Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Иргэд бөөгийн толь, дрилл, таслагчаа ломбардад тавьж, өдрийн хоолоо залгуулж байна

Улаанбаатарын гудамжинд хоёр гишгээд л нэг ломбард тааралдана. Ломбардууд дотроо том, жижиг гэсэн ялгаатай. “Начин заан”, “Сайн” тэргүүтэй сүлжээ ломбард нь “том” ангилалдаа ордог гэх. Харин “Өндөр үнэлгээ, бага хүүтэй” гэсэн самбар бүхий хаа сайгүй таарах ломбардууд мөнөөх “жижиг”-тээ тооцогдоно. Албан бус энэ ангиллыг ломбардчид өөрсдөө мэднэ. Ялгаа юуг барьцаа болгон авч, бэлэн мөнгө зээлдүүлдэгт нь л оршиж буй.

-ЛОМБАРДААР ОРЖ ГАРАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨН ЦӨӨН БАЙНА-

Өнөөдөр хөл хорио дагасан эдийн засгийн хямралтай цаг үе үргэлжилж байна. Томоохон ААН-үүдийн үйл ажиллагаа хэдий нь доголдож эхэлсэн. Орлого нь тасарч, данс нь дундрах болсон. Үүний хэрээр иргэд, айл өрхүүдийн амьдралын хэмнэлд ч өөрлөлт орж эхэлсэн.

Энгийн үед амьжиргаа залгуулах хэд гурван төгрөгөөс эхлээд ганц шөнийн “зуун грам”-ын эрэлд хатсан олон зуун өөр “өнгө” ломбардуудаар завсаргүй үйлчлүүлдэг. “Сунгуулъя” эсвэл, “Авна аа” гэж дуугарах хүмүүсийн хөдөлгөөн ер татардаггүй. Тэгвэл эдийн засгийн уналттай буй энэ үед ломбард руу чиглэсэн хүмүүсийн урсгал улам нэмэгдэх нь ойлгомжтой. Амьжиргаа сул айл өрхийн тоо нэмэгдэх тусам ломбардууд хөлждөг.

Харин өнөө “жижиг” гэх ангилалд тооцогддог ломбардуудынн орлого нь буурч, үйлчлүүлэгчид нь татарч, гайхаш тасран сууж байна. Сурвалжилсан учир ийм юм. Товчоор хэлэхэд ломбардуудын танил дүр зураг өөрчлөгджээ.

Бид Улаанбаатар хотын ломбардны төвлөрөл ихтэй нэгэн гудамжнаас сурвалжилга бэлтгэв. Нэг байшинд зургаан ломбард зэрэг үйл ажиллагаа явуулж буй нь ч байх юм. Шар дээр хараар “Ломбард” гэж бичсэн нь тоостой зэрэглээтнэ. Дөрөвдүгээр сарын 27-ны үдээс хойш ломбардаар орж гарах хүний хөдөлгөөн цөөн байна. Уг нь ямар нэг юмаа барьцаалчхаад бодол болон шатаар буух нэгэнтэй таарах хялбархан баймаар. Гэтэл тэгсэнгүй нь анхаарал татав.

-БӨӨГИЙН МӨНГӨН ТОЛИО ХҮРТЭЛ БАРЬЦААЛСАН ТОХИОЛДОЛ БИЙ-

Жижиг ломбардууд муу нэртэй учраас хэвлэлд нээлттэй яриа өгдөггүй. Иймд бодит байдлыг тодруулах үүднээс хэд гурван асуултад хариулт авахаар нэлээд эрсний эцэст дэн буудлын нэг давхарт үйл ажиллагаа явуулах багашаархан ломбардын үүдийг татлаа.

Ороход нэг эмэгтэй гар утасныхаа сим картыг барьцаалж байна. Өөрөөр хэлбэл утасны дугаараа “тавьж” буй аж. Дээрээс нь иргэний үнэмлэхээ нэмж өгөөд, 10 мянган төгрөг халааслаад гарлаа. Түүнээс нэрийг нь нууцлан тодруулга авах гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Ингээд дараагийн үйлчлүүлэгч орж иртэл нэлээд удав. Энэ хооронд ломбард ажиллуулж буй эртэй товч хөөрөлдлөө.

-Хүмүүс ихэвчлэн юуг барьцаанд тавьж байна?

-Гар утас. Гар утсаа л элбэг тавина даа.

-Дундаж хэрэглээний гар утас ямар үнэ хүрэх вэ?

-Дээд талдаа 200 мянган төгрөгт л хүрнэ.

-Үйлчлүүлэгчид их үү?

-Хөл хорио тогтоосноос хойш эрс багассан. Бараг 40-50 хувь буурчхаад байна.

-Ямар учиртай гэж харж байна. Хүмүүсийн амьжиргаа дээшилчхэв үү?

-Амьжиргаа дээшилнэ гэж байхгүй. Бөөгийн мөнгөн толио хүртэл барьцаалж байхад.

-Бөөгийн мөнгөн толийг тэгээд ямар үнэд хүргэж авдаг юм?

-Бид аль болох тухайн хүний хүссэн үнэд хүргэхийг хичээдэг. Жинлэж үзээд, 20 мянган төгрөг болохоор байлаа ч эзэн нь 35 мянгыг хүссэн бол өгчихийг л бодно.

