НийгмийнСПОРТЯрилцлага

“Road FC”-ийн тулаанч Н.Чингүнжав: Би “All FC”, WBC холбооны аваргын бүс эзэмшдэг

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь Намсрайн Чингүнжав. Тулааны спортын цөөнгүй төрлөөр хичээллэдэг тэрбээр муай тай боксын WBC, All FC холбооны аварга, шүүт боксын Бүх Японы аварга.

Таеквондогийн хар бүс, нэг дантай, улсын зургаан удаагийн аварга Н.Чингүнжав муай тай боксын дэлхийн WBC холбооны БНСУ-ын аварга болсон Монголын анхны тамирчин.

24 настай тэрбээр хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын “Road FC” холбоотой гэрээ байгуулж, холимог тулааны спортод хүч сорихоор болсон нь олны сонирхлыг ихэд татав. Түүнтэй ярилцлаа.

“ROAD FC”-тэй ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД М.НАНДИН-ЭРДЭНЭ АХ ИХ ДЭМЖСЭН

-Юуны өмнө Road FC холбоотой гэрээ байгуулсанд нь баяр хүргэе. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг Намсрайн Чингүнжав гэдэг. 24 настай. Тулааны спортод амьдралынхаа тэн хагасыг зориулаад байгаа. Жүжигчин мэргэжилтэй. Кино урлагийн дээд сургуулийг 2016 онд төгссөн. Дархан-Уул аймгийн харьяат. Би эхээс хоёулаа, нэг эмэгтэй дүүтэй. Дүү маань циркийн жүжигчин, уран нугараачаар 12 жил ажиллаж байгаа. Дүүдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, сайн ах байх сан гэж хичээдэг.

-Муай тай боксчин, таеквондоч залуу холимог тулааны спортод хөл тавьсан нь сонирхол татаж байна. “Road FC-тэй гэрээ байгуулах гарцыг хэрхэн олов?

-Манай баг хагас жилийн өмнө эл холбоотой гэрээ хийх төлөвлөгөөтэй байсан. “Road FC” холбоонд Монголоос М.Нандин-Эрдэнэ ах чансаа дээгүүр тулалдаж байгаа. Тэрбээр намайг эл холбоотой гэрээ байгуулахад их тусалж, дэмжсэн. Энэ ташрамд М.Нандин-Эрдэнэ ахдаа чин сэтгэлээсээ баярлаж явдгаа хэлье.

НАМАЙГ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ НЭГ ТОМ СОРИЛТ ГЭЖ ХАРЖ БАЙГАА

-Та муай тайн All FC, Дэлхийн WBC холбооны БНСУ-ын аварга, шүүт боксын Бүх Японы аварга, таеквондоч. Холимог тулааны спортод хөл тавихад тань юу нөлөөлөв?

-Тулааны спорт тэр тусмаа холимог тулаан нь байж болох хамгийн өндөр чадварыг шаарддаг. Хурд, хүч, мэдрэмжийн нийлбэр гэж би ойлгодог. Намайг өөрөөр харуулах, би өөрийгөө шинээр сорих нэг сорилт гэж харж байгаа. UFC зэрэг холбоо энтертаймент зах зээл дээр хэчнээн сая ам.доллар эргэлдүүлдэг билээ. Тэр нь ч гэсэн миний сонирхлыг татсаар байгаа.

-Коронавирусийн халдварын улмаас ойрын хугацаанд тулаан хийхгүй байх. Ер нь “Road FC-ийн дэвжээнд анхны тулаанаа хэзээ хийх бол?

-Цаг үеийн байдлаас шалтгаалах байх. Ковид-19 халдварын улмаас бүхий л спортын тэмцээн, уралдааныг хойшлуулсаар байгаа. Ойролцоогоор зургадугаар сарын дундуур эхний тулааны тов гарах байх.

БИ WBC, ALL FC ХОЛБООНЫ АВАРГЫН БҮСИЙГ ЭЗЭМШДЭГ

-Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Өөрийн төсөөлж байгаа уулынхаа дөнгөж бэлд нь шахуу мацаж явна. Мэргэжлийн дэвжээнд 12 тулаан хийснийхээ 11-т нь ялж, нэг дийлдсэн. Шүүт боксын Бүх Японы аварга. Дэлхийн WBC холбооны мутай төрөлд БНСУ-ын аварга болсон. Хоёулангийнх нь аваргын бүсийг одоо эзэмшиж байгаа.

