Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хоосон хашаанд “Мөрөөдлийн байшин”-гаа барьж, жимс ногоогоор дүүргэсэн гэр бүл

Сайхан амьдрах санааных. Хүн хүсэх л юм  юуг ч бүтээж, ямар ч орчинг бүтээж болдог гэдгийг олон айл үлгэрлэн баталж яваа. Ийм айлуудыг нэг М.Жаргалсайханыхаар зочилсон сурвалжилгаа хүргэж байна.

М.Жаргалсайханых нийслэлээс зайдуухан Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Шувуун фабрик”-т байрладаг. Энэ өрхийн тохижилт, хотын төвийн хаусаас ялгарах зүйлгүй. Түүнээс ч тансаг. Эднийх 0,6 га газраа 2005 онд авсан бөгөөд сүүлийн таван жилийн дотор мод, ногоо тариалан амьдарч байна. Анх хов хоосон хашаа худалдаж авчээ. Ингээд “Мөрөөдлийн байшин”-гаа босгох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөсөөр энд хүрсэн аж.  

Өөдлөх айл үүднээсээ. М.Жаргалсайханых гадна хашаанаасаа эхлээд өнгөлөг, үүдээр нь ороход хашаа дүүрэн мод, бут, тохилог саравч, савлуур, усан оргилуур, усан бассейн угтана. Хашаанд хаврын шар нар ээж, дулааны урь хэдийн айлчлан ирснийг илтгэнэ. Шувуудын жиргээ сонсогдох нь ойн цоорхойд очсон мэт сэтгэгдэл төрүүлж байв. Ингээд тохилог гэгч нь “Мөрөөдлийн байшин” руу нь уригдан орж, дайлж цайлуулан эднийхэнтэй танилцлаа.

М.Жаргалсайхан ээж, хань, төрсөн дүүгийн хамт

-ГУРВАН ҮЕЭРЭЭ НИСЭХИЙН САЛБАРТАЙ АЖИЛ АМЬДРАЛАА ХОЛБОСОН ХҮМҮҮС-

М.Жаргалсайханых гурван үеэрээ нисэхийн салбартай ажил, амьдралаа холбосон ховор бөгөөд хосгүй хувь тавилантай хүмүүс аж. Түүний аав, ээж хоёр нь онгоцны техникч, механикчаар ажилладаг байж. Төрсөн ах нь “Ми-8”-ийн нисгэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Одоо хань Г.Магнайдүүрэн нь МИАТ” компанийн “Боинг” онгоцны инженерээр 35 дахь жилдээ ажиллаж байна. Хоёр хүүхэд нь мөн нисэхийн салбартай ажил амьдралаа холбожээ.  

Тэрээр өөрөө залуудаа Украйны Киевийн нисэхийн их сургуульд суралцан төгсжээ. Улмаар “МИАТ” онгоцны механикчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Тэтгэвэртээ гараад нэг жил болж байгаа нь энэ.

Түүний хань Г.Магнайдүүрэн “МИАТ” компанид ажиллахынхаа хажуугаар хашаандаа усан оргилуур, усан бассейн хийх зэрэг чухал бүтээн байгуулалтад оролцож ханьдаа тус болдог гол хүний нэг. Тэд нисэхийн салбарт суралцан ажиллаж байхдаа танилцан өдгөө гурван хүү, нэг охин төрүүлж өсгөжээ. Одоо хоёр ач, нэг зээтэй болоод байгаа аж. Том хүү нь АНУ-д амьдарч, хоёр дахь хүү нь Канадын нисэхийн их сургуульд суралцаж байгаа. Ганц охин нь онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад өдгөө хилийн чанадад амьдарч байна.  

М.Жаргалсайханы ээж Д.Бадамханд онгоцны анхны механикч. Биокомбинатад онгоцны далавч урлаж байсан залуусын нэг гэдгээ бидэнд хуучилсан юм. Мод цэцэг, жимс ногоо тарих ажлыг охиндоо үлгэрлэн харуулж, зааж сургасан. Өдгөө 76 настай хэдий ч  гэрээрээ дүүрэн мод, жимс ногоо, цэцгийн үрсэлгээ суулгажээ. Эдний хашаа зуны улиралд ховор цэцэг, ургамал, ногоогоор дүүрдэг байна.

М.Жаргалсайхан

-М.ЖАРГАЛСАЙХАН ХАШААНДАА ОЛОН ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО, МОД БУТ ТАРИАЛЖ БАЙНА-

-Мод, жимс, ногоо тарих нь таны хобби юу?

-Орос эмэгтэйчүүдийн цэцэг, ногоо тарихыг хараад л ямар гоё юм бэ гэж боддог байсан. Украйнд таван жил амьдрахдаа ногоо даршилж сурсан даа. Тэгээд Монголдоо бушуухан очиж хашаатай болоод ногоо тариална даа гэж бодсон. Ирээд мөрөөдлөө биелүүлсэн дээ.

