Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: 72 цагийн эм буюу “72 ЦАГИЙН УСТГАЛ”

“Би түүнийг намайг хайрладаг гэж бодож байсан. Намайг ямар ч үед хайрлаж, үргэлж дэргэд минь байх эрхэм хүн минь гэж итгэж явлаа. Гэвч тэр өдөр бүх зүйл миний бодсоноос тэс өөр байсан. Хэдийгээр наран манддагаараа мандаж, нартад нэгэн өдөр үргэлжилж байсан ч, итгэж явсан хүн маань орхиод одов. Түүний хүсэл би биш байсныг тэгэхэд ойлгосон. Нэгэнт зорилгоо биелүүлсэн залууд миний хэрэг дахин гарсангүй. Найзынхаа зөвлөснөөр 72 цагийн эмийг давхарлаж ууснаас хойш үрийн заяа намайг үүрд орхиж одсон юм”.

Нэрээ нууцалсан бүсгүйн зурвасын дагуу бид үндэсний шуудангийн буудал буюу бидний хэлж заншсанаар Ардын эрхийн ойролцоо байрлах “Алтан зул” эмэгтэйчүүдийн эмнэлгийг зорилоо. Хотын төвөөр замын хөдөлгөөн илэрхий бага, ачаалалгүй байсан учраас эмнэлэгтээ ч саадгүй хүрч очив.

Эмнэлэг рүүгээ орж, ярилцах эмчээ хүлээх зуур урьдчилж цаг авсан хэд хэдэн үйлчлүүлэгчид ээлж дараалан оров. Сүүлчийнх нь үйлчлүүлэгч дунджаар 10-20 минут болсны дараа эмчдээ баярласан талархсанаа илэрхийлээд царай нь гэрэлтсээр гарч одов. Магадгүй тэр бүсгүй өнөөдөр хорвоогийн хамгийн сайхан мэдээг түрүүлж сонссон ч байж мэднэ.

Бид жирэмслэлтээс хамгаалах эм буюу олны хэлж заншсан “72 цагийн эм”-ийн тухай эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 20 гаруй жил ажиллаж буй, “Алтан зул“ эмнэлгийн эмч Э. Орхонтуултай цөөн хором ярилцав.

Ярилцлагаа сонирхуулахаасаа өмнө тус эмийг эмийн сангуудаар жоргүй олгодог, тунг нь хэтрүүлэн хэрэглэвэл хүүхэд тээх боломжгүй болгох өндөр эрсдэлтэйг сануулъя.

-72 ЦАГИЙН ЭМ ҮРГҮЙДЭЛ, УРАГ ӨСӨЛТГҮЙ БОЛГОХ ЭРСДЭЛ ДАГУУЛДАГ-

-Танай эмнэлэгт ихэвчлэн ямар зовуурьтай эмэгтэйчүүд үзүүлдэг вэ. 72 цагийн эм буюу жирэмслэлтээс хамгаалах эмтэй ямар нэгэн байдлаар холбогддог уу?

-Ирээд үзүүлж буй бүхий л насны бүсгүйчүүдийн олонх нь умайн хүзүүний шархлаа, уйланхай, хортой болон хоргүй хавдар, дааврын өөрчлөлт, үргүйдэл, савны гадуурх жирэмслэлт гэх мэт өвчнөөр оношлогддог. Мөн жирэмсний эрт үеийн хяналт, эхо үзлэгт орохоор ирж буй эмэгтэйчүүд ч олон. Дээр дурдагдсан өвчнүүд шууд биш ч ямар нэг байдлаар 72 цагийн эмтэй холбогдож байгаа. Гэвч тэдгээр бүсгүйчүүд өөрт нь тохиолдоод буй зарим шинж тэмдэг, зовууриуд тус эмээс болж байгаа гэдгийг мэддэггүй. Жишээ нь 72 цагийн эмийг хэтрүүлэн уух болон зөв тунгаар нэг удаа уусан ч, тухайн хүний бие махбодод таарахгүй байх үед сарын тэмдгийн мөчлөг алдагдах, өвдөлттэй ирэх, эсвэл хэт их, бүр ирэхгүй байх зэрэг нь эмийн гаж нөлөө юм. Үүнийг тоохгүй байснаараа бидний ярихыг хүсдэггүй өнөөх үргүйдэл, ураг өсөлтгүй болох, ургийн буруу хөгжил үүсэх нэг шалтгаан болж байдаг.

