ЭМЯ: Коронавирусийг гэрээрээ эмчилнэ гэсэн хүмүүс олон байна

ЭМЯ-наас шинэ коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийж байна. Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож буйтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэндчилгээ дэвшүүлснийг иргэдэд уламжлав. Мөн 24 цагийн хугацаанд өвчний голомтот ажиллаж буй эмч нар, шинжилгээний багийнхандаа баярласнаа илэрхийлэв. Өнөөдөр 201 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Ялангуяа АНУ-д 14 минутад нэг хүн шинээр халдвар авч, 20 минутад нэг хүн нас барж байна хэмээх мэдээлэл байна.
ЭМЯ-ын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхий дахинаа хувийн хамгаалах хэрэгслийн дутмагшил болсон тул хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй. Мөн коронавирусийг гэрээрээ эмчилнэ гэх явдал их байна. Хүмүүс интернэтээс харсан баталгаагүй мэдээлэлд итгэж, эмч мэргэжилтнүүдийн ажилд хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
Нийт 57.544 тохиолдол бүртгэгдэж, 26.654 нас баралт бүртгэгдсэн. Тохиолдлын тоогоор Итали, АНУ-ууд нь БНХАУ-ыг давсан. БНСУ-д өдөрт дунджаар шинээр 100 тохиолдол бүртгэгдэж байна. Япон улсад Токио-2020 олимпийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гарсан. ДЭМБ-аас тохиолдол болон хавьтлыг эрт тусгаарлах арга хэмжээг зөвлөж байгаа. Энэ тухай сурах бичгийг гаргасан.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
АНУ-д нас барсан хүний тоо 2000 хүрсэн. БНХАУ-д тогтоосон хүчтэй хөл хориог бага багаар цуцалж байгаа. Ухань хотод иргэдийг орох хөдөлгөөнийг зөвшөөрсөн ч, буцаж гарах хөдөлгөөнийг хорьсон. БНХАУ-д шинээр 45 тохиолдол, 5 нас баралт бүртгэгдсэн. БНСУ-д эмч нар халдвар авах тохиолдол их байна. Тэднийг эмнэлгийн орчинд халдвар авсан, эсвэл ахуйн орчинд халдвар авсан эсэхийг тогтоож байна.
Эрүүл мэндийн яамын Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
Тусгаарлах байранд нийт 3883 хүн байна. Өнөөдрийн байдлаар 2434 иргэн тусгаарлах байранд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байна. Мөн тэдэнтэй хамт 320 эмч, мэргэжилтнүүд хамт тусгаарлагдаж байгаа. Коронавирусийг гэрийн нөхцөлд эмчилнэ гэж үгүй. Иргэд өвчнийг гэрээрээ эмчилнэ хэмээн дайрч, эмч нарт хүндрэл учруулж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5, ХӨСҮТ 5 гэх мэт 32 хүнээс коронавирусийн шинжилгээг авсан ч, халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт коронавирусийг илрүүлэх боломжтой болсон. Одоогоор шинэ тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдийн бие хэвийн байгаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.