"COVID-19”-тэй хүн хэрэглэхэд гэрэлтдэг ухаалаг амны хаалт бүтээжээ

Био инженер Жим Коллинс болон түүний багийнхан коронавирусийн халдвар авсан хүн амьсгалах, ханиалгах,найтаах үед гэрэл асаж, дохио өгдөг амны хаалт зохион бүтээжээ.
Уг амны хаалт нь эмч нарт өвчтөнүүдийг ямар нэгэн шинжилгээнд хамруулалгүй оношлоход нь туслах ач тустай гэнэ. Мөн уг амны хаалтын тусламжтай нисэх онгоцны буудал, оффис болон бусад олон нийтийн газруудад вирус тархахаас сэргийлж, халдвар авсан өвчтөнийг илрүүлэхэд тус болох ажээ.

Коллинс “Транзит нислэгийг нээж байгаатай холбогдуулан нисэх онгоцны буудал болон түүгээр дамжин өнгөрөх, нисэх онгоц доторх аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Хүмүүс энэхүү ухаалаг амны хаалтыг ажил руугаа эсвэл гэртээ харих замдаа хэрэглэж болно. Эмнэлгүүдийн хувьд уг амны хаалтыг хүлээлгийн өрөөнд хүлээх эсвэл оношлогоо хийлгүүлэхээр ирсэн өвчтөнүүд халдвар авсан эсэхээс үл хамааран хэрэглэхэд тохиромжтой” гэж Коллинс “Business Insider”-т өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Өдгөө олон улс орон шинж тэмдэгтэй болон шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг бүгдийг шинжилгээнд хамруулах ажилд ханцуй шамлан орж байгаа билээ. Гэсэн хэдий ч богино хугацаанд оношлох, үр дүнтэй оношлуурыг зохион бүтээх нь хүн төрөлхтний өмнө тулгараад буй томоохон сорилт болоод байгаа юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар зарим оношлуур вирусийн халдварыг сөрөг эсвэл эерэг гэж янз бүрээр тодорхойлж байгаа нь асуудал үүсгээд байна. Энэ нь эрүүл мэндийн салбарынхны үйл ажиллагаанд хор хөнөөл учруулж байгаа юм.

Коллинс 2014 оноос хойш цуврал бүтээлүүдийнхээ ажлыг эхлүүлсэн бөгөөд түүний гол зорилго нь вирус эсвэл тахлыг хугацаа алдалгүй, яг үнэн бодитоор илрүүлэх явдал юм. Түүний багийнхан лабораторийн шатанд Эбола вирусийг илрүүлэх мэдрэгчтэй технологийг зохион бүтээх ажлыг хийж байжээ. Харвард болон Мэдээлэл Технологийн их сургуулиуд тэдний ажлын үйл явцыг 2016 онд нийтэлж байв. Тэр үеэс хойш Коллинс болон түүний багийнхан тухайн технологийн дизайныг шинэчлэн, шумуулаас дамжин вирусийн халдвар авч болох Зика вирусийг илрүүлэгчийг зохион бүтээсэн байна. 2018 онд вирус таних технологийн тусламжтай SARS, ханиад томуу, улаан бурхан, "C” вирус болон бусад төрлийн өвчин үүсгэгчийг илрүүлж байв.
Дээрх технологийг илүү боловсронгуй болгож, коронавирусийг илрүүлэх амны хаалт зохион бүтээх ажлыг хариуцан хийж байгаа юм байна. Био инженерийн багийнхан бүтээлийн эхний үе шатанд явж байгаа бөгөөд үр дүнтэй байгаа аж. Уг амны хаалт дээрх мэдрэгчийг ажиллуулахад амьсгалын тоосонцрын чийгшил (шүлс) болон вирусийн генийн дэс дараалал маш чухал гэнэ.
Одоогоор лабораторид маскны дотор мэдрэгчийг суурилуулах, модулийг шинэчлэх, амны хаалтад харилцан үйлчлэл үзүүлэх ажлууд дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Вирусийг таних технологи нэгэнт хэрэглээнд нэвтрэх үед коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг богино хугацаанд илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн хуванцар болон хувцсан дээр туршиж үзэхэд үр дүнтэй байжээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: elitereaders.com












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.