ЯРИЛЦЛАГА

Харийн нутагт суугаа элэг нэгтнүүддээ “тусламжийн гар”-аа сунгасан Монгол бүсгүй

АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд цөөнгүй. Тэдний дундаас элэгт нэгт монголчууддаа эх хэл дээрх номоо унших боломж олгож, явуулын номын сан ажиллуулдаг бүсгүйн талаарх мэдээллийг бид олж дуулсан юм. АНУ-д ажиллаж, амьдраад зургаан жил болж буй түүнийг А.Хонгорзул гэдэг. Тэрээр ном түгээхийн сацуу дэлхий даяар коронавирус тархсан энэ цаг үед гэр аргаар гар ариутгагч хийн монголчууддаа тарааж буй сайхан сэтгэлт бүсгүй. Түүнтэй цахим хуудсаар хэсэг хором ийн ярилцлаа.

ЯВУУЛЫН НОМЫН САНД МААНЬ ОЛОН ХҮНИЙ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ ШИНГЭСЭН

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Алтанцоожийн Хонгорзул гэдэг. Аялал жуулчлалын менежер, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Одоо АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод ажиллаж, амьдарч байна.

-АНУ-д очоод хэр хугацаа өнгөрч байна вэ. Чухам яагаад тус улсыг зорих болов?

– Анх 2014 оны есдүгээр сард Калифорни мужийн Сакраменто хотод ирсэн. Өмнө нь АНУ руу явах, амьдрах талаар огт бодож байгаагүй. Манай нагац ах ресторан нээх болоод ирж ажиллахыг санал болгосон юм. Тэгээд л шууд охиноо аваад энд ирсэн. Тухайн үед Монголдоо жижиг бизнес эрхэлдэг байсан ч хүссэн үр дүнд хүрээгүй бас цалин хүрэлцэхгүй байсан учраас энд ирсэн дээ.

-Та одоо ямар ажил хийдэг вэ?

-Одоогоор хүргэлтийн ажил хийж байгаа.

-Таныг амьдардаг хотдоо явуулын номын сан ажиллуулдаг гэж дуулсан. Үүнийг хийх сэдэл хэрхэн төрөв?

-АНУ-д ирээд ажиллаж, амьдраад маш завгүй амьдралын хэв маягт шилжсэн. Ном зохиол уншихгүй, оюунаа цэнэглэхгүй удаж мөн цахим хуудаснаас сөрөг энергитэй зүйлс их уншиж, стрессдэж байсан. Охин маань бас намайг дуурайн утас их ширтэх болсон юм. Тэгээд охиноо яаж утаснаас салгах вэ, яаж стрессээ “дундлах” вэ гэж бодож эхэлсэн. Ингээд  ном унших хэрэгтэй юм байна гэж “сэтгэн” надтай адил эцэг, эхчүүд ном уншиж, хүүхдүүддээ үлгэрлээсэй гэж хүссэн.

Явуулын номын сан ажиллуулах хүсэлтэй байгаагаа амьдарч байгаа хотынхоо монголчуудын фейсбүүк группт бичихэд манай “Бэй Ариагийнхан” маш дуртай хүлээн авч, надад олон ном хандивласан. Тэгээд л би хүмүүст хялбар байлгахын тулд машиндаа номуудаа ачаад дэлгүүрийн, номын сангийн гадаах зогсоол, талбай дээр хоёр долоо хоногт нэг удаа ням гарагт номоо өгдөг болсон. Одоогоор байнгын таван үйлчлүүлэгчтэй болоод байгаа шүү. Тэд маань хоорондоо сонирхолтой яриа өрнүүлж, мэдээлэл солилцон амралтын өдрөө ая тухтай өнгөрөөхийг хараад маш их урам зориг авсан.

Одоогоор коронавирусийн улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон байгаа.
Энэ явуулын бяцхан номын санд маань олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн учраас цаашид энэ эрчээрээ ажилласаар байх болно.

