ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТРУУД: “Covid-19”-тэй ТЭМЦЭГЧИД

“Корона”-тай гэх аймшигт вирустай хамт амьдарч буй өдрүүд үргэлжилсээр. Дэлхийн 210 улс орны нутаг дэвсгэрт эл вирус хэдийнээ тархаж, халдварласан хүний тоо 1 саяас хол давж, 70 мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхиод байна. Өдөр бүр өсөн нэмэгдэх энэхүү гамшигт тоог хүн төрөлхтөн уулга алдан, зүрх шимшрэн сонссоор. Хамгийн аймшигтай нь дэлхийн хүн төрөлхтний хэдийг нь өвчлүүлж, хичнээнийх нь амийг авч байж зогсохыг таашгүй. Энэ аюулт өвчин нэг л тархвал хуурай өвсөнд тавьсан гал мэт хуйхалдаг. Өндөр хөгжилтэй Америк, Европ, Азийн орнууд өвдөг сөхөрч байгаа. Дэлхийн сая сая цагаан нөмрөгтөн коронавирусийн халдвартай ханцуй шамлаж тэмцэж байна.
-АЛТАН ГАРТНУУД ДӨРВӨН ХҮНИЙГ ЭДГЭЭЖ, АМИЙГ НЬ АВАРЧ ЧАДЛАА-
Манай улсад коронавирусийн халдвараар өдгөө 15 хүн халдварлаж, ДӨРВӨН хүн эдгэрч эмнэлгээс гарлаа гэсэн сайхан мэдээтэй. Өвчтөнүүдийг эмчлэхээр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, вируслогийн лабортаторийн эрхлэгч Б.Дармаа тэргүүтэй ДОЛООН эмч ажиллаж байгаа юм. Энэ хоёр эмчийн цаана нэр нь тодроогүй баатрууд гэдэг шиг өчнөөн эмч, сувилагч, асрагч нар ч чимээгүйгээр ажиллаж, тэмцэж байгааг энд онцлох нь зүй.
Хүнд хэцүү цагт өргөсөн тангаргаасаа няцашгүй, албандаа үнэнч, цаг наргүй ажиллаж байгаад нь Монголын ард түмэн тэднээр бахархаж байна. Тэнд байгаа асрагч, сувилагч, эмч нар бүгд эрсдэл дунд бий.
Уг баг бүрэлдэхүүний талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр онцлон хэлж талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ц.Чинбаяр эмчтэй утсаар ярьсан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ч талархал илэрхийлсэн билээ.
-КОВИД-19-ИЙГ ГАРДАН ЭМЧИЛЖ БУЙ Ц.ЧИНБАЯРЫН ХАНЬ НЬ МЭРГЭЖИЛ НЭГТ ХӨСҮТ-ИЙН ЭМЧ-
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ц.ЧИНБАЯР:
“Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол”. Ингэж ярих хүн бол эмч гэх эрхэм алдрын эзэн бол Ц.Чинбаяр. Тэрээр сүрьеэгийн чиглэлээр мэргэшсэн эмч нарын нэг ХӨСҮТ-д олон жил ажиллаж буй мэргэжилдээ эзэн болсон чадварлаг эмч нарын нэг.
Менингит, улаан бурхан, уушгины хатгалгаа зэрэг яаралтай бүхний тэргүүн эгнээнд тэр ажилладаг. Түүний хань ч ажил мэргэжил нэгтэй. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын эмч ажээ. Тус эмнэлгийнхний урдаа барьдаг эмч нарын нэг. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй энэ цагийн эгэл баатрууд бол яах аргагүй эдний гэр бүл.
Ц.Чинбаяр эмчийг коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг гардан эмчилж байгаад олон олон хүн талархлын үг бичиж байна. Тухайлахад, 2016 онд улаан бурханаар өвчилсөн охиныг минь өдөр шөнөгүй, уйгагүй эмчилсээр босгож ирсэнд баярлаж явдаг хэмээжээ. Нэмж дуулгахад, Ховд аймгийн харьяат юм байна.
-МЯНГА МЯНГАН ХҮНИЙ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГ Б.ДАРМАА ЭМЧ ХИЙЖ БАЙНА-
ЭМЯ-ны Лабораторийн МСЗ-ийн ерөнхий мэргэжилтэн, ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.ДАРМАА:
ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа “ковид-19”-ийн халдвар туссан эсэхийг ШАЛГАХ ЦЭГ буюу лабораторийн шинжилгээн дээр ажиллаж байгаа. Энэ бол өндөр хариуцлагатай бөгөөд хамгийн чухал ажил. Лабораторийнхон 24 цагаар мянга мянган хүний шинжилгээ хийж, тасралтгүй ажиллаж байгаа.
Хариу хэзээ гарна тэр дор нь мэдээллэх үүргийг дээд зэргээр хүлээж буй. Тэдний мэдээллийн дагуу халдвар судлаачид хавьтлуудыг маш яаралтай тогтоож, цуглуулан ХӨСҮТ-д авчирч ард иргэдээ халдвараас хамгаалж сэргийлдэг.
Коронавирустай тэмцэх ажил Өвчтнүүд бүгд хатгаагүй болсон. Цус, өтгөн, шингэн, цэр, хамар залгиурын арчдаст 3 өдөр дараалан шинжлэхэд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа гэдгийг тэрээр онцолжээ. Б.Дармаа доктор өвдсөн хүн бусдад халдвар тараах эрсдэлийг тооцож ажиллаж байгаа аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.