Сурвалжилга, Нийтлэл

АНУ-Д СУУГАА ИРГЭД: Энд хүмүүс одоо хэр амны хаалт зүүхгүй, төр засаг нь ч зүүхийг уриалахгүй байна

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдлоор АНУ Хятадыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэх болов. “Амны хаалтыг зөвхөн халдвар авсан хүмүүс л зүүх хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг иргэддээ өгч байсан тус улсын нөхцөл байдал багагүй хүндэрлээ.

АНУ-д Монголын хэдэн мянган иргэн оршин суудаг. Ази царайтай хүмүүс арьс өнгөний үзэлд өртөж, ихээр гадуурхагдаж буй талаар тэнд суугаа монгол иргэд ярих болсон. Үүнийг дагаад АНУ дахь Монголчууд эх орон руугаа ирэхийг хүсэвч, ЭСЯ нь хүлээж авахгүй байна гэх ойлголт нийгэмд түгсэн.

Иймд тус улс дахь нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар, АНУ-ын Иллиной муж, Чикаго хотод ажиллаж амьдардаг Ж.Насантогтох, Н.Халиунбаатар, Б.Алтангэрэл нартай холбогдож, товч ярилцлаа.


Ж.Насантогтох (Ж.Н) 2011 оноос хойш АНУ-ын Чикаго хотод гэр бүлийн хамт ажиллан амьдарч байна.


-ХАЛДВАР АНХЛАН ДЭГДЭЖ БАЙХАД АНУ ЭНЭ СЭДВИЙГ ОГТХОН Ч СОНИРХООГҮЙ-

-БНХАУ-д шинэ коронавирус дэгдэж эхлэхэд АНУ хэрхэн хүлээж авч байв. Одоо нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн бэ?

(Ж.Н): Америкчууд маш тайван байсан.  Телевиз, мэдээллийн хэрэгслээр “Айх хэрэггүй, бид үүнд бэлтгэгдсэн улс” хэмээн ярьж байсан. Тухайн үед АНУ-БНХАУ хоорондын нислэгийг цуцалснаас өөр арга хэмжээ аваагүй.

Харин гуравдугаар сарын дунд үеэс хүн ам шигүү суурьшсан томоохон хотуудад халдварын тохиолдол эрчтэй нэмэгдэх болсон. Гэхдээ амны хаалт зүүсэн хүн маш ховор байна. Бас төр засгаас ч зүүхийг уриалахгүй байна.

Одоо АНУ түүхэнд байгаагүй их зардлыг гаргаж, триллион триллион долларыг төсөвлөж байна. Үүнийгээ ЖДҮ, ААН-үүдээ дэмжих чиглэлд зарцуулна гэсэн.

(Б.А): Нэгдүгээр сард энд коронавирусийн тухай ярьж байсныг төдийлөн санахгүй байна. Харин хоёрдугаар сар гаргаад, “Ухань хотоос дэгдсэн, сарьсан багваахай идсэнээс болсон” гэхчлэн ярьцгаах болсон. Ер нь сүүлийн 10 хоногоос л ноцтой хүлээж авч байх шиг. Одоо гудамж хоосон, хөл хөдөлгөөн зогссон. Хүнсний дэлгүүрүүд хүргэлтээр ажиллаж байна.

Залуу хүмүүс ихэвчлэн нэг их тоохгүй, ноцтой хүлээж авахгүй байна. Амны хаалт ч зүүх нь бага, зүүсэн хүмүүс рүү сонин харах жишээтэй.

(Н.Х): Халдвар анх дэгдэж байхад АНУ энэ сэдвийг огтхон ч сонирхоогүй. Энэ үеэр Хятадын иргэд боломжит бүх амны хаалтыг худалдаж аваад нутаг руугаа илгээсэн. АНУ-д эхний тохиолдол бүртгэгдэх үед аль хэдийнэ амны хаалтны хомсдол үүсчихсэн байсан. Хомсдол үүссэн тул эмх замбараагүй байдал бий болгохгүйн тулд  “Амны хаалт зүүгээд хэрэггүй” гэх утгатай зөвлөмжийг өгсөн байх.

Анх нэгдүгээр сарын 21-нд, Вашингтон хотод халдвар бүртгэгдсэнээс хойш хоёрдугаар сарын 1-нд 10, гуравдугаар сарын 2-нд 100, 11-нд 1000, 19-д 10000, 26-нд 100000 болж нэмэгдсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж иргэдэд мөнгөн тусламж, ажилгүйдлийн тэтгэмж өгөхөөр болж байна.