-Иргэдийн амьжиргаа дээшлээгүй юм бол үйлчлүүлэгч татрахад юу нөлөөлөв?

-“Начин заан”, “Сайн” гэх мэт том сүлжээ ломбардуудад байдал өөр байх. Том мөнгө хүссэн хүмүүс тэнд хөрөнгөө барьцаалж, зээлээ авсаар байгаа. Харин манайх мэтийн жижиг ломбардуудаар жижиг мөнгө хүссэн хүмүүс л үйлчлүүлдэг. Голчлон баар, саванд орох гэж.

-Тодруулбал?

-Би ерөөс баар, цэнгээний газар болон жижиг ломбардны үйл ажиллагаа хоёр шууд хамааралтай гэдгийг ойлгоод байна. Хөл хорио тогтоосноос хойш баар, цэнгээний газрууд цагийн хязгаартай ажиллах болсон. Үүнийг л дагаад үйлчлүүлэгсэд цөөрчихлөө.

-Ихэвчлэн наргиж, цэнгэх сэдлээр эд хөрөнгөө барьцаалдаг гэж үү?

-Наргиж, цэнгэж байгаад мөнгө нь дуусчихвал ямар нэг юмаа барьцаалж, хэдэн төгрөг зээлээд үргэлжлүүлдэг. Ийм л дүр зураг байдаг. Үйлчлүүлэгчид багассан нь үүнтэй л холбоотой.

Тэр ний нуугүй яриад сэйфээ дэлгэж харуулав. Дотор нь битүүмжилсэн хэдэн гар утас, мөнгөн аяганаас өөр зүйл алга. Шинэхэн шахуу хөргөгч, угаалгын машин байна. Хуйлаад хана түшүүлж тавьсан хивс хоёр ширхэг харагдана. Барилгын багаж, хэрэгсэл сэлт нүдэнд тусна. Уран зураг ч байх.

-Тэр зургийг барьцаанд авсан юм уу?

-Үгүй ээ. Наадах чинь манай зураг.

-ГУЙЛГА ГУЙЛТАЙ БИШ. ЛОМБАРД Л АМЬЖИРГАА ЗАЛГУУЛНА-

Ломбардны эзэнтэй хөөрөлдөж зогсоход хичээл насны эр шурхийж орж ирээд түүнтэй мэндчиллээ. “За, авах нь уу?” гэхэд нь нөгөөх эр, “Аан, сунгуулна аа” гэж хариулж байна. “Бичгээ гаргаад ир”.

Хижээл насны эрийг гэрээ сунгалт хийгээд гарахад нь хэдэн хором ярилцав.

-Уучлаарай, та юу барьцаалснаа хэлж болох уу?

-Барилгын ажлын багаж, хэрэгслүүдээ л.

-Яг ямар багажууд гэсэн үг вэ?

-Ханын дрилл. Таслагч.

-Нийлээд ямар үнэд хүрсэн бэ?

-65 мянга.

-Эднийгээ ломбардад тавих ямар шаардлага танд байв?

-Амьдрал хэцүү байна ш дээ. Ажил олдохгүй, ажилгүй. Тэгээд ямар гуйлга гуйлтай биш. Ломбард л амьжиргаа залгуулна шүү дээ.

Түүнд талархал илэрхийлээд үдэв. Дэн буудлын нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг багашаархан ломбардын дүр зураг ийм байна. Эднийх 22.00 цагт хаадаг гэнэ.

-НИЙСЛЭЛЧҮҮД ХҮМҮҮЖИВ ҮҮ-

Кассын үйлчилгээтэй болсон “Начин заан”, “Сайн” ломбардуудын үйлчлэгчид тодруулга мэдээлэл өгсөнгүй. Ганц мөнгөн аяга хэдэн төгрөгт хүрэх талаар ч ам ангайсангүй. Асуух зүйл байвал удирдлагуудтай нь эхэлж холбогдох ёстой. Ингээд “Байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу сонсоно. Ямартай ч том ломбардууд ашигтай ажилласаар буй бололтой. Энгийн үетэй л адилхан. Харин дээрх ярианаас өнгөц дүгнэхэд жижиг ломбард эрхлэгчид үйлчлүүлэгчдээ алджээ.

Шалтгааныг нь иргэдийн амьжиргааны түвшин цаг үеийн нөхцөл байдлыг даган доошилсонтой холбож таамагласан. Гэтэл тэд өөр зүйлийг ярьж байна. Баар, цэнгээний газрууд эрт хаадаг болсонтой холбоотой гэх. Хотын даргын захирамжаар бүх баар, ресторан, караокэ мэтийн газрууд 22.00 цагт хааж буй. Бодит амьдрал дээр наргиан, харгиан дөнгөж эхэлдэг цаг. Иймд үргэлжлүүлэхийн тулд хөрөнгөө барьцаалж, их биш мөнгө зээлдэг иргэдийн хөл хөдөлгөөн татарсан гэж ломбард эрхлэгч хэллээ. Нийслэлчүүдэд хөл хорио зохиж, “хүмүүжиж”, харин жижиг ломбардууд үйлчлүүлэгчдээ алдах болжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

Endees harahad lombard eruusuu hereggui gazar bga yum. Showchdad zoriulsan l gazar

Zочин
Zочин

Turuus tursun parazituud iim bolgoj b.a daa

Холбоотой мэдээ

Back to top button