НИЙГЭМ

Хавдар судлалын үндэсний төвийн хоёр байршилд газар чөлөөлөлт хийгдлээ

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий.

Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц,  гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул   орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүсэлт тавьсны дагуу өнөөдөр /2020.04.21/ Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус дүүргийн Мэргэжлийн хяналт, Цагдаагийн II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Тохьжилт үйлчилгээний хэлтэс, Баянзүрх дүүргийн 18 хорооны албан хаагчид хамтран Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хоёр байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.   

Газар чөлөөлсний дараагаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тухайн хэсэгт 42,3 метрийн урттай, замын хоёр хажуугаар 1,5 метрийн өргөнтэй явган хүний гарцтай, нэг метрийн өргөнтэй ногоон байгууламж бүхий 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто зам тавих юм байна. Энэ ажлыг ирэх сарын дундуур гэхэд ашиглалтад оруулах юм байна.   

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: 2000 оноос хойш зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй маш олон барилга байгууламж баригдсанаас болоод олон сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн орц гарцыг хаасан, хүндрэлтэй асуудал үүссэн. Хавдар судлалын үндэсний төвийн хувьд ч мөн ялгаагүй ийм асуудал үүссэн. Нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал нэн тэргүүнд байх ёстой. Тийм ч учраас Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нийтдээ шинээр 4 орц гарцыг нээх, газрыг чөлөөлөх ажил үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ. Өнөөдөр хоёр байршилд газрыг нь хуулийн дагуу чөлөөлж байна. Граш эзэмшигчидтэй ярилцаж ойлголцож, Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр  энэ ажил ямар нэгэн хүндрэлгүй явагдлаа. Ер нь цаашдаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудын орох, гарцын асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхийн тулд зарим газрын эрхийг цуцалж байж газрыг чөлөөлнө. Заримыг нь оршин суугчидтай тохиролцоно зэрэг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2020 оны хувьд Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 150 газар 450 обьектийн газар чөлөөлөх ажил хийгдэнэ. 

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: “Үе үеийн хотын удирдлагуудад хандаж ирсэн манай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх ажил өнөөдөр ийнхүү биеллээ олж байгаад их баяртай байна. Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд автобусны зогсоолын хэсгээр л орж гардаг ганцхан гарцтайн улмаас яаралтай тусламжийн автомашин хүртэл орж гарахад хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн газрын алба болон холбогдох албаныханд хугацаат үүрэг даалгавар өгсний үндсэн дээр өнөөдөр газар чөлөөлөлт хийгдэж, орц гарцыг нэмэгдүүлж байгаад эмнэлэг болон өвчтөн, эмчлүүлэгсдийн ар гэрийнхний өмнөөс гүнээ  талархаж байна. Олон нийтийн эрх ашиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал ийнхүү шийдэгдлээ”.

Хавдар судлалын үндэсний төвд шинээр нэмж орц, гарц нээх бөгөөд өнөөдөр  эмнэлгийн баруун урд талд газар чөлөөлөлт хийгдсэнээр Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх замтай боллоо. Тус эмнэлэг одоогийн байдлаар 3 талаас нэвтрэх боломжтой болоод байна.

Энэ эмнэлгийг зорьж байгаа хүмүүсийн хувьд 60, 70 хувь нь эмчилгээний сүүлийн шатандаа орсон байдаг. Нэг хүн өвдөхөд тэр хүний эргэн тойронд маш олон хүмүүсийн эрх ашиг хөндөгддөг. Энэ эмнэлгийг зорин ирж байгаа хүмүүсийн урсгал улам л нэмэгдсээр байна. Зөвхөн зүүн талаасаа орох гарц байдаг. Гэтэл тэр зам маш ачаалалтай. Байшин нь харагдаад байгаа хир нь орж болдоггүй. Гарч болдоггүй. Яарсан сандарсан үед үнэхээр хэцүү. Эрүүл саруул хүмүүс алхаад явчихна. Гэтэл өвчтэй зовлонтой хүмүүс тэгж чадахгүй. Өнөөдөр хойд болон урд талаараа гарах, орох гарцтай болж байгаад маш их баярлаж байна.

Хөдөө гадаанаас ирээд хот дотор зорчих, зорьсон газраа саадгүй хурдан хүрэх үнэхээр асуудалтай байна. Миний хувьд хөдөөнөөс ирсэн. Эмнэлэгт аавыгаа үзүүлэх гээд явж байна. Эмнэлэг рүү орж ирэх гэж маш удсан. Зам бөглөрөөд, заавал тойрч ордог юм байна. Гартаа хүнд цүнх сав барьчихсан. Уг нь дөхөөд буумаар байдаг. Дөхөж буугаад алхаж ирсэн. Одоо хаанаасаа ч ороод ирэх боломжтой болж байгаа нь маш сайхан санагдаж байна. Ард иргэдээ харсан. Ийм шийдвэр олон гаргаж хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

Гурав дахь жилдээ энэ эмнэлгээр явж байна. Орц гарцын асуудал үнэхээр хүнд байсан. Эмнэлэг дотор ч их хүнтэй. Гаднаас ирж буцаж байгаа ч олон. Яг л хар зах шиг байгааг та бүхэн харж байна. Энэ олон хүний урсгалыг дааж гарах ачаалал бууруулах орц гарцын асуудлыг нээж байгаа нь сайхан санагдаж байна.  

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-21 19:38

ингэх л хэрэгтэй

Зочин
Зочин
2020-04-21 20:02

эмнэлэгийн доторхи тасгийн 00 хэцүү шүү тэрийг нь сайн тохижуулж өгөөрэй

Холбоотой мэдээ

Back to top button