“Хар үхэл” коронавирусээс дутахгүй дэлхийг айлгаж, ХАРИН БИД үл тоосоор
Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвар дуулиан тарьж, нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт, гарз хохирлуудыг дагууллаа. Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард тус вирусийн анхны тохиолдлуудыг илрүүлснээс хойш хагас жилээс илүү хугацааг дэлхий “Covid-19”-тэй өнгөрүүлж байна.
Асуудал манай улсыг ч тойроогүй, нэгдүгээр сарын сүүлээс эхлэн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрсдийн хэмжээнд авч хэрэгжүүлсээр өдий хүрэв. Тэгвэл энэ долоодугаар сарын эхээр Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваган тахлаар өөд боллоо. Үүнээс хойш Ховд аймагт 27 настай нэг иргэн мөн тус халдвараар өвчилсөн нь тогтоогдож, тусгаарлагдан эмчлүүлж буй. Эл иргэн цөөнгүй тооны хүнтэй ойр хавьтсаныг албаны хүмүүс илрүүлсэн. Өөрөөр хэлбэл бас нэгэн тахал дэгдэх эрсдэл үүссэн гэсэн үг. Харин монголчууд тун тайван байна.
Мэрэгч амьтдаас хүнд халддаг, Y.Pestis бактераар үүсгэгддэг гоц тус гоц халдварт өвчнийг бид “тарваган тахал” гэж нэрийддэг. Угтаа зөвхөн тарваганаас бус туулай, хулгана, харх, зурам гэхчлэн мэрэгч төрлийн бүх амьтад Y.Pestis-ийг тээж явах эрсдэлтэй. Монголчуудын хувьд ардын дом эмчилгээнд болон хүнсний зорилгоор тарваганы махыг түлхүү хэрэглэдэг нь тус халдварт өвчнийг ийн нэрийдэх шалтгаан болсон.

Үйл явдлыг гаднын хэвлэлүүд сэргэг мэдэрч, мэдээлсээр байгааг цахим орчноос харж болно. BBC, CNN тэргүүтэй томоохон агентлагууд Монгол Улсад тарваган тахлаар хүн нас барж, хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн талаар онцлон мэдээлж, холбогдох мэргэжлийн хүмүүсээс тодруулга авч байна. Үүнийг нь дэлхий мэдрэг хүлээн авч, коронавирусийн хажуугаар бас нэгэн тахал Монголоос дэгдэх вий гэсэн сэжиг таамаг тээж байх шиг харагдана.
Дундад зууны үед Англи улсад хархнаас хүнд тарваган тахал дамжиж, олон сая хүн амь насаа алдсан. Иймд “хар үхэл” гэдэг нэрээр түүхэнд мөнхөрсөн билээ. Тухайн үед анагаах ухаан антибиотикийг олж нээгээгүй байсан тул бактераар үүсгэгдсэн тус халдварын эмчлэх аргаа олоогүй, хүчин мөхөстсөн. Монголчууд ч дээхэн үед тарваган тахал туссан хүнийг гэртэй нь хамт шатаадаг байсан тухай өөр зуураа ярилцдаг.
CNN агентлаг Лондонгийн их сургуулийн профессор Майк Лийдээс манай улсад тарваган тахлын шинэ тохиолдлууд бүртгэгдэж буй сэдвээр байр суурь сонсоход, “Өнөөдрийн анагаах ухаан тарваган тахлыг бүрэн эдгээж, эмчлэх чадвартай болсон. Тэгсэн ч жил бүр 2000-3000 хүн тус халдвараар өвчилдгийг ДЭМБ тогтоосон. Эмчлэгдэх болон дархлаа тогтох хугацаа урт. Одоогоор Монголд бүртгэгдсэн тохиолдлуудаас үүдэн дэлхийн хэмжээнд тахал болж дэгдэх эрсдэл харагдахгүй байна. Гэсэн ч улс орнууд нягт, сэргэг хамтран ажиллаж, халдвар дэгдэлтийг таслан зогсоох хэрэгтэй” гэж ярьжээ.
Биднийг коронавируст анхаарлаа хандуулж, тарваган тахлыг дадал дасал болсон хандлагаар үл тоож байхад хооронд мэрэгч амьтдаар дамжин шинэ асуудалтай нүүр тулах эрсдэл үүсээд байна. Уг асуудлаар гурван өдрийн өмнө Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан харьяа байгууллагуудтай хамтран шуурхай хуралдаж, бэлэн байдлыг хангах үүрэг өгсөн. Хамгийн гол нь хэрэв өргөн хүрээг хамран дэгдвэл коронавирусээс ч их хохирол дагуулж мэдэх тарваган тахлаас зөвхөн албаны хүмүүс биш, иргэд анхаарал болгоомжтой байх чухал байна. Нэгэнт агнах хориотой тарваганы махыг дурлаж идэх, эмчилгээ нэрийн дор эд эрхтнийг нь түүхийгээр залгих зэрэг болчимгүй үйлдлээс зайлсхийгээрэй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bitii surjigne lalraa
бөөн стресс. өөрт чинь муж