-Ногоо тарьж эхэлсэн дурсамжаасаа хуваалцаач. Хамгийн эхлээд тарьсан ногоо тань хэр ургаж байв?

-Сүүлийн гурван жил хүнсний ногоо тариалж байна. Мод тариад тав, зургаан жил болж байна. Энд задгай салхитай болохоор хашааныхаа дотор талыг дагуулан улиас тарьсан. Салхи хаах зорилготой. Улиасны наагуур жимсний моднуудаа тарьсан. Хүлэмжийн цаана алим, чавганы мод бий.

-Хичнээн төрлийн жимсний мод байна вэ?

-Чацаргана, үхрийн нүд, мойл, монос, бөөрөлзгөнө, чавга, алим, үрэл зэрэг жимсний моднууд суулгасан. Эднээс үрэл, монос, чацаргана, үхрийн нүд дөрөв маш сайн ургадаг юм. Өнгөрсөн жил бүгдийг нь тарьдаг байлаа.

-Ямар ямар хүнсний ногоо тариалж байна вэ?

-9х6 хэмжээтэй хүлэмжид чинжүү, огурцы, помидор, хаш тариалдаг. Долдугаар сар гэхэд л ургацаа авч, идэж эхэлдэг юм. Том ургавал айлуудад тараагаад л. /инээв.сурв/ Хашийн үрийг би бүр Австралиас авч ирсэн. Одоо нэмж хөрсөн дээр ургадаг навчит ногоо тарихыг зорих болсон. Байцаа голдуу. Броккли, цэцэгт байцаа, бразилик навч тариалдаг. Мөн сармис, сонгино тарьсан. Сармис маш сайн ургадаг юм билээ. Өвөлжингөө идээд дуусаагүй байгаа шүү дээ. Цаашид улаан сонгино, хар манжин тариална. Жил ирэх тусам л тариалах ногооны нэр төрөл нь нэмэгдээд байгаа. /инээв.сурв/

-Ногоо тариална гэдэг цаг наргүй ажил биз?

-Усалгаагаа зөв цагт нь хийж, шороогоо ширхэглэн самнаад л байдаг юм. Ногоо тарих бүхий л зааварчилгааг би ээжээс асууж, суралцдаг юм. Сэтгүүлчид ээжээс сурвалжилга авахгүй, дандаа надаас авна. Сонин байгаа биз. /инээв.сурв/

-Ногоо тариалахад мэдээж хөдөлмөр шаардана. Санхүүгийн хувьд хэр их зардал шаардагддаг вэ?

-Мэдээж цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг ажил. Санхүүгийн хувьд зардал шаардагдаад байх юмгүй. Ус, тогны мөнгө л ахиухан гардаг юм. Эдгээр ногоонуудыг тариалахгүйгээр дэлгүүрээс авч хэрэглэхэд нэг сард 150 мянган төгрөг шаардагдаж байна лээ. Голдуу навчит ногоо авсан.

-Өвлийн хүлэмжид ногоо тариалах бодол бий юу?

-Бодол байгаа шүү. Саяхан ээж бид хоёр өвлийн хүлэмжийн ногоо тариалалтын сургалтад суусан юм. Гоё юм билээ. Хамгийн гол нь хүн хүч шаардагдах ажил. Манай ээжийн санаанд багтаад л байгаа. Бушуухан тариалъя гээд л. Хүн хүсвэл, хөдөлмөрлөвөл юуг ч хийж болдог. Газрын үр шим, өгөөж гэж дуусашгүй баялаг. Гайхалтай.

-Танай хаалгаар орж ирэхэд л энэ усан бассейн нүдэнд тусч байна?

-Зуны улиралд усан сан ёстой хэрэгтэй. гүний усаар бассейнаа дүүргэчихнэ. Өдрийн халууна наранд халахаар хүүхдүүд маань тоглоно.

Хүлэмж, усан бассейн...

Эдний хашаанд ийм хөөрөлдөөн өрнөсөн юм. Ногоо тарина гэдэг борви бохисхийх чөлөөг өгдөггүй ажил. Өглөө нарнаас урьтаж ногоогоо усалж, хөрсийг нь сийрүүлэхээс эхлээд өдөржин хөдөлмөрлөнө. Хөрсөнд булсан бүхэн ургадаггүй болохоор арчилгаа, хөдөлмөрч байдлыг байнга шаарддаг аж. Харин хавар, зундаа хөдөлмөрлөсөн их ажлыг нь намартаа арвин их ургацаараа шагнадаг нь байгаль эхийн хууль билээ. Долдугаар сард наадмаар ургацаа эхнээс нь хүртээд эхэлдэг аж. Үр хүүхдэдээ химийн бордоотой ногоо идүүлэхгүй гэж үхрийн нойтон баасаар өөрсдөө хийсэн бордоо ашигладаг байна. Эл бордоог М.Жаргалсайханы ээж Д.Бадамханд бэлтгэчихдэг хөдөлмөрч буурай юм.

