Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Галаас өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй амьд гарсан ээж, хүү, охин гурав орон гэргүй болжээ

Энэ зун дөрвөн нас хүрэх О.Баттогтох хүү шатсан гэрийнхээ буурин дээр ирэв. Тэр явдал болохоос өмнө өдөр бүр тоглодог байсан хар эрээн бөмбөг нь үнс нурам дээр үлджээ. Хүү бөмбөгөө харж таниутаа ихэд баярлаж, дуу алдан ухасхийгээд өшиглөн гүйж гарлаа...

Өрх толгойлсон ээж, 22 настай Б.Одонзаяагийн гэр дөрөвдүгээр сарын 2-ны орой шатсан. Хоёр хүүхдээ ум хумгүй сугавчлан гарж амжсан түүний бүх эд хогшил таван ханатай гэрийнх нь хамт үнс болжээ. Солих хувцас ч үгүй тойрог үнсний дэргэд торойж хоцорсон тэр гурвыг зорьж очиж сурвалжилсан учир энэ.

-ГАЛЫН МАШИН ТАВАН МИНУТЫН ДОТОР ИРСЭН Ч ГЭР НЬ АЛЬ ХЭДИЙНЭ ШАТАЖ ДУУССАН БАЙЖЭЭ-

Налайх дүүрэг, дөрөвдүгээр сарын 6. Б.Одонзаяад “Нэг налайх” ТББ-ын залуус тусламжийн гараа сунгаж, түр хугацаанд оршин суух гэр бэлдэж өгчээ. Биднийг гэрт ороход хоёр хүүхэд нь амьдралын эрээн барааныг үл мэдэх гэгээн инээмсэглэл гэрэлтүүлж, зуух тойрон гүйлдэх. Б.Одонзаяа инээвхийлэн цай барьж “Хүүхдүүдээ, жаахан томоотой” гэж хаа нэг хэлэх. Налайх дүүргийн хүнсний захын худалдаачдаас өгч явуулсан хандив тусламж гэх гурван уут эд бараа гэрийнх нь хойморт байв. Гялгар уутных нь цаанаас нойлын цаас, хувцас сэлт харагдах нь хамаг юм нь шатчихсан ээж, хүү, охин гуравт нэг хэсэгтээ л хэрэгтэй зүйлс.

“Манай дүүргийн нэг ресторан эднийг маань гэр оронтой болтол хоол ундыг нь зохицуулъя гэсэн” гэж “Нэг налайх” ТББ-ын тэргүүн О.Олзбаяр бидэнд ярив. Бүсгүйд туслах хандивын аян өрнөж эхэлснээс 24 цагийн дараа манай сурвалжлах баг тэднийд ирсэн дүр зураг энэ.

Галын дүгнэлт “цахилгааны масс” гэж гарчээ. Гэрийн гадаа хананд бэхлээтэй телевизийн антенаас гал гарсан нь гэр шатах анхдагч шалтгаан болсон бололтой. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-ны оройн 19.00 цагт гэрийнх нь гадаа пис пасхийх чимээ Б.Одонзаяад сонсогджээ. Яаран гараад харвал гэрийнх нь хаяанаас гал дүрэлзэн шатаж байсан гэнэ. Буцаж ороод хоёр хүүхдээ хамгийн түрүүнд сугавчлан авахад бага охин нь доогуураа нүцгэн, хүү нь томдсон гутал углаатай байж. Балмагдсандаа хоолой нь гарч өгөхгүй хий харж зогсоход нь айл хөршийн хүмүүс галын машин дуудсан аж. Онцгойгийнхон таван минутын дотор ирсэн ч, гэр нь доторх бүх эд хогшилтойгоо хамт шатсан байжээ. Орон гэргүй болсон Б.Одонзаяа тэр шөнө найзындаа хоносон гэнэ.

Болсон явдлын тухай “Нэг налайх” ТББ-ынхан дөрөвдүгээр сарын 4-ний өдөр мэдсэн байна. Тэр даруйдаа тэдэнд туслахаар шийдэж, гэр бэлдэж өгөөд, хандивын аян эхлүүлсэн нь энэ. Налайх дүүрэгтээ нийгмийн сайн сайханд чиглэсэн зорилтот ажлуудыг зохион байгуулдаг эдгээр залууст Б.Одонзаяагийн хоёр хүүхэд аль хэдийнэ ээнэгшин дасжээ.

