ДЭЛХИЙСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ЭДИЙН ЗАСАГЧИД: 1998 оны хямрал дахин давтагдах магадлал ӨНДӨР

Ойрын ирээдүйд хэд хэдэн улс дефолт зарлаж магадгүй гэж томоохон эдийн засагчид үзэж байна.

-ДЕФОЛТЫН ТУХАЙ БОДОЛ ТӨРЖ ЭХЭЛСЭН БОЛ БАЙДАЛ ЭВГҮЙТСЭН ГЭСЭН ҮГ-

Шинжээчдийн үзэж буйгаар хамгийн гол асуудал бол дефолт биш харин дефолт зарлах болсон шалтгаан аж. Тэд хэрэв дефолтын тухай бодол төрж эхэлсэн бол байдал аль хэдийнэ эвгүй тийшээ эргэсэн гэсэн үг гэжээ.

"J.P. Morgan International”-ын зах зээлийн хэлтсийн удирдагч Дэвид Стаббс сүүлийн хэдэн арван жилд цөөнгүй орнууд дефолт зарлаж, өр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзсан гэдгийг сануулжээ.

Гуравдугаар сарын 12-ны "The Independent”-д 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан харсан эдийн засагч Жесси Коломбо нь дэлхий нийт дахин нэг санхүүгийн хямралд тулж ирсэн гэж хэлсэн тухай сануулжээ. Америкийн энэ экспертийн үзэж байгаагаар одоо дэлхийн зах зээлд хэд хэдэн томоохон хөөс үүссэн, тэдгээр нь хэзээ мөдгүй хагарч магадгүй, мөн коронавирусийн тархалт нь хүндхэн нөхцөл байдлыг улам бүр дордуулж байгаа гэдгийг анхааруулсан байна.

-НЕФТИЙН ҮНЭ УНАСАН НЬ ЭДИЙН ЗАСАГТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛСӨН-

Түүнчлэн нефтийн үнэ унасан нь эдийн засагт муугаар нөлөөлөх бас нэг үндсэн шалтгаан болж  байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн тэрбумтан, "Bridgewater Associates” компанийг үүсгэн байгуулагч Рей Далио нь өнөөгийн эдийн засгийн байдал нь санхүүгийн томоохон хямралын өмнө тулан ирсэн байна гэсэн дүгнэлт хийжээ.

Тэрээр "Business Insider”-т өгсөн ярилцлагадаа эдийн засаг нь хэдэн үечлэлтэй байдаг тухай ярьжээ. Эхлээд өр болон орлого цугтаа хурдтай өсөж,  үнэт цаасны үнэлгээ ч огцом дээшилсээр удалгүй хэт их өсөн нэмэгдэж байгаа өрийг багасгахын тулд төв банкнууд мөнгөний бодлогоо чангалж эхэлнэ. Дараа нь бодлогын хүү бараг 0 болтол буурч, эдийн засаг уналтад орох ба төв банкнууд үнэт цааснуудыг бөөнөөр худалдан авч мөнгөний бодлогоо ихээхэн зөөлрүүлдэг гэж үзжээ.

-1998 ОНД БОЛСОН ХЯМРАЛ ДАХИН ДАВТАГДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА-

Түүнчлэн "Эдийн засгийн одоогийн байдал яг л өнгөрсөн зууны 30-аад оны үе, их хямралын өмнөх үеийг санагдуулж байна. Ийм нөхцөлд баян хоосны ялгаа улам бүр ихсэх бөгөөд энэ нь аливаа нэг популист үйл ажиллагаа эрчимжих нэг үндэс болдог гэж энэ тэрбумтан үзэж байгаа юм байна” гэжээ.

Эдийн засагчид дэлхийн эдийн засаг бас нэг хямралын өмнө ирээд байгаа тухай олон жил ярьж байгаа. 2018 оны долоодугаар сард "Bank of America Corp”-оос өнөөгийн эдийн засгийн өсөлтийн байдал нь 1997-1998 оны хямралын өмнөх үетэй яг адилхан байгаа гэж үзжээ. Мөн зах зээлийн бүх нөхцөл байдлыг судлан үзэж, ойрын үед 1998 онд болсон үйл явдал буюу Азийн бүсэд эдийн засгийн том хямрал болж, Орос улс дефолт зарлаж байсан тэр явдал дахин давтагдах магадлал өндөр байна хэмээн энэ банкны мэргэжилтнүүд хэлж байжээ.

"АНУ-ын эдийн засгийн тогтвортой өсөлт болон хөгжиж буй орнуудын облигацын орлогын өөрчлөлт зэргийг харахад 20 жилийн өмнөх явдалтай тун адилхан байна” хэмээн Bank of America –ийн хөрөнгө оруулалтын тоймч Майкл Хартнетт үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: businessinsider.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button