ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

ВАКЦИНЫ СУРАГ ХЭЗЭЭ ДУУЛДАХ ВЭ: Есдүгээр сард 300 сая доз вакцин АНУ-д нийлүүлэгдэнэ

Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 вирусийн халдвараар нас барах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Цар тахал нэг орноос нөгөө оронд голомтлон тархаж, зарим газар халдварын хоёр дахь давлагаа эхэлсээр өнөөдөр тус халдвараар хэдэн сая хүн өвчиллөө.

Коронавирус хэдийгээр эмчлэгдэж байгаа ч шинж тэмдэггүй, балархай тохиолдлууд элбэг тааралдаж буй нь асуудал дагуулж байгаа. Ялангуяа БНХАУ-д бүртгэгдсэн сүүлийн тохиолдлууд бүгд шинж тэмдэггүй хэлбэрээр халдвар тээгч хүмүүс байсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Түүнчлэн эдгэж, эмнэлгээс гарсан хүмүүст дархлаа тогтолгүй, дахин халдвар авсан тохиолдлууд улс орнуудад гарч байгаа юм.

Ингэхээр Covid-19 гэдэг дайнд ялах хамгийн үр дүнтэй арга нь аль болох хурдан хугацаанд вакцин үйлдвэрлэж, эмчилгээнд нэвтрүүлэх юм гэж эрдэмтэд үзэх боллоо.

Imperial College London to lead major coronavirus home testing ...

Одоогоор коронавирусийн халуун голомт Бразил улсад ид явагдаж байна. Харин тус улсын тухайд, өөрийн орны иргэдээ вакцины туршилтад хамруулахыг зөвшөөрсөн юм. Үүнийгээ бөмбөрцөг даяар зарласан. Иймд нэгэнт амьд хүн дээр вакцин туршиж болохгүй байсан дэлхийн томоохон компаниуд ийш шуурч, зарим нь энэ есдүгээр сар гэхэд вакцин гаргана хэмээн амлаж эхлээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ талбарт анхдагч болохыг ихээхэн санаархаж байгаа юм. Тийм ч учраас өмнө нь нэг хүнд турршилтын вакцин хийгээд амжсан. Тэгвэл Бразиль дээрх мэдэгдлийг хийсний дараа тэр хамгийн ойрын хугацаанд батлагдсан вакцин үйлдвэрлэж чадах таван компанийг шууд нэрлэсэн билээ. Үүнд нь:

  • Moderna Inc
  • AstraZeneca Plc
  • Pfizer Inc
  • Johnson & Johnson
  • Merck & Co Inc компаниуд багтсан юм.

Indianexpress сайтад мэдээлснээр, одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 120 газар Covid-19-ийн вакцины туршилт, судалгаа хийгдэж буй. Тэдний дор хаяж 10 нь амьд хүн дээр туршигдах шатандаа шилжээд байна. Энэтхэг улсын тухайд 14 компани вакцины судалгаан дээр ажиллаж буйгаас дөрөв нь ойрын 3-5 сард хүн дээр туршиж эхлэх гэнэ.

Харин Дональд Трампын нэрлэсэн дээрх таван компанийн тухайд аль болох түргэн батлагдсан вакциныг гаргах үүрэг хүлээж, АНУ-н засгийн газраас шаардлагатай санхүүжилтийг авах тохироо хийгдсэн юм. Ингээд 100-150 мянган сайн дурын хүмүүсийг цуглуулж, туршилтад хамруулахаар төлөвлөж байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, хамгийн түрүүнд Moderna Inc болон Оксфордын их сургууль, AstraZeneca Plc компанийн хамтарсан судалгааны вакцин хүн дээр туршигдаж эхлэх магадлалтай гэнэ. Харин АНУ-ын засгийн газар долоодугаар сарын дунд үе гэхэд хүн туршилтыг эхлүүлэхээр тооцсон байгаа.

AstraZeneca Plc компанийн тухайд есдүгээр сар гэхэд АНУ-д 300 сая, Их Британд 100 сая доз вакцин нийлүүлэх тохироо хийгээд байна.

Оксфордын их сургуулийн AstraZeneca Plc компанитай хамтарч анхны 2-р фазын вакциныг бүтээсэн гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн юм. Шинээр вакцин бүтээх ажил нь гурван фазын шатыг дамжих ёстой. Харин 2-р фазын шатанд тухайн вакциныг хүн дээр туршиж эхэлдэг аж. Ийм учраас тус хамтралын вакциныг Бразиль улс туршихыг зөвшөөрч буйгаа албан ёсоор илэрхийлсэн нь дээр дурдсанаар вакцин үйлдвэрлэгч компаниудыг идэвхжүүлээд байна.

AstraZeneca Signs an Agreement with Gatehouse Bio to Identify New ...

Харин халдвар анхлан дэгдсэн БНХАУ-ын тухайд одоогоос 2-3 сарын өмнө, дөрөвдүгээр сард вакциныг хүн дээр туршина гэж мэдэгдэж байсан билээ. Тэдний хувьд туршилт, судалгааны ажил нь дэлхийн хэвлэл мэдээллээс харьцангуй далд хэлбэрт явагдаж байгаа. Тавдугаар сарын эхээр Japantimes сонин, БНХАУ-д таван төрлийн коронавирусийн вакцин хүн дээр туршигдаж эхэлсэн хэмээн мэдээлж байв. Ийм ч учраас вакцины төлөөх марафонд АНУ, БНХАУ хоёрыг харьцуулан хэлэлцэх нь олонтаа болсон юм.

Иймд АНУ, Их Британи орнууд хийгдсэн гэрээний дагуу энэ оны есдүгээр сард эхний вакцинуудтай золгох нь. Харин бусад оронд долоо, наймдугаар сард хүн туршилтын ажлаа эхлүүлнэ хэмээж буй тул арав, арваннэгдүгээр сар буюу ямартай ч 2020 он дуусахаас өмнө гэсэн найдлага хүлээж байгаа юм.

Х.ЭРХЭС

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button