Харамсалтай нь Б.Одонзаяаг хоёр нялх үрээ сугавчлан шатаж буй гэрээс гарахад түшиж тулах эр нөхөр нь байсангүй. Бага охиноо ээжийнхээ гэдсэнд байхад гэр бүлээ хаяад явсан түүнээс гурван жил сураг сонсоогүй гэнэ. “Би тэр хүнийг гуйхгүй ээ” гэж хэлээд бага охиноо хөхүүлэх эмэгтэйд болсон явдлыг сэтгэлзүйн хувьд ганцаар даван гарах чадал бүрэн байх мэт.

-ГУДАЙВАЛ ХЭН Ч ГУДАЙНА. ХОЁР ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХҮЧТЭЙ АМЬДАРНА-

Б.Одонзаяатай цөөн хором ярилцлаа.

-Гэр бүлд нь золгүй явдал тохиолдсонд харамсаж буйгаа илэрхийлье. Гэртэй нь хамт бүх эд хогшил, хувцас хунар, чухал бичиг баримтууд нь шатсан юм уу?

-Тийм ээ. Ум хумгүй хоёр хүүхдээ аваад л гарсан учраас гэр дотор байсан бүх зүйл шатсан. Хөргөгч, угаалгын машин, ширээ сандлаас эхлээд айлд байдаг бүх л эд хогшил байсан. Мөн бид гурвын солих хувцас, ахын гадаад паспорт, хүүхдүүдийн бичиг баримт шатчихсан.

-Гэнэтийн явдалд цочирдон, сандарсан байх. Онцгойхон шуурхай ирсэн ч даанч хожимджээ.

-Миний толгой маналзаад, орилж тусламж дуудах гэхээр хоолой ч гарахгүй байсан. Эгч рүүгээ залгаж хэлж чадсан. Бусдаар хий харж зогсохоос өөр яаж ч чадаагүй. Айл хөршийн хүмүүс гэрийнхээ гадна гараад ирчихсэн, тэдний нэг нь галын машин дуудсан байсан. Таван минутын дотор ирсэн ч гэр шатаад дуусчихсан.

-Дараа нь та яав?

-Тэр орой найзындаа очиж хоносон. Маргааш нь найзууд гэрийн үнс нурмыг ачиж цэвэрлэж өгөөд “Хүүхдүүдийг нь харж байя, явж тэтгэмж хөөцөлд” гэсэн. Ингээд нэг найзыгаа дагуулаад бичиг баримт хөөцөлдсөн. Гэр нь гэнэтийн шалтгаанаар шатсан хүнд үзүүлдэг тэтгэмж байдаг гэж дуулсан.

Ингээд байж байтал “Нэг Налайх” ТББ-ын ах нар холбогдсон. Тэгээд энд төвхнүүлсэн. Бид гуравт ингэж сайхан сэтгэлээр тусалж дэмжиж байгааг нь харахаар бөөн аз жаргал л байна.

-Налайхад нүүж ирэхээсээ өмнө нь та хаана амьдарч байв?

-Өмнө нь Улаанбаатар хотод хэдэн жил амьдраад дараа нь Налайхад эгчийнхээ хашаанд буусан юм. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ, өдөртөө эгчийнхээ гурван хүүхдийг хараад гурван жил амьдарсан.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Тавуулаа. Нэг ах маань бурхан болсон. Бага ах маань биднийг тэжээх гээд хэрэндээ хөдөлмөрлөөд л байгаа юм, хөөрхий. Ээж найман жилийн өмнө өнгөрсөн. Аав Төв аймагт манаач хийдэг.

-Хоёр нялх хүүхэдтэй болохоор ажил хийх боломж хомс байгаа болов уу. Санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж, хоёр хүүхдээ тэжээдэг вэ?

-Цалинтай ээжийн 50 мянга, хоёр хүүхдийн маань тус тус 20 мянга ороод ирдэг. Үүний дээр ах нар чадах ядахаараа тусална. Мөнгөгүй үед дэлгүүрээс гуйна, бүр болохгүй бол хоосон хонодог.

