“COVID-19”-ИЙГ ЯЛСАН ХҮМҮҮС: Гэрэлтэй ч түнэр харанхуй эмнэлгийн өрөөнд...
Их Британийн BBC агентлаг шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан ч эдгэрэн эмнэлгээс гарсан ондоо түүхтэй гурван иргэнээс ярилцлага авч нийтлэл бэлдсэн байна. Нийтлэлийг уншигчдад орчуулан хүргэе.
“ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ Л АМЬД ҮЛДЭХЭЭР ТЭМЦЭЛДЭЖ БАЙЛАА”

Их Британийн Кент мужид амьдардаг Керин Мэннеринг “Covid-19” вирусээр халдварлах үедээ зургаан сартай жирэмсэн байжээ. Энэ түүний дөрөв дэх хүүхэд.
Өдгөө 39 настай түүнд ханиалгах, халуурах зовуурь илрэх болсноор гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт эмнэлэгт хандсан аж. Тухайн үед эмнэлэг ачаалал өндөртэй байсан тул Керинийг хүлээж авсангүй, зөвлөмж өгөөд буцаажээ.
Гэвч гуравдугаар сарын 11-ний өдөр биеийн байдал нь илтэд хүндэрч, түргэн тусламж дуудахаас өөр аргагүйд хүрэв. Удалгүй тэр шинэ төрлийн коронавирус туссан нь батлагджээ.
“Хэн ч надтай уулзаж болохгүй болсон. Маш ганцаардмал, харанхуй цаг хугацаа. Ариун цэврийн өрөө рүү явахыг маань ч хориглосон. Сувилагчид орны даавуу солихдоо ч намайг босгохгүй, доош харуулж хэвтүүлж байгаад хуучин давууг маань сугалж авдаг байсан” гэж тэр эмнэлэгт өнгөрүүлсэн өдрүүдээ дурсжээ.
Түүнчлэн, “Амьсгалахын төлөө тэмцэлдэх гэдэг ямар хэцүүг ингэж ойлгосон. Ингэхдээ зөвхөн нөхөр, үр хүүхдүүдийнхээ төлөө л тэмцэж байлаа. Өөрийгөө нас барна, гэр бүлийнхэн маань ч үүнд сэтгэлийн бэлтгэл хийж эхэлсэн гэж бодохоор дэндүү уйтай” хэмээсэн байна.
Хэд хоногийн дараа Кериний биеийн байдал сайжирч эхэлсэн тул түүнийг гэрт нь тусгаарлахаар эмнэлгээс гаргажээ. Одоо тэр гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахгүй ч гэртээ сууж байгаа. Эдгэнэ гэсэн итгэл тээх түүнд эмнэлгийн хаалгаар гарахад нүүр лүү нь үлээсэн хүйтэн салхи хэзээ ч мартахааргүй дурсамж болон үлдсэн гэнэ.
Керин өөрийгөө гоо сайхны салонд үйлчлүүлэх үедээ вирусийн халдвар авсан хэмээн таамаглаж буй.
“ГЭРЭЛТЭЙ Ч ТҮНЭР ХАРАНХУЙ ЭМНЭЛГИЙН ӨРӨӨНД...”

Стьюарт Бойл одоогоос хэдэн долоо хоногийн өмнө найрал дууны бэлтгэлийнхээ үеэр шинэ коронавирусийн халдвар авсан.
“Пүрэв гарагт бид тодорхой зайнаас харьцаж, мэдэгдэхүйц эрсдэлгүйгээр бэлтгэлээ хийсэн. Харин ням гарагт нэлээд олон хүн нэмэгдэж ирсэн бөгөөд, тэдний дунд ханиадны шинж тэмдэг илэрсэн хүн цөөнгүй байлаа” гэж тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэр өдрөөс 10 хоногийн дараа 64 настай түүний бие муудаж эхэлсэн аж. “Эхэндээ мэдэгддэггүй юм билээ. Яваандаа шатаар өгсөх, ууланд авирах үед амьсгаадаж, цуцах болсон. Сүүлдээ дасгал хөдөлгөөн ч хийж чадахаа байсан. Вирус уушгийг маань сүйтгэж, тэмцэх эрч хүчийг маань үгүй хийж байлаа” хэмээн ярьжээ.
Ингээд Стьюартын гэр бүл түргэн тусламж дуудсанаар эмнэлэгт өнгөрүүлсэн өдрүүдийнх нь эхлэл тавигджээ. “Энэ уран сайхны киноноос ч ангид үйл явдал” хэмээгээд, “Намайг эмнэлгийн улаан бүсэд хэвтүүлсэн. Гэрэлтэй ч түнэр харанхуй эмнэлгийн өрөөнд өөрийнхөө амьдрах хоногийг гүйцэж дээ гэж бодож хэвтлээ. Гэвч би амьдрахыг хүсэж байсан.
Энэ вирусийн эсрэг батлагдсан эмчилгээ, эсвэл урьдчилан сэргийлэх тарилга гараагүй. Чи өөрөө л тэмцэх хэрэгтэй болно. Уушги минь өдрөөс өдөрт энэ дайнд ялалт байгуулж байгааг би мэдэрч байлаа” гэж ярьсан байна.
Стьюартыг өнгөрсөн бямба гарагт эмнэлгээс гаргасан. Тэр одоо гэртээ өөрийгөө тусгаарлаж буй. Найрал дууны хамтлаг нь түүний эрүүл энхэд зориулж онлайнаар дуу дуулж өгчээ.
“НАДАД ТУСЛАХ НЭГ Ч ГЭСЭН ХҮН ДЭРГЭД МИНЬ ҮЛДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙВ”

Жесси Кларк таван жилийн өмнө хүнд өвчний улмаас нэг бөөрөө авахуулсан нэгэн. Ханиалгаж, халуурч эхлэх үедээ тэр хэрэв мөнөөх вирусийн халдварыг авсан бол бие нь дийлэх эсэхэд эргэлзэж, санаа зовж суужээ. Хэд хоногийн дараа тэр алхаж явах тэнхэлгүй болсон гэнэ.
“Миний хавирга, нуруу, хэвлий хэсгээр маш их өвддөг болсон” гэж тэр ярьсан байна. Үүний дээр шинэ коронавирусийн бүхий л шинж тэмдэг илэрч эхэлжээ.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон улс даяар хөл хорио тогтоож магадгүй талаар мэдэгдсэний дараа Жессигийн сүйт залуу түүнийг эмнэлэгт хүргэж өгчээ.
“Би ганцаараа үлдэхээс айж байсан. Надад туслах ганц ч гэсэн хүн дэргэд минь үлдээсэй гэж хүсэж байв.
Эмч нар намайг үзээд шууд л Covid-19 туссан өвчтнүүдийг тусгаарлаж буй тасагт хэвтүүлсэн. Халдвар авсан хүмүүсээс ганцхан ханаар зааглагдаж хэвтэхэд айдас, хүйдэс их” хэмээн ярилцлагадаа дурдсан байна.
Өмнө нь амьсгалын замын өвчин тусаж байгаагүй тул Жессигийн зовуурь бүр шаналантай байсан талаар ч тэр мөн ярьжээ. Таван өдрийн дараа түүнийг эмнэлгээс гаргасан ч тэр хаа нэг ханиалгадаг, амархан ядарч сульддаг хэвээр байгаа гэнэ.
Хамгийн гол нь, “Миний насны залууст коронавирус нөлөөлөхгүй гэсэн мэдээлэл энд тэндгүй түгж байсан. Эмч нар ч ийм хандлага гаргаж байв. Бодит байдал эсрэгээрээ юм билээ” гэж тэр хэлжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.