Ковид-19 туссанаа нуусан Ховдын иргэнд хариуцлага тооцъё

Шинэ коронавирусийн халдварын тухай Эрүүл мэндийн яамны ээлжид мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Бельги улсаас Монгол улсад ирсэн Ховд аймгийн иргэнээс ковид-19-ийн халдвар илрээгүй, түүнтэй ойрын хавьталд байсан 15 иргэнээс халдвар илрээгүй тухай хэлсэн.
Гэвч өчигдөр /2020.05.01/ шөнийн 11:00 цагийн үед Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб хуралдаж дөрвөн чиглэлд постууд гарч тус аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хаасан нь иргэдэд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад эргэлзээг төрүүлсэн билээ. Тиймдээ ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Эрүүл мэндийн яамны мэдээллийг хүлээлгүй, эх сурвалжийн өгсөн мэдээлэлд тулгуурлаж, сошиал сувгуудаар иргэдэд ташаа мэдээлэл түгээсэн нь шүүмжлэлд өртcөн.
БЕЛЬГИ УЛСААС ИРСЭН ХОВД АЙМГИЙН ИРГЭН ВИРУСИЙН ХАЛДВАР АВСНАА НУУЖЭЭ
Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ:
"Ховд аймгийн иргэн Д, Бельги улсад байхдаа коронавирусийн халдвар авчихаад тэндээ эмчлэгдээд ч юм уу, ямар ч байсан эдгэрээд ирсэн байна. Тэр үед манайд хөл хорионы хүнд дэглэмд шилжээгүй байсан учраас улсын хилээр нэвтэрсэн иргэн бүрийг шинжилж чадаагүй. Тухайн иргэн ирснээсээ хойш 14 хоног гэрийн хорионд байсан. Энэ хугацаанд бид тухайн иргэнийг зайнаас хянаж байсан.
Тухайн хүн Бельгид байхдаа коронавирусээр өвчилж байсныгаа анх орж ирэхдээ бидэнд хэлэлгүй нуугаад ирсэн байсан. Тиймээс бид тухайн хүнийг коронавирусээр өвчлөөд эдгэрсэн байсныг нь илрүүллээ. Гэвч тус иргэн гэрийн хөл хорионд хоёр дүүгийнхээ хамт байхад нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Ойр орчимд уулзсан арван хэдэн хүний нэр ус гарсан. Тэдний шинжилгээ ч мөн сөрөг гарсан. Хэрэв тухайн иргэн вирустэй байсан бол 50 гаруй хоногийн хугацаанд манай улсад хэдийн тархах байсан”
НЭГ ИРГЭНЭЭС НЭГ ҮНДЭСТЭН МӨХӨХӨД ОЙРХОН БАЙЛАА
Гэвч үүнд нэг л зүйл анхаарал татаж байна. Ташаа мэдээллийг нийгэмд түгээсэн хэвлэл, эсвэл халдвар авсан иргэнийг таниагүй өдийг хүрсэн ЭМЯ бус ХАЛДВАР АВСНАА ӨДИЙГ ХҮРТЭЛ НУУГААД ИРСЭН ИРГЭНД ЮУ БОДОГДОЖ БАЙГАА БОЛ? БНХАУ-д халдвар голомтлон тархсан цагаас эхлэн бид эх орондоо энэ аюултай вирусийг оруулахгүй гэж бүгд л хичээж байна. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс шаардлагатай арга хэмжээг авсны ачаар бид өнөөдөр гэр гэртээ хайртай хүмүүсийнхэээ хамтаар амар тайван амьдарч буй. Гэтэл гадаад улсын иргэн ч бус, Монгол улсын иргэн өөрийгөө, гэр бүлээ, эх орноо аймшигтай том эрсдэлд орууллаа.
Вирусийг хяналтаасаа алдсан улс орнуудад юу тохиолдоод буйг бид өнөөдөр олныг харсан. Иймд энэ мэт аминчхан үзлээсээ болж нийгмийг, улсыг аюулд оруулсан Ховд аймгийн иргэнд хариуцлага тооцъё.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.