ОЛДСОН УРГИЙН ЗУЛБУУЛАХГҮЙ ЭСРЭГЭЭРЭЭ БУРУУ ХӨГЖИЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ

-Манайд 72 цагийн гэж нэрлэгддэг хэдэн төрлийн эм борлуулагддаг вэ, бүгд ижил үйлчилгээтэй юу?

-Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон үед яаралтай жирэмслэхээс хамгаалах буюу харьцаанд орсноос гурав хүртэлх хоногт эдгээр эмийг ууж хэрэглэнэ. Эмийн үйлдэл нь эр, эм бэлгийн эсийн үр тогтох явцыг сааруулдаг. Өөрөөр хэлбэл, үр тогтсон бэлгийн эсийг умайд бэхлэгдэх чадварыг бууруулна гэсэн үг. Эмийг аль болох эрт уух тусмаа үйлчилгээ нь 95 хувь хүртэл найдвартай байдаг. Хэрэв 72 ба түүнээс дээш хугацаанд уувал жирэмслэлтээс 50 хувь хүртэл хамгаална. Тэгэхээр тухайн хугацааг өнгөрөөсөн бол уухгүй байхыг зөвлөдөг. Эмийн сангуудаар дөрвөн төрлийн эм худалдаалагддаг. Прегнон, Мадонна, Постинар, BackUp зэрэг эмүүд нь найрлагын хувьд ижил үйлдэлтэй. Зөвхөн үйлдвэрлэсэн улс, оруулж ирж буй газраараа л ялгагддаг гэсэн үг.

-Ямар давтамжтай уух ёстой вэ, уухыг хориглосон заалтын тухай тодруулахгүй юу?

-Эм бүрийн хайрцагт хэрхэн хэрэглэх болон хориглох заалтыг Монголоор бичсэн байгаа. Гэвч олонх охид уухдаа заавартай нь тэр бүр танилцдаггүй юм шиг санагдсан. Дараах заалтын эмийг жирэмсэн болон хөхүүл үед, элэг болон цөсний замын өвчлөл, бүх төрлийн хавдрын үеүдэд, мөн уналт таталт өгдөг хүмүүс хэрэглэхийг хориглодог. 72 цагийн эм нь дааврын хүчтэй агууламжтай тул жилд 2-оос дээшгүй удаа эмчийн заалтаар хэрэглэх нь зөв. Нөгөөтээгүүр нэгэнт хүсээгүй ураг олсон охид, тус эмийг олон давхарлаж ууснаар ургийг зулбуулна гэж ойлгодог. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт. Олдсон ургийг зулбуулахгүй, харин эсрэгээрээ ургийн буруу хөгжил үүсгэх эрсдэлтэй. Охид бүсгүйчүүд ердөө нэг зүйлийг хатуу санах нь зөв. 72 цагийн эм бол жирэмслэлтээс хамгаалах байнгын арга биш. Бас ургийг зулбуулахгүй. Тиймээс хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах өөр аргыг сонгох нь зөв.

ХУГАЦАА АЛДАХГҮЙ УУВАЛ АЮУЛ АРАЙ БАГА

-Танай эмнэлгийн зүгээс ямар үед дараах эмийг зөвлөдөг вэ, эмийг ууж болох эсэхийг үйлчлүүлэгчид асуудаг уу?

_Олон биш ч асуугаад ирэх үйлчлүүлэгчид байдаг. Тэр бүрт өөрт нь тохирох жирэмслэлтээс хамгаалах аргыг санал болгож зөвлөөд явуулдаг. Гэвч аргагүй тохиолдолд буюу бусдын хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охидод яаралтай жирэмслэлтээс хамгаалахын тулд тус эмийг санал болгох нь бий. Ирж үйлчлүүлж буй хүмүүс 72 цагийн эм ууснаа тэр бүр хэлдэггүй. Жишээ нь доошоо цус алдаад ирсэн бүсгүйгээс эм уусан эсэхийг асуухад хэлээгүй. Гэвч нөхцөл байдлыг өөрт нь тайлбарласны дараа үнэнээ хэлсэн.

