ДЭЛХИЙСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“COVID-19”-ийн эсрэг вакцин гарвал нэн шаардлагатай улсуудад түрүүлж олгоно

Өдгөө “COVID-19”-ийн эсрэг вакцин гарган авах өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, дэлхийн хэмжээнд 100 гаруй судалгаа хийгдэж байна. Вакцин боловсруулагчдыг санхүүжүүлэгч “CEPI” нийгэмлэг одоогийн байдлаар “COVID-19”-ийн эсрэг вакцин гаргаж авах 115 өөр судалгааг бүртгэжээ.

ИХ МӨНГӨ ТӨЛСӨН УЛСУУДАД ТҮРҮҮЛЖ НИЙЛҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Энэ сарын 20-нд ДЭМБ “COVID-19”-ийн эсрэг дэлхийн хэмжээнд хийгдэж буй 76 боломжит вакцины судалгааны жагсаалтыг танилцуулсан. Үүнээс таван судалгаа нь клиникийн туршилтын шатанд шилжээд байгаагаас гурав нь БНХАУ-д, хоёр нь АНУ-д хийгдэж байна. Харин үлдсэн 71 вакцины судалгаа клиникийн өмнөх туршилтын шатанд үргэлжилж байгаа юм.

Клиникийн туршилтын үе шатуудыг хамгийн түрүүнд амжилттай давж, хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд өндөр үр дүнтэй гэдгээ баталж чадсан вакциныг ДЭМБ баталгаажуулах аж.

“CEPI” нийгэмлэг коронавирусийн эсрэг анхны вакцин гарсан тохиолдолд дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй нийлүүлэх асуудалд шахалт үзүүлэхээ мэдэгдлээ. Тус байгууллага коронавирусийн эсрэг вакцин боловсруулах ажлыг санхүүжүүлэх зорилгоор олон улсын хандивлагчдаас хоёр тэрбум ам.долларын хөрөнгө босгохоо зарласан. Одоогоор 915 сая ам.долларын хандив бүрдүүлээд байгаа юм.

“CEPI”-гийн Австрали дахь салбарыг хариуцсан захирал Жэйн Халтон их мөнгө төлсөн улс орнуудад бус нэн шаардлагатай орнуудад өөрсдийн боловсруулсан вакцинаа түрүүлж нийлүүлэх амлалт өгсөн вакцин боловсруулагчдыг санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрээр “Бид энэ асуудалд маш хариуцлагатай хандаж байгаа. Хэрэв “COVID-19”-ийн эсрэг вакцин эмнэл зүйд нэвтэрвэл түүнийг дэлхийн хүн амын дунд тэнцүү хуваарилах боломжгүй. Гэвч хамгийн их мөнгө төлсөн улс, орнуудад вакциныг түрүүлж нийлүүлэх асуудлыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Өмнө нь 2009 оны H1N1 цар тахлын үед өндөр хөгжилтэй орнууд вакциныг олон тоогоор, өндөр үнээр урьдчилан захиалсны улмаас вакцин нэн шаардлагатай байсан ядуу буурай орнууд хоосон хоцорч байжээ.

СУДАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛБОЛ ХЭДЭН ЗУУН ТУНГААР ШУУД ҮЙЛДВЭРЛЭНЭ

Судалгаанаас үзэхэд ямар ч өвчний эсрэг боловсруулсан нийт вакцинуудын ердөө зургаан хувь нь л бүх туршилтын үе шатуудыг амжилттай давж, эмнэл зүйд ашиглагддаг болох нь  тогтоогдсон байна.

Иймд АНУ-ын биотехнологийн “Moderna” компани болон АНУ-ын Харшил болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн хамтран “COVID-19”-ийн эсрэг вакцин гарган авах ажлыг хурдасгах зорилгоор тус улсын Засгийн газар нэг тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ. Түүнчлэн АНУ-ын Био анагаахын дэвшилтэт судалгаа, хөгжүүлэлтийн газар клиникийн туршилтын үе шатыг түрүүлж давсан вакцинуудыг олон тоогоор үйлдвэрлэх ажилд нэг тэрбум ам.долларын санхүүжилт хийхээ мэдэгдсэн байна.

“COVID-19”-ийн эсрэг вакцин гарган авах  хамгийн ойрын хугацааг 12-18 сар гэж тооцоод буй. Иймд “CEPI”-гийн тэргүүн Ричард Хатчет хөрөнгө оруулагч нарт хандан боловсруулж буй вакцины судалгаанууд үр дүн болон клиник туршилтыг давж чадахаас үл хамааран судалгаа амжилттай болсон тохиолдолд хэдэн зуун сая тунгаар шууд үйлдвэрлэх боломж олгохын тулд эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхийг уриалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: nature.com, japantimes.co.jp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button