ДЭЛХИЙЭнтертайнмент

COVID-19| Оддын амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ

Дэлхий дахинд ковид-19 вирусийн халдвар голомтлон тархаж, улс орнуудад өндөржүүлсэн хөл хорио тогтоосноор хүн бүрийн амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөөр байгаа билээ. Энэ хугацаанд хүмүүс өөртэйгөө тулж ажиллах, гэрээсээ ажиллахын давуу болон сул талыг төдий хэмжээгээр мэдэрсэн нь лавтай. Ялангуяа Америк болон Европын орнуудаар коронавирусийн халдвар, нөхцөл байдал хурцадмал байдалд ороод буй. Тэгвэл энэ хугацаанд Холливуудын одууд болон олны танил эрхмүүдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё.

ХИЛАРИ ДАФФ ҮСЭЭ ЦЭНХЭР БОЛГОВ

2015 онд “Sparks” хит дуугаа гаргаснаас хойш хувийн амьдралдаа илүүтэй анхаарч, урлагаас нэгэн үе хөндийрөөд байсан дуучин, жүжигчин бүсгүй үсээ дахин цэнхэр өнгөөр будуулжээ. Тэрээр тухайн уран бүтээл дээрээ ч мөн цэнхэр үстэйгээр гарч ирсэн байдаг. Энэ тухайгаа MTV телевизэд өгсөн ярилцлагатаа “Би үсээ яагаад цэнхэр өнгөтэй болгосноо өөрөө ч сайн мэдэхгүй байна. Үүнийг тайлбарлах үг алга” хэмээсэн байдаг. Магадгүй та үсэндээ шинэчлэл хийж, өөрөөр будуулахыг хүсвэл тохиромжтой цаг нь ОДОО байж мэдэх юм.

ТОМ ХЭНКС ҮСЭЭ ХУСУУЛЖ, ХАЛЗАН БОЛЖЭЭ

Академийн шагналт жүжигчин Том Хэнкс Автралид байх үедээ эхнэр Рита Вилсоны хамт коронавирусээр өвчилсөн. Тэдний биеийн байдал хэдийгээр тогтворжсон ч өнөөг хүртэл гэрийн хөл хорионд байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон “Saturday Night Live” нэвтрүүлэгт гэрээсээ шууд лайваар оролцжээ. Тухайн нэвтрүүлэгт жүжигчин маань гал тогооны өрөөндөө, үсээ халзан болгож, нүдний шил зүүж оролцсон байна. Тэрбээр үүнийгээ киноны дүрдээ зориулсан хэмээн тайлбарласан ч яг одоогийн төрх нь түүнд маш их таалагдаж буйгаа ч илэрхийлжээ. Мөн хөл хорионы үед толгойд тань орсон галзуу санааг зоригтойгоор хэрэгжүүлж үзээрэй хэмээн шүтэн бишрэгчиддээ зөвлөсөн юм.

ДИЖЕЙ ХАЛИДИЙН ҮС САХАЛ НЬ БУУРАЛТАВ

Алдарт дижей Халид инстаграм хуудсандаа оруулсан зурагт түүний сахал нь бууралтаж, замбараагүй хэлбэртэй болсон байв. Үүнийг харсан шүтэн бишрэгчид нь түүнийг үс сахлаа засуулж, хэлбэржүүлэн өнгийг нь сэргээх хэрэгтэй гэж зөвлөжээ. Дижей залуу хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрүүл мэндийн байгууллагынханд санаа нь их зовж байгаа төдийгүй өөрийн сангаараа дамжуулан Нью-Йорк болон Миами хотын эмнэлэгт 10.000 хамгаалах хувцас хэрэглэл, амны хаалт хандивласан тухайгаа хэлсэн байна. Тэрбээр удахгүй шинэ дүр төрхтэйгээр эргэн ирнэ гэдгээ шүтэн бишрэгчиддээ амлажээ.