-Хүмүүс номоо уншчихаад эргүүлээд өгдөг гэсэн үг үү?

-Тийм ээ. Хүмүүс манай номын сангаас ном авч уншчихаад хоёр долоо хоногийн дараа эргүүлж өгдөг. Тэгээд оронд нь дахиад өөр ном авдаг.

-Таны номын санд ихэвчлэн ямар төрлийн номууд байдаг вэ. Зөвхөн монгол хэл дээрх номууд бий юү?

-Тийм. Бүгд монгол хэл дээрх ном. Анх үүнийг санаачлахад сайхан сэтгэлт монголчуудын маань хандивласан ном их бий. Ихэвчлэн хувь хүний хөгжилд чиглэсэн, түүхэн сэдэвт роман, шүлгийн түүврүүд, зөвлөгөөний номууд багтаж байна. Одоогоор номын сан маань нийт 200 гаруй номтой болоод байна даа.

-Та номд их хайртай хүн юм аа. Номтой хэзээнээс нөхөрлөх болов?

– Намайг бага байхад тэр үеийн хүүхдүүд бүгд л ном их уншдаг, зохиолын эсрэг дүрийн баатрыг жигшин зэвүүцэж, гол дүрийн баатраар бахархаж, даган дуурайх сэтгэхүйгээр хүмүүжиж өссөн. Номтой нөхөрлөхөд нь хамгийн их нөлөөлсөн хүн бол миний ээж. Ээж маань ном их уншдаг хүн байсан юм. Хүүхэд байхад ном их авч өгч уншуулж, үргэлж сурч боловсрохыг чухалчилдаг хүн байлаа. 2008 онд дүү бид хоёрыг амаржаад хүүхэдтэй болоход ээж минь хүүхдийн сэтгэл зүй, Индиго хүүхдийн тухай ном бэлэглэсэн. Тухайн үед их баярлаж билээ.

АНУ-Д НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД БАЙНА

-АНУ коронавирусийн дараагийн нэг том голомт болоод буй. Одоо таны амьдарч буй хотод нөхцөл байдал хэр байна вэ?

-Анх БНХАУ-д халдвар гарч эхлэхэд АНУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж маш муу өгч, иргэд нь юу ч болоогүй мэт байсан. Голомтот бүс нутгаас ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй байв. Мөн иргэддээ амны хаалт зүүлгэхгүй, халдвар авсан болон сэжигтэй тохиолдлуудын эмчилгээний зардлыг батлуулах гэж цаг алдсанаас одоогийн энэ нөхцөл байдал үүссэн.

Манай мужид /Калифорни/ байдал хүнд байна. Гуравдугаар сарын 16-наас эхлэн зургаан хотод гурван долоо хоногийн хөл хорио тогтоосон бол одоо муж даяар хөл хорио тогтоогоод байна. Сургуулийн хөл хориог тавдугаар сарын нэгэн хүртэл сунгасан байгаа. Хүмүүсийн худалдан авалт огцом нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний түр хомсдол үүсэж түгшүүртэй байдал бий болсон. Ариун цэврийн цаас, нойтон сальфетка, гар ариутгагч ховордсон. Зарим компаниуд үйл ажиллагаагаа зогсоосноор монголчууд маань санхүүгийн хувьд хүнд байдалд орж, байрны түрээс, машины зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Гуравдугаар сарын 19-ноос халдварын тархалт огцом өсөж, одоогийн байдлаар АНУ-д 141 мянган хүн халдвар авч, 2483 хүн нас бараад байна. /2020.03.30-ны байдлаар/

-Хөл хорионы улмаас ажилд тань бэрхшээл хүндрэл гарсан л биз дээ?

-Хөл хорионы улмаас миний ажлын цаг багассан. Үүнийг дагаад орлого ч эрс багасаад байна. Гэхдээ гэртээ зүгээр сууж болохгүй, ойр зуур ажиллаж амьдралаа залгуулахаас өөр аргагүй байна. Хүргэлтийн ажил маань олон хүнтэй харьцахгүй учир боломжийн шүү. Харин хичээл хаагдчихсан учир охин маань гэртээ байгаа.