-ЭНД АМНЫ ХААЛТ ХУДАЛДААЛЖ БУЙ НЭГ Ч ГАЗАР АЛГА-

Б.Алтангэрэл (Б.А) АНУ-ын Чикаго хотод 10 гаруй жил амьдарч байна. Тэрбээр одоо хувийн салон ажиллуулдаг.

-Америкчуудыг амны хаалт зүүхгүй, хэнэггүй байдлаар хандсанаас үүдэж халдвар эрчимтэй тархлаа гэж үзэх боллоо. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ?

(Ж.Н): Үүнд төдийлөн санал нийлэхгүй байна. Нэгэнт төр засгаас эрүүл хүн зүүж хэрэггүй хэмээн зөвлөсөн тул иргэд үүнийг дагана.

АНУ-ын зах зээл дээр амны хаалт байхгүй, дэлгүүр, эмийн сангуудад худалдаалахгүй байгаа. Иймд нэгэнт байхгүй зүйлийг зүү хэмээн уриалбал иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэх болов уу. Нөгөөтээгүүр амны хаалт зүүж гэмт хэрэг үйлдэгсдийн тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Ийм шалтгаанаар иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөхгүй байгаа гэж харж байна.

(Б.А): Ер нь бараг үнэн. Энд хүмүүс амны хаалтад тийм ч их ач холбогдол өгөөгүй. Ихэнх иргэд өвдсөн хүн л зүүх ёстой гэсэн бодолтой байгаа.

(Н.Х): Үүнтэй санал нэг байна. Зүүе гээд ч амны хаалт зарж байгаа газар алга. Онлайн худалдаанаас захиалахад нэг сар болон түүнээс дээш хугацааны дараа ирж байна.  

Ер нь анх амны хаалт зүүсэн хүн бүрийг вирус гэж харж байсан. Одоо хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж, харьцангуй энгийн хүлээж авч байна. Амны хаалт зүүж, урьдчилан сэргийлээгүй нь халдвар тархах гол хүчин зүйл боллоо гэж харж байна.

-ИЛЛИНОЙ МУЖИД АРЬС, ӨНГӨӨР ГАДУУРХАХ ҮЗЭЛ ТӨДИЙЛӨН АЖИГЛАГДАХГҮЙ БАЙНА-

Н.Халиунбаатар (Н.Х) гадаад хэлний сургуульд сурахаар 2016 онд эхнэр, хоёр хүүхдийн хамт АНУ-ыг зорьжээ. Одоо тэд Чикаго хотод суралцан, ажиллаж амьдарч байна.

-Ази төрхтэй хүмүүс гадуурхалтад өртөх болсон талаар олон нийтийн сүлжээнд ихээхэн ярьж байна. Монгол хүмүүс ч мөн үүнд өртөж байна гэхчлэн?

(Ж.Н): Ази төрхтэй хүмүүс гадуурхагдах болсон тухайд төдийлөн санал нийлэхгүй байна. Энэ улс хуулиндаа хүнийг арьс өнгө, үндэстэн ястнаар нь гадуурхаж болохгүй гэж заасан. Америкчууд хуулиа чанд биелүүлдэг хүмүүс. Вирус Ази тивээс эхлэн тархсан тул нүд үзүүрлэх цөөн тохиол гарсныг үгүйсгэхгүй. Миний хувьд долоо хоногийн эхээр гараас гараад 10 орчим муж, 30 орчим хотыг дайраад долоо хоногийн сүүлээр гэртээ ирдэг, хүнд тэрэгний жолооч хийдэг. Нэг ч тийм зүйл сонсоогүй гэж болно.

(Б.А): Арьс өнгөөр ялгаварлаж буй байдал миний нүдэнд анзаарагдаагүй. Ганц, нэг тийм зүйл харсан тухайгаа найзууд маань ярьсан. Ер нь Ази хүмүүс гэдэгтээ биш, Ази тивээс эхлэн халдвар тархсан гэдэгт ач холбогдол өгч, өөрсдийгөө хамгаалж буй үйлдэл байх.

