ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусээс бус цэнгээний газар хэсэгчдээс эмээх цаг иржээ

Дэлхий дахины 215 улсын 230 гаруй мянган хүний амь насыг авч одсон COVID-19-ийн халдвараас иргэдээ хамгаалах үүднээс хотын дарга С.Амарсайхан бүх төрлийн баар, соёл урлагийн газар, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоогоод байсан. Энэ нь ч нүдээ олсон ухаалаг шийдвэрүүдийн нэг байв.

Гэвч тэрээр уржигдар /2020.05.01/ архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээж, ажиллах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан. Харамсалтай нь боловсрол олгох тэнхимийн сургалтыг нээгээгүй атлаа, баар цэнгээний газрыг урьтаж нээсэнд нь иргэд багагүй шүүмжлэлтэй хандсан билээ. Тэгэх нь ч ойлгомжтой. Хамгийн гол нь эл шийдвэрийн гороор бидний өнөөдрийг хүртэл гаргасан хичээл зүтгэл салхинд хийсэхэд ойрхон байгааг сануулъя.

Хүн тус бүр 1.5-аас 2 метрийн зайг баримтлах гэсэн коронавирусийн дүрэм цаасан дээр үлдэж, баар саваар үйлчлүүлэх залуус язганаж байгааг онцлох нь зүйтэй болов уу. Амны хаалтыг бүр дурдаад ч хэрэггүй.

Коронавирусээс эмээж дэлхий сөгдөн чичирч байхад, бид хийсэн бүтээснээ энэ мэт ухаангүй шийдвэрээр баллуурдаж буй нь хэр зөв бэ? Баар цэнгээний газрыг хааж, хүнсний дэлгүүрийг 22:00 хүртэл ажиллуулах шийдвэрийг гаргаснаар олон гэр бүл архигүй, басхүү үрс нь жаргалтай тайван аж төрж байв. Энэ хугацаанд гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийлэл буурч, эрүүлжүүлэх байрууд ч нам жим байсныг холбогдох хүмүүс хэлж байсан билээ.

Бид өдгөө коронавирусээс бус баар, цэнгээний газраар хэсэгчдээс эмээх цаг ирээд байна. Тэдгээр залуус айл бүрт амьдарч байгаа гэж бодвол, коронавирусийн халдвар тархах нь цаг хугацааны л асуудал болж үлдэв. Цагдаагийн байгууллагынхан цэнгээний газарт цугласан хөлчүү залуусыг цагт нь тараахын тулд шөнөжин ажиллаж байна. Хотын дарга С.Амарсайхан гаргасан шийдвэрээ ахин нэг харж, дахин нэг тунгаагаасай билээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button