-Таны нөхөр одоо хаана байдаг вэ. Тантай холбоотой байдаг уу?

-Мэдэхгүй. Энэ Налайхад явж л байдаг биз. Бараа, сураг дуулалгүй гурван жил болж байна. Хүмүүс хүүхдийн мөнгө нэхэж аваач гэдэг ч би хүсдэггүй.

-Юунаас болж та хоёр тусдаа амьдрах болов?

-Угаас хамт нэг гэрт амьдарч үзээгүй. Аав, ээж нь намайг зөвшөөрдөггүй байсан. Нэг удаа том хүүгээ зургаан сартай байхад ажил хийх гээд ээж дээр нь аваачиж өгтөл “Манай удам мөн ч юм уу, биш ч юм уу. Өөр хүний хүүхэд авчраад явчихлаа” гэхээр нь дахиж очоогүй. Биднийг хамт амьдруулдаггүй байсан. Сүүлд хоёр дахь удаагаа бие давхар болсныг маань сонсоод болно, бүтнэ, амьдарна гэсэн ч нэг хүүхэн дагаад алга болсон. Бага охиныг маань гэдсэнд байхад хаяад явсан. Тэрнээс хойш нэг ч уулзаагүй.

-Хоёр хүүхдээ тэжээн, хүний зэрэгт хүргэх гээд ачааны хүндийг нуруундаа үүрч яваа юм байна. Та нөхөртөө гомддог уу?

-Үгүй. Өөрөө өөрийнхөө амьдралыг мэдээд явсан хүнд гомдоно гэдэг утгагүй. Түүнийг гуйхгүй.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д элсэн орсон жилээ анхны хүүхдээ олсон. Тэгээд МСҮТ-ээс гарсан тул мэргэжилгүй.

-Өнөө цагт мэргэжилгүй хүн ажил хийх, ажилд орох амаргүй. Цаашид хэрхэе гэж төлөвлөж байна вэ?

-Уг нь би тогооч болох мөрөөдөлтэй. Даан ч ажиллах гэхээр хүүхдүүдийг маань харах хүн байхгүй. Том маань цэцэрлэгт орох нас нь болсон ч онлайнаар бүртгүүлээд сонгогдоогүй.

Би юуны төлөө амьдарч байгаа билээ. Хоёр хүүхдийнхээ л төлөө. Гудайвал хэн  ч гудайж чадна. Тиймээс босно оо. Одоо өөрийн нэр дээр газартай, гэртэй болчихвол амьдраад л явчихна. Хоёр хүүхдээ өсгөн, болгож, бүтээхийн төлөө зүтгэнэ ээ.

-ХАР ЭРЭЭН БӨМБӨГ-

Б.Одонзаяагийн том хүүг О.Баттогтох гэдэг. Энэ зун дөрвөн нас хүрэх ч, “Хэдэн настай билээ” гэж асуухад “Тав” гэж үргэлж хариулна. Харин түүний дүү О.Энүжин ой найман сартай.

Тэдний хамт шатсан гэрийнх нь буурин дээр ирэхэд гэрээс хаалга нь л үлджээ. Харин О.Баттогтох хүүгийн байнга тоглодог байсан хар эрээн бөмбөг гэрийнх нь буурин дээр өнхөрч байна. Хүү бөмбөгөө танингуутаа дуу алдан чавхдаж, өшиглөн тоглож гарлаа.

Ээжийнхээ гал халуун амьдрах түлш нь болсон О.Баттогтох, О.Энүжин нар үргэлж цагаан цайлган, баяр жаргал цацруулж байгаа нь сайхан. Ийм хоёр үртэй болохоор ч Б.Одонзаяа амьдралын хатуу хүтүүг давж гарах зориг дүүрэн байгаа биз. “Гал гарч байгааг хараад миний хүү, цагдаа дуудаач ээ гээд л орилоод байсан” гэж ээж нь ярихад О.Баттогтох “Би тэгсэн шүү дээ” гэж дэргэдээс нь хэлэв.


“Нэг Налайх” ТББ-ын залуус тэдэнд туслах хандивын аян эхлүүлээд 24 цаг өнгөрч байхад нь манай сурвалжлах баг очсон талаар дээр дурдсан. Энэ хугацаанд хандивын дансанд нь 950 мянган төгрөг цугларчээ. Тус ТББ-ын тэргүүн О.Олзбаяр ийн ярилаа.

