шуурхай арга хэмжээ авч, ард иргэддээ үнэн зөв мэдээллийг цаг тутамд тарааж буй тул иргэд дэг журамтай, албан хаагчид хариуцлагатай нэгдмэл байж чадсанд л нууц нь байгаа болов уу. Эргэлтийн хувьд ахуйн хэрэгцээний зүйлс мөн талх боорцгийг гаднаас чанга хяналттайгаар дотогш оруулж байна билээ. Тусгаарлагдсан байранд гадны хүнийг ч мөн оруулахгүй байгаа. Шалгаад оруулж болох зүйлсийг эмнэлгийн ажилчид маань оруулан өгч, эсвэл хаалганы гадна орхиод явдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button