-ХОЁР ШИРХЭГ “МӨРӨӨДЛИЙН БАЙШИН” ОЁЖ ДУУСААД Л “ГОЁ” БАЙШИНТАЙ БОЛСОН-

М.Жаргалсайхан ногоо тариалахаас гадна юм оёж, хатгах дуртай. Хос тогос аз жаргал авч ирдэг юм гээд тогос оёх их дуртайгаа ярив. Тэрээр хоёр “мөрөөдлийн байшин хатгаж, оёж дуусчээ. “Тэр хоёрыг оёж дуусаад л би өөрийн жинхэнэ “мөрөөдлийн байшин”-даа орсон. Ёстой үнэн бөгөөд сонин шүү” хэмээн ярьсан юм.

Нэмж дурдахад ширээний теннис маш сайн тоглодог. МИАТ-ын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцож байнга л алт юм уу хүрэл медаль хүртдэг байжээ. Энэ спортоо орхихгүйн тулд хашаандаа теннисний ширээ байрлуулан дуртай үедээ тоглодог аж.

-Г.МАГНАЙСҮРЭН: НЭГ Л ӨДӨР ЗҮҮДЭЛЖ БОСЧ ИРЭЭД ЭНЭ БҮХНИЙГ БИЙ БОЛГОЧХООГҮЙ. МӨРӨӨДӨЖ, БОДОЖ ТӨЛӨВЛӨЖ ХҮРСЭН-

М.Жаргалсайханы хань Г.Магнайдүүрэн

Ингэж хөдөлмөрлөж амьдарч хэн ч чадна. Хамгийн гол нь хүсэх, мөрөөдөх л хэрэгтэй. Хүн бүхэн л эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг байх. Бид зүүдэлж босч ирээд энэ бүхнийг нэг л өдөр бий болгочихсон юм биш. Бодож төлөвлөж, амьдралын төлөө зүтгэж байсны илрэл энэ юм даа гэдгийг Г.Магнайдүүрэн ах хэлж байлаа.

Мөн тэрээр үр хүүхдүүдэдээ гадаад дотоодод боловсрол эзэмшүүлэх нь бидний үүрэг юм. Би хүүхдүүдэдээ орчин үеэ дагаад эрдэм мэдлэг боловсролтой бол гэж захьдаг. Хамгийн гол нь эрүүл энх байх нь чухал юм даа хэмээсэн юм.

-Д.БАДАМХАНД: НИСЭХЭД АЖИЛЛАДАГ БАЙХДАА УЛААН МОТОЦИКЛООРОО ХҮҮХДҮҮДЭЭ ЗӨӨДӨГ БАЙЛАА-

М.Жаргалсайхан өөрийн ээж Д.Бадамхандын хамт

Ээж Д.Бадамханд 1965 онд “МИАТ”-д ажилд оржээ. Онгоцны механикч, засварын ажил хийж байгаад 1988 онд тэтгэвэртээ гарсан байна. 2003 онд шувуун фабрикт ирж суурьшин өөрийн хоббигоороо ногоо, жимс жимсгэнэ, цэцэг тариалах болжээ.

“Би чинь нисэхэд ажилладаг байхдаа оросын улаан мотоциклоор хүүхдүүдээ зөөдөг байлаа. Тэр хавийнхан “Улаан мотоциклтой эмэгтэй” гээд намайг андахгүй шүү дээ” хэмээн хуучилсан юм. Мөн тэрээр “МИАТ компани өндөр настнуудаа цуглуулан уулзалт зохион байгуулахад хүү, охин бид гурав зэрэгцээд очдоггүй юм. Намайг очно гэвэл энэ хоёр очихгүй гээд явахгүй. Очихгүй гэвэл энэ хоёр уралдаад л яваад өгнө” хэмээн Д.Бадамханд гуай инээд хөөр болон ярьсан билээ.

Ийм нэг хөдөлмөрч айл бусаддаа үлгэр дуурайл, жишиг болон Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд амьдарч байна. М.Жаргалсайханы хэлснээр хүн хүсвэл юуг ч хийж болдог, газрын үр шим ямар их гэдгийг эднийхээс харж болно. Зуны дэлгэр цагт ирвэл жимс, ногоогоор баян, хашаа дүүрэн ногоон диваажин л угтах аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.Мягмарсүрэн

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

маш хөдөлмөрч сайхан хүмүүс байна, танай гэр бүлд аз жаргал хүсье

Золоо
Золоо

Мундаг хөдөлмөрч сайхан хүмүүс байна

Dulaan
Dulaan

иНГЭЖ САЙХАН АМЬДАРЧ БАЙГАА АЙ
ЛУУДЫГ УРАМШУУЛЖ ОЛОНД ТҮГЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button