Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Иргэд хүнсээ граммлан авч, өдөр хоногийг залгуулж байна

Шинэ коронавирусийн халдвараас шалтгаалж онцгой нөхцөл үүссэн нь иргэдийн амьдралд хэр хүндээр тусаж, худалдан авалтад нь ямраар нөлөөлж буйг сурвалжлахаар бид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт орших хэд хэдэн дэлгүүрээр орлоо. Гадуур хөл хөдөлгөөн багатай, эл хуль. Зам дагуух гурав, дөрвөн дэлгүүр үүдээ барьсан харагдана. Орлогогүй тул дэлгүүрээ хаахаас өөр аргагүйд хүрснээ тэд учирлав.

ИРГЭД ХҮНСЭЭ ГРАММЛАН АВЧ БАЙНА

Нэгэн дэлгүүрээс 50 эргэм насны эр 500 грамм сүү, жижиг савлагаа бүхий ургамлын тос бариад гарч яваа харагдав. Тус дэлгүүрээр ороход ерөнхийдөө лангуу нь дундарчээ. Талх, нарийн боовны тасагт хэдэн талх, хоёр уут боорцогноос өөр зүйл харагдсангүй.

Дэлгүүрийн худалдагч залуу “Ойрд хүн бага, хэцүүхэн л байна. Хааяа нэг амралтын өдрүүдэд машинтай хүмүүс ахиухан юм аваад гардаг. Тэгээд л энэ хавийнхан маань ойр зуурын хүнсний зүйлээ авна даа. Сүүлийн хэд хоног хүмүүс боов, боорцог авах нь эрс багассан болохоор татахаа ч байсан. Мөн нэг литрийн савлагаатай бус 330 граммтай тос авах болсон” гэж ярилаа. 330 граммын савлагаатай ургамлын тос 1200 төгрөгийн үнэтэй гэнэ.

Ийн ярьж зогсоход 40 орчим насны эр “Атар” талх, хагас хил цагаан будаа, 250 граммын савлагаа бүхий масло худалдан авав. 4000 төгрөг өгөх тэрбээр “Хоёр идэхгүй, хоосон хонохгүй л явна. Айхтар өвчин гарчихсан гэртээ хүүхдээ харж сууна” гэснээс өөр зүйл  хэлсэнгүй.

ИРГЭД НОГООГ ӨДӨР ӨДРИЙНХӨӨ ХООЛОНД ТААРУУЛЖ АВЧ БАЙНА

Өөр нэг дэлгүүрт ороход үүдэнд нь гар ариутгагч байрлуулсан байв. Түүнд нь гараа ариутгалаа. Лангуун дээр жирийсэн олон бараа өрөөстэй байх боловч нэг ч үйлчлүүлэгч харагдсангүй.

Мах, махан бүтээгдэхүүний хэсэгт дайвар бүтээгдэхүүнээс эхлээд жижиглэж боосон мах болоод бууз, банш зарж байв.

Иргэд жижиглэж боосон мах түлхүү авдаг. Хааяа нэг бууз, банш 400, 500 граммаар авдаг гэнэ.

Мөн хүнсний ногоо хэр их авч буйг асуухад “килограммаар нь авах  нь ч бий, граммлаж авах нь ч бий. Ихэнх нь өдөр өдөртөө нэг, хоёр хоолны ногоо аваад гардаг” гэж ярилаа. Тэгэхээр нь нэг хоолны ногоо болохуйц гурван ширхэг төмс, нэг ширхэг лууванг жинлэхэд нийлээд 700 төгрөг болж байв. Харин нэг боодол жижиг мах тавихад 1200 төгрөгийн үнэ хүрлээ.

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэдийн худалдан авалт муудсан нь захын хорооллын хэд хэдэн дэлгүүрт ороход л ийн харагдаж байна. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл иргэдийн амьдрал улам дордох бололтой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button