-WBC холбооны БНСУ-ын аварга болохдоо хэнийг ялсан билээ?

-Өнгөрсөн жил тус холбооны аварга болсон. Тэгэхдээ аваргын төлөөх тулаанд WBC холбооны хоёр удаагийн аварга Юу Жун Хюныг ялсан. WBC холбооны аваргын бүсээ хамгаалах тулаанаа удахгүй хийх байх.

БИ WBC ХОЛБООТОЙ ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛААГҮЙ

-Тэгэхээр сая “Road FC-тэй гэрээ байгуулахдаа WBC холбооноос гараагүй гэсэн үг үү?

-Тийм ээ. “Road FC” холбооны гэрээ нь уян. Бусад холбоонд тулалдах боломж надад бий.

-Та тулааны цөөнгүй төрлөөр хүч сориод үзчихсэн. Энэ бүхэн Чингүнжавт ямар давуу талыг бий болгов?

-Тулааны олон төрлөөр хүч сорих нь анхнаасаа миний зорилго байсан. Өөрөөр хэлбэл тэр бүхнээр дамжуулан өөрийгөө холимог тулаанд бэлдэж байсан гэж хэлж болно.

-Таны тоглолтын гол онцлог юу вэ?

-Бэлтгэлээ багийн ажиллагаанд суурилан хийдэг. Илүү нарийн тактиктай тулалддаг.

-Тулааны спорттой амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу?

-Тулааны спортод хөл тавьсан маань их сонин. Нэг удаа аав надаас “Лам болох уу. Тамирчин болж спортын замнал хөөх үү” гэж асуусан юм. Би юу гэж хариулсан нь тодорхой. Яг тэ үед миний анхны багш Ж.Ариунбаяр маань клубээ нээж таарсан юм. Тухайн үед хичээллэх сэн гэж үнэнхүү хүсэж, дурлаж байгаад спорттой амьдралаа холбож билээ.

Надад олон багш бий. Тэр бүгдээс илүү суурийг минь зөв тавьж, чиглүүлж өгсөн хүн бол Ж.Ариунбаяр багш маань. Ерөнхий боловсролын сургууль, дээд сургуульд тэр бүр заадаггүй “Хүн байх, ёс зүйтэй байх, хүнийг хүндлэх, бусдад үлгэр жишээ үзүүлэх” гэх мэт юугаар ч үнэлшгүй төлөвшлийг ухамсарт минь суулгаж, намайг төлөвшүүлсэн.

Багштайгаа хамт өнгөрүүлсэн олон сайхан дурсамж бий. Нэг удаа Багануур дүүрэнт таеквондогийн тэмцээн болов. Тухайн үед би Дархан-Уул аймгаас тэнд очоод тэмцээнд оролцох замын зардал, хэрэглээний мөнгө гээд санхүүгийн хүндрэлийн улмаас өрсөлдөж чадахааргүй байв. Сэтгэлээр унан, хувцас солих өрөөнд зогсож байхад багш “Би хувиасаа зардлыг нь гаргана. Чи харин заавал түрүүлээрэй” гэсэн. Тэгж хэлсэн нь одоо ч гэсэн би өчигдөр болсон мэт тод санаж байна. Үргэлж бодогддог сайхан дурсамжуудын маань нэг л дээ. Багш замын унаанд намайг өвөр дээрээ суулгаад л, хүйтэн заалны дэвжээнд дээр хонож байсан шөнө…(хоолой нь зангирав). Тэр үеэс өнөөг хүртэл намайг төрсөн хүүхэд шигээ хайрлаж, одоо ч тулааны тактикаас авхуулаад бүхий л зүйлсээ зөвшилцдөг. Багшдаа маш их баярладаг. Үргэлжлэл нь болж, багшдаа олон, олон аваргын бүс зүүлгэнэ ээ (инээв).

ГЭР БҮЛ ЗОХИОХ ТАЛ ДЭЭР ИХ НЯХУУР ХАНДДАГ

-БНСУ-д хэн, хэнтэйгээ амьдардаг вэ. Эхнэртэй юү?

-Солонгост суурин амьдардаггүй. Одоогоор ганц бие. (Инээв). Гэр бүл зохиох тал дээр их няхуур ханддаг.

-БНСУ-ыг зориод жил гаруй болж байгаа юм билээ. Ямар зорилгоор харийн нутгийг зорьж байв. Спортоо хөөсөн үү. Эсвэл сурахаар очсон юм уу?