Тэрбээр “Хандивын аян эхлүүлээд нэг хонож байхад мөнгөн хэлбэрээр 950 мянган төгрөг цугларлаа. Мөн олон хүн тавилга эд хогшил, хувцас хунараар тусалъя, уулзъя гэж ярьж байна. Цар тахал дэгдсэн ийм үед энэ гурвыгаа хүссэн болгонтой нь уулзуулаад баймааргүй. Дээрээс нь сонгуультай жил тул энэ байдлыг ашиглаж шоу хийх гэсэн хүмүүс таарах магадлалтай. Үүнийг ч бас бодолцож байна.

Бид юутай ч Б.Одонзаяагаа хүүхдүүдтэй нь хашаа, гэртэй болгоё л гэж зорьсон. Үүнд найман сая төгрөг хэрэгтэй гэж тооцсон. Болж өгвөл өөрийнх нь нэр дээр газартай болгочихмоор байна. Энэ асуудлаар Тамгын газрын хүмүүстэй уулзаж, ярилцана.

Хэрвээ хандив тусламж төлөвлөсөн найман сая төгрөгөөс давбал хоёр хүүхдийнх нь нэр дээр хугацаатай хадгаламж нээж өгнө гэж бодож байна. 18 нас хүрэхээрээ аваг” гэлээ.

“Нэг Налайх” байгуулагдаад нэг жил болж буй. Тэд энэ хугацаанд зорилтот бүлгийн 100 хүүхдэд шинэ жилийн бэлэг тарааж, 10 айлд нүүрс бэлтгэж өгсөн, 28 залуусыг ажлын байртай болгосон гэхчлэн сайн үйлсийн цөөнгүй ажил хийжээ. Үүний үргэлжлэл нь Б.Одонзаяа ба түүний хоёр хүүхдэд туслах хандивын аян.

“Ер нь иргэдэд жижиг амлалтаас илүү сэтгэлийн дэм чухал. Өөрчлөлтийг хэн нэг улстөрч гарч ирээд хийчихгүй. Залуус нийгэмд идэвхтэй, хариуцлагатай, зорилготой байж гэмээ нь бид бага ч гэсэн өөрчлөлт хийж чадна” гэж О.Олзбаяр хэлээд биднийг үдэв.

ХОЛБОО БАРИХ УТАС: 9114-9292, 8608-6321

ХАНДИВЫН ДАНС: Хаан банк, 5749953263, Б.Одонзаяа

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-04-07 10:02

Iim emegteichuudiig uruvddug....

Зочин
Зочин
2020-04-07 11:16

Ugaasas uls esgii ger ogdog. Horoo bag n medeelel damjuulasgui gesen ug uu

Зочин
Зочин
2020-04-07 11:18
Reply to  Зочин

Ehleed teriigee asuuhgui yasan. Ulsad esgii get bgà. Iim tohioldold unegui beleglene

Зочин
Зочин
2020-04-07 17:36

за байз. энэ хүнийг огт буруутгасангүй. Гэхдээ.. амьдр�##�ын боломж тааруу айлуудын хүүхдүүдэд жирэмснээс хамга�##�ах хамга�##��##�т хийж өгч болохгүй гэж үү? Ядуу төрөх нь тухай хүний буруу биш, 24,25 хүрээд ажил мэргэжилтэй болсны дараа хамга�##��##�

Зочин
Зочин
2020-04-07 17:37

таа авахуулаад хүүхэд гаргаж болношт. 18,19,20 нас бол хэт бага нас. Хамга�##��##�ттай болчихвол хүүхэд ч зовохгүй, өөрөө ч зовохгүй.

Zochin
Zochin
2020-04-09 12:47

Ooroo amidraldaa archaatai baih heregtei sh dee. TBB -iinhan sain humuus bna.

Сугаа
Сугаа
2020-04-11 09:45

Гэрээ яах гэж шатаасан юм бэ?
Гэргүй болох гэж шатаасан бол тэр хүсэл чинь биеосэн юм биш үү амжилт.

Холбоотой мэдээ

Back to top button