ДЭЛХИЙСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

АНУ: 2020 оны хоёрдугаар хагаст эдийн засаг сэргэх төлөвтэй байна

-БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 2022 ОН ХҮРТЭЛ 0 ТҮВШИНД БАРИНА-

Цар тахлын улмаас эдийн засагт үүссэн уналтыг сэргээх зорилгоор АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 2022 он хүртэл 0 түвшинд барих бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.  

Холбооны нөөцийн сан өнгөрөгч гуравдугаар сарын эхээр бодлогын хүүгээ 0-0.25 хувь болгож бууруулсан. 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралын үеэр Төв банк бодлогын хүүгээ ийм түвшинд хүргэж байсан. Төв банкны бодлогын хүү нь эдийн засгийн гол хүч болох жижиг, дунд бизнесүүд болон дийлэнх харилцагчдын хувьд богино хугацааны зээлийн эх үүсвэрийн суурь болж өгдөг.   

Холбооны нөөцийн сангийн захирал Жером Пауэлл лхагва гарагт /2020.06.10/ “Бид Төв банкны бодлогын хүүг өсгөх талаар огт бодохгүй байна. Бүр бодлогын хүүг өсгөх талаар эргэцүүлэхийг ч хүсэхгүй байгаа. Бидний бодож байгаа цорын ганц зүйл бол эдийн засагт хэрхэн дэмжлэг үзүүлэх асуудал юм. Үүнд цаг хугацаа шаардлагатай гэдгийг ч бид мэдэж байгаа” гэжээ. АНУ-ын Төв банкны удирдлагууд өнгөрөгч дөрөвдүгээр сард “Эдийн засгийн ойрын болон хэтийн төлөвийг сайтар ажиглан, ажил эрхлэлт, үнийн тогтвортой байдлыг боломжит дээд хэмжээнд хүргэх зорилго биелсэн эсэхэд бүрэн итгэлтэй болсон цагт бодлогын хүүг дахин зохистой түвшинд нэмэгдүүлэх болно” гэж мэдэгдсэн.

-2021 ОНД ЭДИЙН ЗАСАГ 5 ХУВИАР ӨСНӨ-

Түүнчлэн Холбооны нөөцийн сангийн мэргэжилтнүүд лхагва гарагт /2020.06.10/ АНУ-ын эдийн засаг 2020 онд 6.5 хувиар агших таамаг бүхий судалгааг танилцуулжээ. Тайланд цар тахлын улмаас тус улсын түүхэнд байгаагүй олон тооны үйлдвэр, компани, бизнесүүд нэгэн зэрэг үүд хаалгаа барьсан нь эдийн засгийн суурь үзүүлэлтүүд унах гол шалтгаан болсон тэмдэглэжээ.

Мөн тус улсын эдийн засаг 2021 онд 5 хувь, 2022 онд 3.5 хувийн өсөлттэй байх урьдчилсан таамаг дэвшүүлсэн байна. Гэсэн ч судлаачид ирэх хоёр жилд эерэг өсөлт гарах энэхүү төсөөлөл нь АНУ-ын эдийн засгийн урт хугацааны чиг хандлагаас хамаагүй өндөр өсөлттэй, хэт эерэг таамаг байна гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Эдийн засгийн хэтийн төлөвийн судалгааны тайланд тусгагдсан онцлох мэдээллүүдийг түүвэрлэвэл:

  • ХНС-гийн бодлогын хүүг 2022 он хүртэл 0-0.25 хувьд барих;
  • Урт хугацааны хүүг 2.5 хувьд тогтоох;
  • АНУ-ын ДНБ-ий өсөлт 2020 онд 6.5 хувь агших;
  • 2021 онд 5 хувь, 2022 онд 3.5 хувь, 2023 онд 1.8 хувиар тус тус өснө;
  • Ажилгүйдлийн түвшин 2020 онд 9.3 хувь, 2021 онд 6.5 хувь, 2022 онд 5.5 хувь, 2023 онд 4.1 хувь болж тасралтгүй буурна;
  • Суурь инфляц 2020 онд 0.8 хувь, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 1.7 хувь 2023 онд 2 хувь болж тасралтгүй өснө;
  • Харин үндсэн инфляц 2020 онд 1 хувь, 2021 онд 1.5 хувь, 2022 онд 1.7 хувь байна гэжээ.

Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хороо энэ сарын 9-10-ны өдрүүдэд хуралдсан. Хурлын төгсгөлд гаргасан албан ёсны мэдэгдэлд АНУ-ын мужууд хөл хориог үе шаттай цуцалж, бизнесүүд эргээд хэвийн үйл ажиллагаанд шилжиж эхэлснээр өнгөрөгч гурав, дөрөвдүгээр саруудад түүхэн хамгийн дээд хэмжээнд очоод байсан ажилгүйдлийн түвшин өнгөрөгч сард түүхэнд байгаагүй хэмжээгээр буурсан эерэг үзүүлэлттэй гарсан талаар дурдсан юм.

АНУ-ын Төв банкны захирал Жером Пауэлл энэ талаар “Ерөнхий төлөвийг харахад 2020 оны хоёрдугаар хагаст эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа. Цаашлаад 2021, 2022 онуудад өсөлт үргэлжлэх урьдчилсан таамаг бий. Тиймээс Холбооны нөөцийн сан энэ хугацаанд бодлогын хүүгээ одоогийн тэг түвшинд нь барих замаар эдийн засагт гарч буй эерэг өсөлтийг дэмжих болно” гэжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cnbc.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button