-БНСУ-ын All FC  холбоонд тулалдахаар очсон юм. Солонгост ирэх, очин амьдардаг.  “Chingun тeam” баг үүсгэн байгуулсан. Тэндээ бэлтгэлээ хийдэг, бүхнийг зохицуулдаг. БНСУ руу ирэн, очин амьдраад жил гаруй болж байна.

-БНСУ  гэснээс тус улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал ямархуу байна вэ. Та эрүүл мэндээ хэрхэн хамгаалж байгаа вэ?

-Өөрийнхөө төлөө гэхээс илүү гэр бүл, баг, хамт олон, зорилго, мөрөөдлийнхөө төлөө аюулгүй байдлаа маш сайн хангаж байгаа. БНСУ-д коронавирусийн халдвар хурдтай тархаж байсан үеэ бодоход харьцангүй намжсан.

БЭЛТГЭЛИЙНХЭЭ ХАЖУУГААР АЙЛ НҮҮЛГЭХ, ХАНА НУРААХ АЖИЛ ХИЙДЭГ

-Өмнөд Солонгос өртөг өндөртэй. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийддэг вэ?

-Өмнө нь Япон улсад чамгүй хугацаанд амьдарсан болохоор юм, юмаа зохицуулаад сурчихсан. Санхүүгийн тал дээр тамирчин тэр тусмаа тулаанч нарт хэрэгцээ өндөр байдаг. Илчлэг ихтэй хоол хүнс, хангалттай нойр, олон цагийн бэлтгэл шаардлагатай. Тиймээс эдгээр зардлаа холбооны цалингаар, цагийн ажил хийн зохицуулдаг.

-Бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийдэг үү?

-Түрүүн хэлсэнчлэн амжилт гаргахын тулд илчлэг сайтай хүнс хэрэглэн, бэлтгэлээ чанартай хийхийн тулд санхүү нэлээд шаарддаг. Тиймээс тэр хэрэгцээгээ хангахын тулд барилга нураах, айл нүүлгэх зэрэг цагийн ажил хийдэг. Заримдаа бодолд дарагдах үе байдаг ч залуу хүн болохоор нэг их тоодоггүй. Амжилтад хэзээ ч амар хялбар замаар хүрэхгүй болохоор шүд зуугаад л зүтгэдэг “Би чадна аа” гээд хичээдэг.

-БНСУ-д бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ. Хувийн дасгалжуулагч бий юү?

-Энд байгаа хотоосоо хамаараад “Road FC” холбооны салбар клубүүд дээр бэлтгэлээ базааж байгаа. “ChingunTeam”-ийн Ц.Амартүвшин дасгалжуулагчийн заавраар сар тутам эрүүл мэндийн оношилгоонд орж, нарийн хуваарь, хөтөлбөрийн дагуу бэлтгэлээ хангадаг.

-Тулаанч хүн бүхэн UFC холбоонд өрсөлдөхийг мөрөөддөг. Танд тийм бодол бий юү?

-Алсдаа зорьж байгаа.

ОЙРЫН ЗОРИЛГО МААНЬ “ROAD FC” ХОЛБООНЫ АВАРГА БОЛОХ

-Монголдоо тулаан хийж байсан уу?

Хоёр жилийн өмнө, наймдугаар сард Япон тулаанчтай шүүт бокс төрлөөр тулалдаж байсан.

-Эх орондоо ойрын хугацаанд ирэх үү?

-Одоо өвчний улмаас хил хаалттай, нутаг буцахгүй боломжгүй. БНСУ д бэлтгэлээ базаан, халдварын нөхцөл байдал намжихыг хүлээж байна.

-Хамгийн том зорилго тань юу вэ?

-Том гэхээсээ илүү ойрын зорилго маань “Road FC” холбооны аварга болох. Сүүлийн 18 сарын хугацаанд “ChingunTeam” багийг үүсгэн, гадны тулааны холбоодын адилаар мэргэжлийн спортын системийг эх орондоо нэвтрүүлэх зорилгоор залуу тулаанчдаа чанаржуулах, бэлдэх, чансаажуулах спорт систем хөгжүүлж эхлээд байна. Үүнийгээ бизнес төсөл болгон гадны хөрөнгө оруулагч нарыг татах, бренд хөгжүүлэх гэх зэргээр их томоор харж байгаа. Тодорхой үр дүн гарч эхэлж буйд байртай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button