СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТААМАГЛАЛ: Коронавирус хүн төрөлхтний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ

БНХАУ-д үл мэдэгдэх шинэ төрлийн вирусээр халдварласан хүмүүс нас барлаа гэх мэдээлэл анхлан цацагдсанаас хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Эрдэмтэд вирусийг коронавирусийн нэг төрөл хэмээн тодорхойлж, “Covid-19” гэж нэрлэснээс хойш дэлхий ертөнц өөрчлөгдлөө. Асуудал зөвхөн Хятадынх байхаа нэгэнт больж, АНУ, Итали, Испани, ОХУ тэргүүтэй томоохон гүрнүүд сөхөрч, дэлхийн өмнө хүнд сорилт тулгарав.

Цар тахал намжих болоогүй, удалгүй хоёр дахь давлагаа дахин дэгдэнэ гэсэн анхааруулгыг ДЭМБ-аас өгсөн. Үнэхээр ч нөхцөл байдал нь дээрдэж, итгэлийн гэрэл асаж буй улс орон харагдахгүй байна. Халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд хатуу хөл хорио тогтоож, ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагаа зогсон, улсын эдийн засаг уналтад  орох том асуудал улс бүрийн өмнө тулгарлаа. Цаашид хэр удах нь тодорхойгүй энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл дэлхийн амьдрал ямар болж өөрлөгдөх бол. Нийгэм, эдийн засгийн амьдралд ямар өөрчлөлтүүд гарах бол. Эдгээр асуултад The Conversation сайтын нийтлэлч дөрвөн хувилбар дэвшүүлэн, хариулжээ.

ТӨР АЧАА ҮҮРНЭ, ГЭХДЭЭ УДААН ХУГАЦААНД БИШ

Хүн ардын эрүүл мэндээс гадна хамгийн амин чухал сэдэв нь эдийн засаг. Эдийн засаг сүйрвэл үнэндээ иргэдийн эрүүл мэндийн хамгаалал ч дагаад уналтад орно. Хүмүүс хоол хүнсээ худалдаж авч чадахгүй болно. Өлсөж, цангаж, уурлаж, бухимдаж, юу ч хийхээс буцахгүй болно. Иймд эдийн засгийнхаа бүсийг хэрхэн зөв чангалах вэ гэдэг хамгийн чухал бодлого болж хувирсан.

Харин Их Британи тэргүүтэй зарим орны төр ачааны хүндийг нуруун дээрээ авч буй. Тодруулбал, ажиллахгүй, ашиг орлого нь буурсан бизнес эрхлэгч, ААН-үүдэд шууд тусламж олгож байгаа. Иргэдэд ч мөн цалингүй гэртээ суухад нь сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болсон. Эргэлтэд орох хөрөнгөгүй гацсан ААН-үүдийг төр нэг хэсэг торгооно гэсэн үг. Ингэснээр эдийн засаг нэг хэсэг дугуйн дээрээ өнхрөх ч, удаан биш. Их Британи том эдийн засагтай, хүчирхэг гүрэн тулдаа дээд  талдаа энэ оны төгсгөл хүртэл л тэснэ. Жижиг орнууд удаан хүчрэхгүй. Ингээд хэрэв нөхцөл байдал дээрдэхгүй байвал төрийн данс хоосорч, бүх зүйл уналтад орно. Тиймээс “Нэг их удахгүй байлгүй дээ” гэсэн итгэл л бүхнийг торгооно.

ОЛОН НИЙТИЙН ГАЛЗУУРАЛ, БОСЛОГО

Хүн бүр төрийн өмнө дуулгавартай биш. АНУ-д “Бид амны хаалт зүүхгүй, хүссэн цагтаа гэрээсээ гарна” гэсэн уриа лоозон барьсан олон зуун хүн жагсаал цуглаан үйлдэх болсон. Энэ олон нийтийн галзуурал, бослогын нэг эхлэл. Төр, улсынхаа нийгэм эдийн засгийн амьдралыг нөхцөл байдал сайжиртал торгоохын төлөө хэчнээн ухаалаг бодлого явуулаад ч, иргэд нь хүлээж авахгүй бол ямар нэг үр дүнд хүрэхэд хэцүү.

Аажим бүх ААН-үүдийн үйл ажиллагаа тасарч, дэлгүүрийн лангуу бараагүй, худалдагчгүй болж, эмнэлэг дахиж өвчтөн хүлээж авахаа болих цагт Барбаризм хүчээ авах магадлалтай аж. Өөрөөр хэлбэл, хэн хүчтэй нь амьдарна гэсэн зэрлэг байгалийн хууль үйлчилж, амьд үлдэхийн төлөөх ёс суртахууны хэм хэмжээгүй тулаан олон нийтийн дунд өрнөнө. Хүмүүсийн зорилго төрөөс хамааралгүй, өөрөөс хамаарч гагц амьд үлдэх л болж хувирна.

ЭСВЭЛ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ

Бүхнийг бараан дүр зургаар харах нь өрөөсгөл. Юуны өмнө дэлхийн ихэнх орнууд хатуу хөл хорио тогтоосноос хойш байгаль экологийн тэнцвэрт байдал эргэн сэргэж буйг бид харж байна. Озоны давхарга нөхөгдөж, ширгэсэн гол мөрөн дахин урсаж, зэрлэг амьтад хот дундуур чөлөөтэй зугаалах болсон. Энэ бол хүн төрөлхтний амьдралд орж буй эерэг өөрчлөлт.

Мөн нөгөөтээгүүр, нөхцөл байдал хүндрэх тусам хүмүүс улам бүдүүлэгшиж, амьд үлдэхийн төлөөх тэмцэлд гарна гэсэн нэг шугамын дүгнэлт хийх нь өрөөсгөл ч байж болох. Өөрөөр хэлбэл, хүмүүс хамтын хүчээр, атгасан гар шиг зангидагдаж гэмээ нь энэ цаг үеийг туулж гарах боломжтой гэж нийтлэлч үзжээ.

Ингэхдээ төр ямар бодлого явуулах нь тийм ч сонин биш. Ганцхан хүмүүс л өөрсдийнхөө биш, өрөөл бусдын сайн сайхны төлөө амьдарвал энэ цикл хамгийн удаан тэсэх боломжтой. Юуг ч нураахгүй, юуг ч сүйрүүлэхгүй. Сайн дурын нийгмийн ажилтнууд гарч ирж, шаардлагатай хүмүүст хэрэгтэй тусламжийг нь үзүүлдэг. Хязгаарлагдмал нөөцийг дэс замбараатай, нэгэн жигд байдлаар бие биедээ хуваарилдаг. Чингээд халдварыг тархаахгүйн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийн дуулгавартай биелүүлдэг. Ийм байж чадвал нэгт, коронавирусийн цар тахлыг давж гарна, хоёрт, хүн төрөлхтний амьдрал урьд байгаагүй эергээр өөрчлөгдөнө.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: The Conversation

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button