КЕЛЛИ КЛАРКСОН НҮҮРЭЭ БУДАХААС ТАТГАЛЗАВ

Дуучин Келли Кларксон бусад уран бүтээлчээс ялгарах онцлогуудын нэг нь илүү энгийн амьдрахыг чухалчилдаг. Хувцас, гадаад төрхөндөө ч мөн эрс өөрчлөлт хийлгүй, илүү тухтай байдлаар хувцаслах дуртайгаа хэлсэн байдаг. Тэрбээр хөл хорионы хугацаанд нүүрээ огт будаагүй бөгөөд өдрийн ихэнх хугацааг угаалгын өрөөндөө өнгөрүүлж буй тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчиддээ хэлжээ. Түүгээр ч зогсохгүй дуучин бүсгүй хөл хорионы хугацаанд “I Dare You” хэмээх шинэ уран бүтээлээ гаргаад амжсан билээ. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ “Хөл хорионы хугацаанд би дотоод хүнтэйгээ илүү сайн ярилцаж, уран бүтээлдээ түлхүү анхаарч байна. Магадгүй ковид-19-ийн энэ үед шинэ уран бүтээлээ шүтэн бишрэгчиддээ хуваалцах хэрэгтэй гэж бодож байна” хэмээжээ.

РАЙН РЕЙНОЛЬДС ЭХНЭРИЙН ХАМТ ҮСЭЭ ЗАСУУЛАХ МӨНГӨӨ ХЭМНЭЖ, ХАНДИВ ӨГӨХИЙГ ИЛҮҮД ҮЗЖЭЭ

Алдарт жүжигчин Райн Рейнольдс болон түүний гэргий Блейк Лайвли нар Холливуудын хамгийн үлгэр жишээ, төгс хосуудын нэгээр нэглэгддэг. Тэр ч утгаараа тэд хөл хорионы үеэр аль болох сул зардал гаргахгүйгээр, түүнд зарцуулагдах мөнгөө хандивлахыг илүүд үзжээ. Тэрбээр “The Late Show with Stephen Colbert”-д өгсөн ярилцлагадаа “Эхнэр бид хоёр коронавирусийн цар тахалтай энэ үед аль болох сул зардлаа танаж, улсдаа хандивлахыг хүсэж байна. Вирусийг биш уриалгыг түгээе” хэмээжээ. Тэд өнгөрсөн гуравдугаар сард эх орондоо нэг сая америк доллар хандивласан юм.

ЖЕННИФЕР ЛААВ ХЬЮИТТ ҮСЭЭ ЯГААН БОЛГОЖЭЭ

Жүжигчин Женнифер Лаав Хьюитт хөл хорионд байх хугацаандаа үсээ ягаан өнгөөр будуулсан байна. Тэрээр өнгөрсөн Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-нд инстаграм хуудсандаа энэ талаар “Энэ хугацаанд би өмнө нь хийхийг хүсэж байсан ч, хараахан зориглоогүй олон зүйлсийг хийж байна. Хүмүүс магадгүй үүнийг хараад шоглож магадгүй ч ингээд ч хамаагүй хүмүүсийг аз жаргалтай байлгаж чадвал хангалттай” хэмээжээ.

КАЙЛИ ЖЕННЕР НАТУРАЛ ТӨРХИЙГ ИЛҮҮД ҮЗЭВ

“The Keeping Up With Kardashians” шоугаар олонд танигдсан Кардашяны гэр бүлийн отгон охин, гоо сайхны салбарт толгой цохиж буй “Kylie Cosmetics” брэндийн үүсгэн байгуулагч, хамгийн залуу тэрбумтны нэг Кайли Женнер хөл хорионы энэ хугацаанд нүүрний будгаас татгалзаж, натурал байхыг илүүд үзжээ. Тэрбээр энэ хугацаанд үс, нүүр болон хумсандаа амралт өгч буйгаа инстаграм хуудсаараа дамжуулан хэлсэн. Нээрэн ч тэрээр сүүлийн үед инстаграмдаа маш энгийн натурал төрх бүхий зургуудыг хуваалцах болсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: www.nickiswift.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button