-72 цагийн эмийг жороор олгох нь зөв үү?

-Эмийн хор хөнөөл их хэдий ч, зөвхөн жороор олгох нь бас л нэг талыг барьсан асуудал юм. Жишээ нь манайд хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охид мэр сэр ирдэг. Тэр бүрт охид, эмэгтэйчүүд санхүүгийн бэрхшээлээс болоод эмнэлэгт ирэх нь ховор шүү дээ. Иймд тухайн нөхцөл байдалд хугацаа алдахгүй тус эмийг заасан хугацаанд уувал аюул бага. Жор баригчид болон хувь хүмүүс өөрөө тухайн эмээ сайтар судлах, үгүй дээ хайрцаг дахь жортой нь танилцсан байх нь чухал.

Биднийг ярилцаж байх зуур тус эмийг уусны маргаашаас нь доошоо цус алдаад байгаа гэх бүсгүй эмчийн өрөө рүү орсон юм. Тэгэхээр эмийн нөлөөнд харшилсан эсвэл сөрөг заалттай бүсгүйчүүдэд 72 цагийн эм гаж нөлөө үзүүлэх нь олон аж.

Тухайн эмэгтэйд хийсэн үзлэг удаашрах төлөвтэй байсан тул бид эмнэлэгтэй ойр байрлах хэд хэдэн эмийн сангуудаар оров. Хаалгаар гараад удалгүй нэг жижгэвтэр эмийн сан таараад дотогш орвол 18 орчим насны охин тус эмийг худалдаж аваад газар дээр нь усаар даруулан уув. Тэгснийхээ дараа зааврыг ч уншилгүй эмийн хайрцгийг хогийн сав руу хийж орхив. Охид бүсгүйчүүд энэ эмийг уухдаа хайнга, хэнэггүй хандаж буйн нэгээхэн илрэл нь энэ.

“Бүсгүйг гарсны дараа эмийн санчаас тус эмийг ямар үнэтэй болох, хэрхэн уух зааврыг асуувал: BackUp эм нь 4000 төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд харьцангуй урт буюу хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос 96 цагийн дотор уух боломжтой нэг ширхэг эм байдаг. Тус эмийг уусны дараа толгой эргэх, дотор муухай оргих, бөөлжих, хөх хөндүүрлэх, хэвлий орчмоор өвдөх, цусархаг ялгадас гарах зэргээр гаж нөлөө үзүүлж болно гэв. Гаж нөлөө үзүүлж болно гэдэг нь ХЭВИЙН гэсэн үг биш. Танд эмийн үйлчлэл ТААРАХГҮЙ байгааг илтгэж буйн нэг хэлбэр юм” гэлээ.  

Тус эмийн сангаас гарсны дараа өөр хэд хэдэн эмийн сангаар ортол нэгээс хоёр төрлийн эмийг борлуулж байв. Үнийн хувьд 4000-6000 төгрөгийн үнэтэйгээс гадна, “72 цагийн эм” гэхэд л эмийн санч нь ямар нэгэн тайлбар, асуултгүйгээр шууд өглөө.

Ингээд бодохоор энэхүү эм нь зөв цаг бас хүнээ олвол “72 ЦАГИЙН УСТГАЛ” ч болж болдгийг бидэнд харууллаа. Хэрэв тухайн эмийг уусан эмэгтэй ямар нэг хавдартай бол эмийн нөлөө хавдрийг тэжээж, хор уршгийг эрчимжүүлж болдгийг эмч хэлсэн юм. Тэгэхээр охид бүсгүйчүүд эмийн найрлага, заавартай сайтар танилцсаны дараа энэхүү эмийг уух эсэхээ шийдэхгүй бол өөрсдөө ч амь насаа алдаж мэдэх нь.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-28 20:14

ene emni ner uniig ingej delgesneeree uuruu ochij 72 avch bui usvur nasnii ohidiig ulam l nemeh bhdaa huuhduud bol aan ene em ym bn l gj hardag

Otgoo
Otgoo
2020-03-29 22:39

Ene ingej hamaagui uudag em bish shuu ohiduudaa ,?zaaval emchees asuuj uu .er n uuh hereggui haramsahguin tuld

Холбоотой мэдээ

Back to top button