МОНГОЛ ХҮНИЙ ЦУСАНД БУСДАД ТУСЛАХ, ХАТУУГ ХАМТДАА ТУУЛАХ ЧАДВАР БАЙДАГ

-Коронавирусийн тархалтын улмаас гар ариутгагч ховордсон тул та гэрийн аргаар гар ариутгагч хийж, тараасан гэж сонссон. Энэ талаараа ярьвал?

-Ихэнх дэлгүүрт гар ариутгагч “тасарсан”. Иймд би гар ариутгагч гэрээр хийхээр оролдсон юм. Гэтэл түүхий эд болох “rubbing alcohol” болон зуун настын гель их ховордсон байна билээ. Хайсаар байгаад 96 хувийн цэвэр спирт, зуун настын гель олж авсан. Эхлээд цэвэр спирт 60 хувь, зуун настын гель 40 хувь гэсэн харьцаагаар хийж туршиж үзсэн юм. Хэрэгцээнээс маань их илүү гарсан учир жижиг савнууд худалдан авч савлаад, зайлшгүй ажиллах шаардлагатай монголчууддаа тараасан.

-Дахиад гар ариутгагч хийх үү, өөр хийхээр төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Дахиж гар ариутгагч хийсэн. Мөн энд байгаа монголчууддаа нэг удаагийн амны хаалт, бээлий тараахаар бэлдэж байгаа.

-Та их тусч юм. Багадаа ер нь ямар хүүхэд байв?

-Бусдын адил эгэл жирийн л хүүхэд байлаа. Айхтар тусархуу хүүхэд байгаагүй ээ. Харин аливааг хийхдээ чин сэтгэлээсээ, чанартай хийхийг эрмэлздэг хүүхэд байсан юм. Ном зохиол дээрх ядарч, зүдэрсэн дүрүүдийг өрөвдөн уншдаг байсан нь өрөвч нигүүлсэнгүй  сэтгэлийн үрийг тарьсан гэж боддог.  Үр шим нь хожим одоо урган гарч байгаа юм уу даа. Бусдад туслахын тулд заавал их мөнгөтэй, алдар нэртэй байх шаардлагагүй. Цаг үеийнхээ нөхцөл байдлаас гэнэт л дотроос нэг юм чангааж, хийхгүй л бол болохгүй мэт мэдрэмж төрдөг.

-Харийн нутагт монголчууд маань бие биедээ хэрхэн тусалж байна вэ?

-Зөвхөн би гэлтгүй энд байгаа монголчууд маань энэ хүнд цаг үеийг дор бүрнээ л чадах бүхнээ хийн давж гарахыг хичээж байна. Манай энд Цолмон, Насанжаргал гэдэг хоёр бүсгүй маск оёж, монголчууддаа үнэгүй тарааж байгаа. Эмчээр ажиллаж байгаа Энхээ маань фейсбүүк лайваар эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг цаг алдалгүй хүргэж, үнэгүй зөвлөгөө өгч байна. Өөр олон хүн англи хэл дээрх халдварын талаарх болон эдийн засгийн мэдээллийг орчуулан бие бидээ тусалж байгаа. Монгол хүний ген, цусанд нь бусдад туслах сэтгэл, зочломтгой зан чанар, хатууг хамтдаа даван туулан чадвар байдаг нь энэ хүнд цагт онцгойрч харагдаж байна.

 -Мэдээж харийн нутагт байгаа хүн эх орноо санаж байгаа байх. Монголдоо ажиллаж, амьдрах бодол бий юу?

-Эх орон, гэр бүлийнхнийгээ маш их санаж байна. Мэдээж монголдоо ажиллаж, амьдрах бодол байгаа. Гэхдээ хэзээ вэ гэдгийг хараахан шийдээгүй байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button