(Н.Х): Ази хүмүүсийг гадуурхаж буй тухай цахим орчин дахь бичлэгүүдийг үзсэн. Эндхийн 50 муж улсад цагаачлалын тухайд өөр өөр бодлого барьдаг. Бидний амьдардаг Иллиной мужид харьцангуй тайван байна. Айхтар гадуурхагдаж, шахагдсан байдал харагдахгүй байна.

-ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АМНЫ ХААЛТ, ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙН НӨӨЦ ДУУССАН-

-Эмнэлгийн байгууллагуудын ачаалал хэр байгаа бол. Зарим улсууд зөвхөн өөрсдийн орны иргэдээ л эмнэлэгт хүлээн авч, эмчилж байгаа юм билээ?

(Ж.Н): Эндхийн эмнэлгийн байгууллагууд маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Амны хаалт, хамгаалалтын хувцасны нөөц хүрэлцээ муудсан. Нью-Йорк хотын нэг эмч нэг удаагийн амны хаалтыг долоо хоног зүүгээр халдвар авч, нас барсан тухай сонссон. Монгол хүн вирус тусаад эмнэлэгт хандахад адилхан л хүлээж авна.

(Б.А): Манай хотод халдварын олон тохиолдол бүртгэгдээгүй тул харьцангуй гайгүй байна. Нью-Йорк гэх мэтчилэн том хотуудад хзнд байгаа гэж дуулсан. Ер нь эмнэлгийн тусламжийн хэрэгслүүд хомсдсон байгаа тул аль болох эмнэлэгт ирэхээс илүү гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөжмийг өгч байгаа.

(Н.Х): Эмнэлгийн нөхцөл байдал муж, мужаараа өөр байх. Нью-Йорк, Нью-Жерси мужид ихээхэн хүнд байгаа.

-СУУРЬШААД УДАЖ БУЙ МОНГОЛЧУУДАД АМЕРИКААС ЯВАХ БОДОЛ ТӨДИЙЛӨН БАЙХГҮЙ-

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан эх орон руугаа буцах бодол төрж байна уу?

(Ж.Н): Монгол руу буцах бодолтой хүмүүс бий байх. Гэхдээ энд суурьшаад удаж буй дийлэнх Монголчуудын хувьд тийм бодол байхгүй. Оюутнууд юм уу аялал жуулчлалын шугамаар ирсэн хүмүүс буцахаар хөөцөлдөж байгаа болов уу. Миний эргэн тойрны найз нөхөд дунд эх орон руугаа буцахаар сандралдаж байгаа хүн алга.

(Б.А): Чикаго хот бараг гэр шиг маань болсон тул Монгол руу буцах бодол төдийлөн алга. Миний мэдэхийн үүсээд буй нөхцөл байдлаас болж буцъя гэсэн монголчууд цөөхөн байна.

(Н.Х): Манай гэр бүлийн хувьд Монгол руу буцах тухай хараахан бодоогүй байна. Харин хорио цээрийн дэглэмийг чанга мөрдөж, нөхцөл байдлыг харзнаж байна. Найз нөхөд дундаас буцахаар болсон хүн дуулдахгүй байна.

-Ярилцлагаар дамжуулан Монголчууддаа хандаж хэлэх зүйл байна уу?

(Ж.Н): Монголчууддаа хандаж хэлэхэд, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж, мөрдөөрэй. Энэ хэцүү цагийг бүгдээрээ эрүүл энх давж, гарах болтугай.

(Б.А): Хөл хорио тогтоосон үед цахимаар үйл ажиллагаа явуулах боломжтой бизнесүүд хөл дээрээ зогсож үлдэж байна. Иймд Монголчууд минь аль болох цахим, онлайн бизнесийг өргөжүүлээрэй.

(Н.Х): Монгол хүн бүхэн эх орондоо хайртай
Хайртай бүхнээ хамгаалах ёстой
Эрсдэл дагуулан эх нута груугаа явахгүй
Эрсдэлтэй цаг үеийг өнгөртөл тэсэх ёстой
Хэцүү цаг ирвэл
Сүүлчийн ганц зоос
Сүүлчийн атга гурилыг дуустал тэсэх ёстой.
Бид сайн сайхан зүйлийг авчрах гэж гэрээсээ гарсан
Бид сайн сайхан зүлсийг л авч гэртээ харина /тэрбээр өөрийн зохиосон энэхүү шүлгийг хариулт болгон оруулахыг хүсэв, сурв/.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button